Халдварт өвчин судлалын үндэсний төвд зургаан Солонгос, 18 Монгол иргэнийг тусгаарлаад байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас өчигдөр Олон улсын Чингис хаан нисэх буудалд 15:55 цагт Инчеон–Улаанбаатар чиглэлийн КЕ-867 дугаартай нислэгээр зорчсон Тэгү хотоос сүмийн шугамаар ирсэн 2, нэг гэр бүлийн 4, нийт зургаан солонгос иргэнээс нарийвчилсан шинжилгээ авч, ийнхүү шилжүүлжээ. Мөн 20:42 цагт Пусан-Улаанбаатар чиглэлийн ОМ 312 дугаартай нислэгээр Тэгү хотоос ирсэн болон тус хотоор дамжсан нийт 18 монгол иргэнийг түр тусгаарлаж хоолой хөндүүрлэсэн гэх зовиуртай нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, 17 иргэнийг түр тусгаарлаж хяналтад авсан байна. Бусад зорчигчдод нарийвчилсан тандалт хийж хил нэвтрүүлжээ.
Өмнөд Солонгос улсын Тэгү хот нь шинэ корона авирусийн халдварын эрсдлээрээ өндөр байгаа юм. Тус улс нь халдварын тархалтаар БНХАУ-ын дараа эрэмблэгдэж буйг ДЭМБ-аас мэдээлж буй.
Монгол Улс нь эрсдлийн үнэлгээгээр шинэ коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүс нутагт хамаарч буй. Иймд эрүүл мэнд, хил гааль, мэргэжлийн хяналт, хууль хүчний зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Буянт Ухаа боомтоор бүх чиглэлийн нислэгээр ирж буй зорчигчдод эрүүл мэндийн тандалт, хяналтыг хийж байгаа бөгөөд 23-24-нд шилжих шөнө Улаан-Үүд-Улаанбаатар, Москва-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар, Нурсултан-Улаанбаатар чиглэлийн хуваарьт дөрвөн нислэг ирэх үед хяналт, тандалт хийн ажиллах юм байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ