Өршөөлийн хуулийн хоригийг хүлээж авбал засгаас гарна гэж сүрдүүлсэн

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Өршөөлийн хуулийн хоригийг хүлээж авбал засгаас гарна гэж сүрдүүлсэн

 

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн хэрэгжиж эхлээд байна.

 

Хуулийн төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцсэн бөгөөд энэ хугацаанд хуулийн хоригтой холбоотой янз бүрийн дарамт, улстөржилт бий болж байсан талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин олон нийтэд ил ярилаа.

 

Хамгийн сонирхолтой нь хуулийн хоригийг хүлээж авах ёстой хэмээн АН-ын авлигачдаа өршөөх нь гэсэн сөрөг пиар хийж байсан Ардын нам хуулийн төслийг дэмжиж кноп дарсныг Х.Тэмүүжин гишүүн онцолжээ.

 

Тэрбээр, “Өмнөх хуулиудаас ялгаатай нь захиргааны хариуцлага, эрүүгийн хариуцлагаас хоёуланд нь өршөөл үзүүлсэн. Ерөнхийлөгч Эрүүгийн хуулийн хэсэгт хориг тавьсан учраас захиргааны хариуцлагын хэсэг нь хэрэгжээд явсан.

 

Өршөөлийн хууль батлагдсаны дараа улстөржилт их байсан. Маш том хэрүүлийн алим үүсгэсэн. Ямар хэргийг өршөөх вэ гэдэгт зарчим барьж чадах уу гэдэг нь маргааны үндсэн шалтгаан байлаа. Ерөнхийлөгч авлига албан тушаалын хэргийг өршөөж болохгүй ээ. Энэ нь олон нийтийн төрд итгэх итгэлийг хөсөрдүүлэх хамгийн эрсдэлтэй алхам болно.

 

Тийм учраас энэ зарчмаасаа хазайж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Ардын намын зүгээс АН авлигачдаа өршөөх гэж байна гэж сөрөг пиар хийсэн. Анх хуулийг далд хэлэлцсэн учраас хэн хаана ямар санал өгсөн нь бүрхэг байж мэдэх юм. Гэхдээ нам харгалзахгүй энд олон янзын байр суурь илэрхийлж байсан.

 

Хүн болгон баатар байж магадгүй ч өршөөлийн хууль хэлэлцэхэд Ардын намын гишүүд дэмжиж кноп дарсан.Цаашлаад “шонхордох” гэгчээр Өршөөлийн хуулийг хэлэлцэж байхад санал өгөхөөс татгалзаж гарч явснаараа тэд хуулийг дэмжсэн хэсгийг илүү олонхи болгож өгсөн. Дуугүй дэмжсэн гэдгийг би олон удаа хэлсэн.

 

Байнгын хороо, чуулган дээр авлигатай холбоотой асуудлыг өршөөе гэж та нар кноп дарсан шүү гэдгийг хэлсэн. Ардын намаас илүү АН-ын гишүүд өршөөхгүй гэдэгт олонхи байсан шүү. Өршөөлийн хууль яаж батлагдахаас шалтгаалж Засгийн газрын хувь заяа ганхах байсан. Засгийн газраар чинь оролдоно шүү гэсэн сүрдүүлэг байсан ч бид намын бүлгээрээ засгаа хамгаална гэж хэлээд хуулийн хоригийг дэмжиж гаргалаа” хэмээн ярьжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж