НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкманыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкманыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн албан тушаалд шинээр томилогдсонд баяр хүргээд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.

НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман “Цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. НҮБ-ын таван жилийн хэтийн төлөвлөгөөнд хотын тогтвортой хөгжил, хүн бүрт тэгш эрх, дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг олгох зорилтыг тусган ажиллаж байна. Тийм ч учраас Улаанбаатар хотын тогтвортой хөгжилд анхаарал хандуулж, хотын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах тал дээр Тантай зөвлөлдөж, Таны саналыг сонсох хэрэгтэй байна. Бид нийслэлийн иргэдийг ундны баталгаатай усаар хангах, эмзэг бүлгийн иргэдийг нийгмийн суурь үйлчилгээнд хамруулж, байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг сайжруулах тал дээр хамтран ажиллах саналтай байна. Хамгийн гол нь байгаль орчинд ээлтэй ногоон хөгжил, иргэдийн оролцоог хангах тал дээр түлхүү анхаарал хандуулж ажиллах нь чухал юм” гэдгийг онцоллоо.      

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ Цаашид хамтран ажиллах саналаа илэрхийлж, Хамтдаа хөгжих, Хүн бүр тэгш оролцоотой байх энэхүү зорилгын дор Та бүхэнтэй хамтран ажиллах гэж байгаадаа таатай байна. Хотын захиргааны зүгээс засаглалыг сайжруулах, иргэдийн оролцоог хангах чиглэлээр хүчин чармайлттай ажиллаж байна. Засаг захиргааны үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэх тал дээр олон ажил хийж байгаа юм. Удахгүй нийслэлийн гурван байршилд “Төрийн үйлчилгээний супермаркет” ажиллуулна. Лангууны ард сууж байгаа төрийн албан хаагчаас иргэд шууд төрийн үйлчилгээг авдаг болно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл дэлгүүр ороод хүссэн бараагаа худалдан авдаг шиг. Энэ нь их амаргүй ажил. Тийм ч учраас Та бүхний туслалцаа хэрэгтэй байна. Мөн Таны хэлсэн тогтвортой ногоон хөгжил бол маш чухал. Бид ч үүнд анхаарал хандуулж ажиллаж байна. Энэ ч үүднээс хотын ногоон хөгжлийн хүрээлэнг байгуулж, танай байгууллагатай хамтран туршлага солилцох хүсэлтэй байна. Тэрчлэн бичил зээл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэд хамтран ажиллах саналтай байна” гэлээ.
Харин НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай  Биата Транкман нийслэлийн Засаг даргын тавьсан саналыг дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж