БУРУУ АЛХАМ ХИЙВЭЛ ИНФЛЯЦИ ДАХИН “ГАЛЗУУРНА”
Улирлын тоймд эдийн засгийн бусад салбарын талаар хэд хэдэн чухал тоо, баримтыг онцолжээ. Тухайлбал, төсвийн байгууллагуудын санхүүгийн байдал өнгөрсөн жилийнхээс нэлээд сайжирсан байна. Энэ нь байгалийн баялгийн үнэ ханш тогтвортой өсч буйтай холбоотой аж. Гэхдээ төсвийн хүрээний мэдэгдлүүдэд сайныг дагасан саар зүйлүүд ч их бий. Ерөнхийдөө нэг талдаа эерэг дүр зураг ажиглагдавч төрийн оновчтой бодлого дутагдвал эргээд сөрөг үр дагавар гарах эрсдэл ч өндөр хэвээр байна. Жишээ нь, төсвийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч Засгийн газарт зарцуулалтаа хяналттай байлгах шахалт ч нэмэгдэж буй. Мөн УИХ энэ оны төсвийн тодотголыг батлахдаа төсвийн алдагдлыг ДНБ-ий 4.5 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэгдэнэ гэж тооцоолсон. Гэвч 2011-2013 оны дунд хугацааны төсвийн тооцооллоор 2011 онд ДНБ-тэй харьцах төсвийн зардал 12.1 хувиар өсөх тооцоо бас бий. Зардал өсөх гол шалтгааныг улс төрийн намуудын иргэн бүрт их хэмжээний бэлэн мөнгө тараах амлалттай шууд холбоотой гэж Дэлхийн банкны мэргэжилтнүүд үзжээ. Урьдны тайлангуудад ч эдийн засгийг сөхрүүлж буй инфляцийн өсөлтийн гол буруутнаар хавтгайрсан халамжийг нэрлэж байсан билээ. Ирээдүйд учрах эрсдэлийг эргэцүүлээгүйгээс үүдэлтэй улс төрийн намууд хийгээд Засгийн газрын уг шийдвэр богино хугацаанд том гай тарьсан учраас одоохондоо бага зэргийн өнгөлөн далдлалт хийгээд байгаа. Бэлнээр тараах мөнгөнийхөө хэмжээг багасгаж, хэлбэрийн хувьд харж үзэхээр болсон. Үүнийгээ манай төрийнхөн үнийн өсөлтийг нам дарсан өөрсдийнх нь гавьяа мэтээр тайлбарлаж буй. Үнэн хэрэгтээ нийгэм, улс төрийн идэвхтэй цаг дуусч, амралтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор өндөрт мацаж байсан үнэ түр ч болов саарч, олны анхаарал ондоо зүйлд төвлөрсөн нь тэднийг аварсан гэвэл илүү оновчтой тайлбар болно. Одоо ганцхан сарын дараа гэхэд л өнөө айхтар зүйлүүд оволзоод эхлэхийг үгүйсгэх газаргүй. Дэлхийн банкныхан ч инфляци дахин өсөх магадлал өндөр байгааг сануулсан байна. Бүр тодорхой хэлбэл, хэрэв намууд сонгуулийн амлалтаа заавал биелүүлэх гэж улайрах юм бол инфляци хурдтай өсч, макро эдийн засгийн эмзэг байдал нэмэгдэнэ гэжээ. Өнгөрсөн хугацаанд инфляци хурдтай өссөн өнгөн талын шалтгаанаар зуд турхан, мах, эрчим хүчний үнийн өсөлтийг нэрлэсэн ч хамгийн гол нөлөөний эзнээр нөгөө л намуудын амлалт гэсэн хоёрхон үг тодорсон хэвээрээ. Ер нь ирээдүйд уул уурхайн орлого тасралтгүй нэмэгдлээ ч инфляци оны эцэс гэхэд 20 хувь давах хандлагатай гэсэн таагүй мэдээг ч дуулгажээ.Ч.ДАШДЭЛЭГ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин