Монголчуудын хариуцлагатай байх үе эхэлж байна!

Хуучирсан мэдээ: 2020.02.24-нд нийтлэгдсэн

Монголчуудын хариуцлагатай байх үе эхэлж байна!

Монголчуудын хариуцлагатай байх үе эхэлж байна!

2020.02.24 09.00 цаг

  • Хөдөө суух нагацтайгаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхээр холбогдов. Түүний хувьд нас өндөр учир шинийн нэгэнд зочин ихтэй байдаг. Харин энэ жил Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан учраас цахимаар мэнд мэдэхээр холбогдсон нь энэ. Утсаар залгаж, амар мэндийг нь эрээд, хол ойрын сонин дуулав. “Хөдөөгүүр бол золголт өргөн болж байна, манайд ч  одоо зочинтой байна, удахгүй бас хэд хэдэн зочид ирэх гэнэ, зээ охиноороо гал тогоогоо бариулаад зав муутай суугаагаа дуулгаж” бидний яриа өндөрлөв.

2020.02.24 09.40 цаг

  • Мөн л хөдөө мал маллан амьдардаг хамаатны мэндийг цахимаар мэдэхээр утас цохив. Түүний хувьд хоёр хүүхэдтэйгээ айл хэсч яваа учир утасны сүлжээ нь муу, хам хум ярилцаад өнгөрөв. Ямар ч гэсэн тэднийх Цагаан сараа тэмдэглэж, айл хэсч яваа бололтой.

Дэлхий нийтийг айдаст автуулаад буй “Covid-19”/шинэ коронавирус/-ын халдвар монголчуудыг “айлгахгүй” байгаа бололтой хэмээн бодогдов. Нэг хүний хариуцлагагүй үйлдлээс болж ямар том эрсдэл учирдгийг БНСУ-ын жишээнээс харж болохоор байна. Тус улсад өнөөдөр халдвар авсан хүний тоо 763-т хүрчээ. Цаашид энэ тоо цаг минутаар хурдацтай нэмэгдэж, удахгүй 1200 хүрэх төлөвтэй байгааг албаныхан нь онцолжээ. Анхны халдвар тээгч нь шинжилгээ өгөхгүй зөрүүдэлж, олон газраар явсан учраас ийнхүү халдвар богино хугацаанд тархсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Яг энэ өдрүүдэд Монгол Улсад Цагаан сарын баярын өдрүүд үргэлжилж байна. Хэдийгээр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргаж, хөл хорио тогтоож өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ч иргэд дээлээ өмсөөд, машинаа хөлөглөн хаа сайгүй золголт хийсээр байна. Ялангуяа БНСУ-аас ирсэн иргэд хөдөө явах, айл хэсч эрсдэл учруулж байгааг албаныхан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм. Угтаа бол БНСУ-аас ирсэн иргэд өөрсдийгөө 14 хоног хорионд оруулж, маскаа хэрэглэж, хариуцлагатай байх үүрэгтэй. Гэвч ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Цагаан сарын өдрүүдэд эхэлж байна. Хөдөлгөөнийг тусгаарласан шийдвэрүүд онож гарсан, үүнийг иргэд биелүүлэх шаардлагатай. Өөрийгөө хамгаална гэдэг нь гэр бүлээ хамгаална гэсэн үг тул гаргасан зөвлөмжүүдийг биелүүлээрэй. Хариуцлагатай байх ид үе эхэлж байна. Өчигдрийн байдлаар хөл хөдөлгөөн ихтэй байсныг иргэд шүүмжилж байсан. Шийдвэрүүд гарсан байтал хөл хөдөлгөөн ихтэй байх нь хохирол авчирна. Нэг хүний аюул улс оронд ямар их хөнөөл тарьж байгаагаас харж байгаа байх. Баяраа голлож биш, хариуцлагатай үеэ голлох хэрэгтэй байна” гэдгийг сануулав. Өмнө нь Баян-Өлгий аймгийн иргэн БНХАУ-ын Эрээн, Бээжин хотоор зорчоод Монголд орж ирсэн хойноо таван ч аймаг дамнан зорчиж, түүний араас эрүүл мэндийн салбарынхан мөрдөн мөшгөхөөс аргагүйд хүрсэн бол хил хааж, хориг тавьсаар байхад Гашуун сухайтын боомтоор дамжин хил даваад, буцаж Монголд орж ирсэн хойноо Завхан аймаг руу явж, халуурахаараа эмнэлэгт хандан тусгаарлагдсан жишээ ч бас бий. Амь нас чухал гэдгийг ухамсарладаг бол тэд эрсдэлтэй бүсээр зорччихоод 40 хүнтэй автобусаар явж, бусдыг эрсдэлд оруулан, араасаа асуудал дагуулахааргүй л байлаа. Нэг хүний ард эрүүл мэндийн салбар системээрээ цаг наргүй ажиллаж, өдий төдий зардал чирэгдэл учруулдаг гэдгийг мэддэг үү.

“Covid-19” зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байгааг албаныхан хэлж буй. Зөвхөн өмнөд хөршөөс орж ирэх иргэд, зөөвөрлөгдөх эрсдэлтэй байсан бол одоо монголчуудын хамгийн их зорчиж, ажиллаж, амьдардаг БНСУ энэ эрсдэлийг нэмэгдүүлж байгаа учраас бид аюулын харангын өмнө зогсч байна гэсэн үг.  Хэрэв бид нэг л алдвал, нэг л хүн хариуцлага алдвал гуравхан сая хүн амтай, түүнийх нь 60 хувь нь нийслэлдээ төвлөрч амьдарч байгаа монголчууд тахалд “нэрвэгдэх” эрсдэлийн өмнө зогсч байна. Аюулт тахлаас сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн салбар, онцгой, хил гааль чадлаараа л зүтгэцгээж байна. Цаг наргүй, гэр бүлгүй мэт энэ хэдэн өдрүүдийг туулж байна. Хэдий тэд өдөр шөнөгүй нойроо хугаслан зүтгэж байгаа ч иргэд эрсдэл бүрээс өөрийгөө хамгаалах л арга хэмжээ авахгүй бол зөвхөн тэдэнд бүгдийг даатгаад илрүүлэх ёстой, эмчлэх ёстой, хэд хоног хорьдог юм бэ гээд хүн бүр өөр, өөрийнхөөрөө аашилбал горим алдагдана.

Эрүүл мэндийн яам, эмч нар иргэдэд анхааруулж, сэрэмжлүүлгийг цаг алдалгүй хүргэсээр байгаа. Хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд нийслэлээс гарах хөдөлгөөний хааж, эрүүл мэндийн байгууллага шуурхай болон бусад холбогдох албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Одоо бидэн зөвхөн иргэний, хувь хүний хариуцлага, ухамсар маш чухал хэрэгтэй байна. Бид БНСУ-д халдвар тараасан иргэн шиг хариуцлага алдахгүйн тулд, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө яг одоо ХАРИУЦЛАГАТАЙ байж, аюулт тахлыг бид хамтдаа сөрж чадна.

Бид одоо л хэн хэн нь хариуцлагатай байх үе ирж байна, монголчууд нийтээрээ нэгнийхээ, нэг нь нийтийнхээ төлөө хариуцлагатай байх цаг энэ мөчид л ирж байна. Уламжлал, ёс жаягаа хүндэтгэх ч нэг удаадаа тэвчээд өнгөрөх ухамсар монголчуудад бийг сануулая.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж