Интернэт хийгээд үзэл бодол

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Интернэт хийгээд үзэл бодол

“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба интернэт” олон талт зөвлөлдөх уулзалт өчигдөр, өнөөдөр Нээлттэй нийгэм форумд болж байна. Уулзалтад Нээлттэй нийгэм форум, Глоб интернэшнл, Цахим өртөө холбоо, олон улсын шинжээчид оролцож байгаа юм. Жил ирэх тусам хүн төрөлхтний амьдрал цахим орчин, интернэт, техник технологиос салшгүй холбоотой болж буй энэ үед хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний хэм хэмжээг тодорхой болгох асуудал тулгамдаж байгаа аж. Тиймээс өнөөдрийн олон талт уулзалтыг зохион байгуулжээ.

Олон талт уулзалтаар дөрвөн асуудлыг гол шугам болгон барьсан байна.

  1. Хүртээмж

  2. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө

  3. Хувийн нууц

  4. Ёс зүй гэсэн дөрвөн асуудлыг онцлон хэлэлцэж байгаа юм.


“Технологи бидэнд ямар бэлэг барихыг таашгүй”

Энэ үеэр Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Интернэт, цахим ертөнц дэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар зөвлөлдөх уулзалтын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Юнеско энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 2003 оноос НҮБ, Европын хүний эрхийн байгууллага, Америк дундын хүний эрхийн байгууллагын тусгай илтгэгчид интернэт, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой гол зарчмуудыг гаргаж ирсэн.

Юнескогоос хамгийн сүүлд гаргасан “Мэдлэгт суурилсан нийгмийг байгуулахад интернэтийн тулгын чулуу” тайлан бий. Энд дурьдсанаар дөрвөн тулгын чулуу бий гэж үзсэн. Үүнд хүртээмж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хувийн нууц, ёсзүйн хэм хэмжээ гэсэн дөрвөн асуудлыг авч үзсэн.

Монголын Засгийн газраас интернэтийн хүртээмжийг хөдөө орон нутагт хүргэх талаар тодорхой ажил хийж байгаа. Гэхдээ нийгмийн эмзэг бүлэг, орхигдсон хэсэгт интернэтийг хүргэх,  бүх хүн эрх тэгш байх асуудал яригддаг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хувьд тухайн хүнд аль хэдийн Үндсэн хуулиар олгогдсон. Гэхдээ интернэт, цахим ертөнц гэх шинэ орчин бий болсон үед үзэл бодлоо илэрхийлэх асуудлыг хэрхэн зохицуулах, үүнд ямар шалгуур тавих вэ гэх асуудал гарч ирсэн.

Дараагийн асуудал бол хувийн нууц. Жил ирэх тусам хүний амьдрал технологитой салшгүй холбогдож байна. Жишээ нь, хүн бүр банкинд данс нээлгэж, үйлчилгээ авдаг. Тэгвэл тухайн банк дахь миний мэдээлллийг хэн нэгэн урвуулж ашиглахгүй гэх баталгаа бий юу. Мөн интернэтэд нэвтэрч буй хүн өөрийнхөө нууцыг хэрхэн хамгаалах вэ гэдгээс эхлээд олон зүйл байна.

Дараа нь ёсзүйн асуудлыг нэрлэнэ. Энэ нь хувийн хүмүүжил, ёс суртахуун, хэм хэмжээ, гэр бүлийн соёл гээд олон зүйлтэй холбогдоно. Хоорондоо салшгүй уялдаа холбоотой энэ үндсэн дөрвөн асуудлыг хөндөх нь энэ удаагийн уулзалтын үр дүн юм.

Бид нэгэнт өнөөдрийг хүртэл хөгжсөн онлайн ертөнц, технологиос ухрахгүй. Мэдээлэл харилцааны технологи одоогийн байгаагаас илүү ямар зүйлийг хүн төрөлхтөнд бэлэглэх вэ гэдгийг урьдчилж тааж мэдэх аргагүй. Нэгэнт бид үүнээс ухрах боломжгүй. Тиймээс энэ хөгжлийн үед хүн төрөлхтөн өөрсдөө зан суртахуун, ёс зүйн хэм хэмжээг яаж хадгалж авч үлдэх вэ гэдэг нь чухал.

Интернэт, цахим ертөнц хөгжсөн энэ үед хэрхэн хүн байх вэ, өөрийн мөн чанар, ёс суртахуунаа яаж хадгалж үлдэх вэ гэдгээр нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлэх эхлэлийг тавьж байна. Ирэх жилээс бүх нийтээр энэ асуудлыг хэлэлцүүлж, нийгэмд энэ асуудлыг ойр ойрхон хөндөж тавихаар төлөвлөсөн.


Энэ уулзалтад гадны хоёр шинжээчийг оролцуулсан юм. Түүний нэг нь Эрх зүй ба ардчилал төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел юм. Тэрээр “Интернэтэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын хэм хэмжээ”, “Интернэт ба мөрдөн тагнах ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан юм.

Харин “Лайтфул” олон улсын байгууллагыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Чарльз Крийл “Нийгмийн сүлжээ ба ёс зүй” сэдвээр илтгэл тавьсан. Түүний хувьд энэ асуудалд Голланд улсын сайн жишээг онцлон танилцуулав.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж