УОК: БНСУ-ын бүх нислэгүүдийг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2020.02.24-нд нийтлэгдсэн

УОК: БНСУ-ын бүх нислэгүүдийг цуцаллаа

УОК: БНСУ-ын бүх нислэгүүдийг цуцаллаа

НЭМЭЛТ:16.00 цаг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.02.24/ Улсын онцгой комисст БНСУ-тай хийж байгаа нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэлийг өгсний дагуу Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанд Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНСУ-ын нислэгийгмаргаашнаас эхлэн буюу хоёрдугаар сарын 25-ны өдрөөс ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаанд зогсоох, хязгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлснийг комисс хэлэлцэж, ирэх гуравдугаар сарын 2-ний өдрийг дуустал бүх нислэгийг цуцлах шийдвэр гаргасан байна.

ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ САЙД Б.ЭНХ-АМГАЛАН:

-БНСУ-д коронавирусийн халдвар богино хугацаанд тархаж долоон хүн нас барж, 833 хүн халдвар авсан. Монгол руу ирж байгаа эрсдэл өндөр байна гэж үзээд Улсын онцгой комисс өнөөдөр яаралтайгаар хуралдаж, Инчион болон Бусаны бүх нислэгийг гуравдугаар сарын 2-н хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Дамжин өнгөрч буй транзит зорчигчдыг Инчоны буудлаас авахаар зохицуулалтыг хийнэ. Дамжин өнгөрч буй транзит зорчигчдыг Инчоны буудлаас авахаар зохицуулалтыг хийлээ. Гуравдугаар сарын 2 хүртэл 18 нислэгийг зогсооно. Нийт 3668 хүн билет захиалсан. Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан. Халдварын тархалтыг газар авхуулахгүйн тулд халуунтай хүнийг онгоцоор зорчуулахгүй. Халдварын бүсээс зорчигч авахгүй байхыг онцгой анхааруулсан.

Онцлоход, БНСУ-аас ирэх 3668 зорчигч, Улаанбаатраас явах 2500 гаруй зорчигчийн билет захиалсан байсан нь ийнхүү цуцлагдаж байна. Эдгээр иргэдийн билет үнэгүй буцаах, эсвэл дараагийн удаа зорчихдоо билетээ ашиглах талаар авиа компаниудтай хэлцэл хийсэн.

Агаарын хөлөгт халуурсан хүнийг суулгахгүй, шалгалтуудаа нарийн явуулах чиглэл, халдварын бүсээс хүн тээвэрлэхгүй байх саналуудыг өмнө нь хэлсэн байсан.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ:

-Эрүүл мэндийн яам өдөр бүр мэдээлэл хийж байгаа. Бид өнөөдрийн байдлаар 143 тохиолдлыг тусгаарласан байгаа. Үүнээс гадна хөдөлгөөний хязгаарлалт хийх нь халдварыг сэргийлэх хамгийн гол арга зам гэж УОК-оос үзсэн. БНСУ-ын Ерөнхийлөгч бүх иргэдийн төлбөрийг дааж, оношилж эмчилнэ. Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам БНСУ дахь монголчуудад анхаарлаа хандуулан ажиллана. Бид урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгойлон анхаарч байна. Эрүүл мэндийн яам коронавирусийг хэрхэн оновчтой илрүүлж байна вэ гэдгийг иргэд ярьж байна. Япон улсаас оношоо давхар баталгаажуулах үүднээс уушгины хатгалгаагаар өвдсөн 60 хүнд оношлуураар үзэхэд амьсгалын замын цочмог халдвар болох нь батлагдсан.

БНСУ-ЫН ТАЛ МОНГОЛ ИРГЭДИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЭЖ, ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "БНСУ, Хятад улсад дипломат ажилтнууд байнгын жижүүр гаргаж, сэрэмжлүүлэх мэдээлэл, коронавирустай холбоотой мэдээлэл цаг минутаар өөрчлөгдөж байгаа учраас мэдээллийг шуурхай хүргэхээр ажиллаж байна. Солонгосын төр засагтай байнга холбоотой ажиллаж байгаа. Саяын шийдвэрүүдийг гаргахдаа ч Солонгосын талтай харилцаж шийдвэрлэсэн. Хамгийн гол нь бүс нутгийн улсууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. Зөвхөн нэг улсын дотоод байгууллага хамтраад зогсохгүй, бүс нутгийн улс орнууд хамтарч ажиллах зайлшгүй шаардлага үүсч байгаа бөгөөд өөрийн улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.  Израйл, Шинэ Зеланд улсууд хилийн хязгаарлалтаа хийж эхэлсэн. АНУ, Австрали иргэддээ БНСУ руу зорчихгүй байхыг анхааруулж байна. Солонгос улс руу зорчоод ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байгаа. Бид ярилцаж байгаад мөн ийм арга хэмжээ авна" гэдгийг онцоллоо.

Гадаад харилцааны яамнаас дипломат ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна. БНСУ дахь Элчин сайдын яам болон онгоцны буудал дээр Консулын ажилтнууд ажиллаж, иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэн ажиллахад анхаарч байна. БНСУ-ын төр засагтай харилцаа холбоотой ажиллаж байна гэдгийг Гадаад харилцааны яамны сайд мэдээллээ. Гадаад харилцааны яамнаас БНСУ дахь монгол иргэдэд анхаарал хандуулж, эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр ажиллана гэдгийг тодотголоо. Энэ хүрээнд БНСУ дахь монголчууд эмнэлэгийн тусламж авахад ямар нэгэн эмнэлгийн төлбөр авахгүй гэдгийг тус улсаас мэдэгджээ. БНСУ-ын визний асуудалтай холбогдуулан ТЭГҮ хотоос ирж буй иргэдэд болон зорчих иргэдэд түр хугацаанд виз олгохгүй. БНСУ-д визний зөрчилтэй иргэдийг тус улсаас ойлгож ажиллах зохицуулалт хийсэн, мөн гэрээт ажилчдын хугацааг 50 хүртэлх хоногоор сунгажээ.

АМРАЛТ СУВИЛЛЫН ГАЗРУУДЫГ ТУСГААРЛАХ БАЙР БОЛГОНО
Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар аймаг орон нутгийн Засаг дарга нарт шаардлагатай тохиолдолд амралт сувиллын газруудыг тусгаарлах байр болгох орчин нөхцлөөр хангах шийдвэр гаргалаа. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр ОБЕГ-ын Жаргалантын аманд байрлах сургалтын төвийг тусгаарлах байр болгож, Тэгү хотоос ирсэн 17 Монгол иргэнийг тусгаарлаад байна. Эдгээр иргэнийг халдварын голомтот бүс нутгаас ирсэн гэдэг утгаар түр хугацаанд эмчийн хяналтад байлгахаар болжээ. Одоогоор биеийн байдал нь сайн байгаа юм байна.
Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан Солонгос иргэний хоёр нь гилэнмаа, хоёр нь Монгол Улсад байнгын оршин суудаг юм байна. Тэдний шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа аж. Баярын өдрүүдэд хот хоорондын тээврийн хэрэгслийг бүрэн хязгаарласантай холбогдуулан Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө. Энэ үеэр төрийн алба хаагчдад үйлчилж буй тээврийн хэрэгслүүдийг камераар тусгайлан хянаж байгааг онцлов.
УЛААНБААТАР ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН:
-Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр баярын өдрүүдээр найман чиглэлд төрийн алба хаагчдад үйлчилгээ үзүүлж байгаа. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан. Тусгай үйлчилгээ үзүүлэх автобуснуудад камераар хяналт тавин ажиллаж байна. Баяр ёслолын өдрүүдээс хойш тээврийн хэрэгслүүд үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчдэд гар ариутгал болон халдвараас урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Мөн Нийслэлийн орох гарах 12 чиглэлд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Онцгой комиссын зөвшөөрлөөр зайлшгүй нэвтрэх шаардлагатай иргэдийг нэвтрүүлж байна. Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид орох гарах цэгүүдэд тандалт хяналт тавьж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хянаж байна. Мөн төрийн алба хаагчдыг гадаадын улс орнуудад зорчихгүй байх шийдвэрийг гарган хэрэгжүүлж байна.

НЭМЭЛТ: 14.00 ЦАГ

Улсын Онцгой комиссын дарга, шадар сайд Ө. Энхтүвшингээр ахлуулсан комисс хуралдаж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Улсын Онцгой комисс:

  • Шинэ коронвирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ
  • БНСУ дахь Монгол Улсын иргэдтэй холбоотой арга хэмжээ
  • БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийн асуудал болон нүүрс, газрын тосны тээвэрлэлтийн нөхцөл байдал
  • Экспортын зарим арга хэмжээ
  • Цагаан сарын өдрүүдээр автозам хязгаарласан арга хэмжээнүүдийг хэлэлцэнэ.

БНСУ-аас Улаанбаатарын чиглэлд 4284 зорчигч Монголд ирэх билет авсан байгаа бөгөөд БНСУ-Улаанбаатар хоорондын нислэгийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд түр хязгаарлах саналыг Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргаад байгаа аж.


УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨНӨӨДӨР ХУРАЛДАНА

Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчдын ажилласан байдал, тулгамдаж буй асуудлын мэдээллийг сонсож шийдвэр гаргахаар Улсын Онцгой комисс өнөөдөр 14.00 цагт хуралдана.

Монгол улсын хэмжээнд улс, хотын чанартай автозамын зорчих хөдөлгөөнийг өчигдөр буюу цагаан сарын баярын битүүний өдрөөс хааж хяналтад аваад байна. Улсын хэмжээнд 336 хяналтын цэг байгуулж 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Ард иргэд алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хот хоорондын зорчих хөдөлгөөн хийхгүй, баярын өдрүүдэд гэр бүл, эрүүл мэндээ хамгаалж, цахимаар золгож иргэний нийгмийн үүргээ гүйцэтгэхийг Улсын онцгой комиссоос уриалж байна.

Б.ЦЭЦЭГ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж