Кузов засварчныг Монголдоо бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Кузов засварчныг Монголдоо бэлтгэнэ

"Монгол-Солонгосын  политехник" коллеж улсдаа анх удаа Авто машины кузов засварын мэргэжилтэнг бэлтгэхээр болж, зориулалтын сургалтын танхимыг өнөөдөр  ашиглалтанд орууллаа. Эхний ээлжинд 25 сурагчийг бүртгэж, кузов засварчны мэргэжлийг нэг жилийн хугацаанд олгохоор болжээ. Хөдөлмөрийн зах зээлд энэ төрлийн мэргэжил эрэлттэй болсон учир цаашид хичээлийн танхимаа томсгож, сурагчдынхаа тоог нэмнэ гэдгээ "Монгол-Солонгосын  политехник" коллежийн захирал Г.Оюунбилэг ярив. Дотооддоо кузов засварчинтай болох нь жолооч нар энэ зах зээлийг эзэлсэн вьетнамчуудыг зорьж, гадныханд мөнгө төлөх шаардлаггүй болно гэсэн үг.

Кузов засварын үйлчилгээ үзүүлдэг монголчууд бүгд гадны засварчдаас суралцсан эсвэл ОХУ, Вьетнам зэрэг улсад мэргэжлийн сургуульд нь суралцсан байдаг. Учир нь Монголд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр өмнө нь байсангүй гэж С.Өлзийсайхан багш тайлбарлав. Харин одоо бол зориулалтын техник дээр практик давамгайлсан сургалтаар кузов засварчныг бэлтгэнэ гэж төлөвлөжээ. Одоохондоо хуучирсан техник, багж хэрэгсэлдээ тулгуурлан сургалтаа явуулна. Цаашид ч багаж, хэрэгслээ хэрэгцээ дагаад шинэчлэх шаардлагатай болно гэдгийг мэргэжлийн багш нар тодотгосон юм.

Монгол Улсын хилээр нэг сард дунджаар 2900 орчим суудлын авто машин, 650 орчим ачааны машин орж ирдэг аж. Хэр их машин хилээр орж ирнэ, тэр хэмжээгээрээ автомашины парк шинэчлэл хийгддэг байна. Энэ нь эргээд авто засварын үйлчилгээний салбарт томоохон зах зээл бий болгодог юм. Монголд  одоогоор кузов засварын ажлыг түлхүү вьетнамчууд хийдэг. Иймээс гадны ажиллах хүчийг багасгаж, энэ салбарт Монгол засварчид орж ирэх шаардлагатай болжээ. Өөрөөр хэлбэл Вьетнам засвараар дамжин гадагш урсах мөнгийг дотооддоо авч үлдэх гарц нь өөрсдөө кузов засварчидтай болох юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж