Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” компанийн даргаар ажиллаж явсан Б.Батзаяагийн асуудал өнөөдөр улс төрийн хүрээнийхний дунд томоохон хэлэлцүүлэг болж хувирав.

Угтаа иргэн Б.Батзаяаг эдийн засгийн гэмт хэрэг хийсэн эсэхийг нь шалгаж, тогтоох гэсэн цагдаагийн баривчилгаа улстөрчдийг “Юун гуя” гэж уулга алдах хэмжээний өндрөө авсан асуудал болох учиргүй баймаар.  Б.Батзаяаг Х.Баттулгын хүн гэж харахаас илүүтэйгээр,  мөн “миний хүн” гэж  улс төрийн сенсааци үүсгэхээс өмнө түүний асуудлыг хувь хүн, "Монголын төмөр зам" компанийн захирал асны хэрэг гэж дүгнэх хэрэгтэй.

ДНБ-ийн нэгхэн хувьтай тэнцэх болсон хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, дотогшлох долларынхаа урсгалыг сайжруулах, Тавантолгой, Гацуурт зэрэг ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө босгох гэх мэт нэн хурдан шийдэх олон асуудлыг хуулийнханд шалгагдаж байгаа Б.Батзаяа гэдэг хурган даргын хувь заяатай хамаатуулж байвал энэ нь улс орны хувьд том эмгэнэл болно.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Баатархүүгийн хэлснээр хэрэв Б.Батзаяаг “Зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн баривчилж, байцааж эхэлсэн" юм бол түүнийгээ хуулийнхан нь тогтоог. Харин Б.Батзаяа  үнэхээр зарчимтай хүн мөн бол Х.Баттулга үүнийг нь улс төрийн асуудал болгон сандрах ёсгүй гэсэн үг.

 Өөрөөр хэлбэл, Б.Батзаяагийн асуудал Х.Баттулгыг шалгахад хүрнэ гэж тэрбээр юунд сандарсан хэрэг вэ. Хэрэв өнгөрсөн 260 сая долларын асуудал А.Гансүхийн үеийнх, өнөөгийнх нь М.Зоригтынх юм бол Х.Баттулгын хувьд ингэж тэвдэж, мэгдэх шалтгаан бөгөөд шалтаг ч баймааргүй юм.

Тиймээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын асуудлыг хуулийнханд нь үлдээе. Түүнээс өмнө Ардчилсан намынхан барайгаад, Ардын намынхан нь баярлаад, тэнд гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хувь хүний асуудлыг засаглалын хямрал болгож,  Ч.Сайханбилэгийн засгийн хувь заяанд нөлөөлөх том асуудал  болгох ямар ч шаардлага байхгүй. Хэрэв улс төрд ёс зүй, хүн чанар гээч байдаг бол Г.Уянга, О.Баасанхүү нар Б.Батзаяагийн  "зовлон"-гоор улс төр хийж гэж улайрах утгагүй юм. 

Монголын улс төрд хэн нэгний асуудлыг улстөржүүлдэг, нийгмийн том үзэгдэл болгодог, иргэдигй хоёр талцуулдаг явдал бараг жишиг болон тогтох шинжтэй. Өмнө нь ч “нүүрсний” хэргээр шүүхээс ял сонсоод байгаа Л.Гансүхийн асуудлыг хэн, яаж улс төржүүллээ. Улстөрчид нь төдийгүй иргэд нь хоёр талд гарчихаад хоорондоо хэмлэлцэн, иргэн Л.Гансүхийн  гэх үртэс нүүрсний хэрүүлээ дэлхийн сонорт хүргээ биз дээ. Энэ удаад ч иргэн Б.Батзаяагийн хэрэг дээр эрх баригч намынхан дотроос бачуурах хийгээд хашгирах, баярлах хийгээд алгаа таших хүн цөөнгүй байна.

Эдийн засаг нь тартагтаа тулж, иргэд нь өдөр ирэх тусам бүсээ чангалсаар байгаа өнөөгийн нөхцөлд захын нэг хурган даргын баривчилгааг   Тавантолгойн төсөлтэй холбож,  эрх баригч хүчнийхэн бүр  бүлгийнхээ хурлаар хэлэлцэх хэмжээний  асуудал болгож буй нь ичмээр хэрэг биш үү. Чухамдаа бол  саарал ордныхон болоод хэрэгт дуртай хэвлэлийнхнээс өөрөөр энэ сэдэв хэний анхаарлыг  яаж татаж байгаа юм бэ.  Энгийн иргэн Дорж, Долгор, Дондогт ирэх жил эдийн засаг ямар байх нь илүү сонин байгаа. Иймээс энэ сэдвийг хүйтэн өвлийн халуун сэдэв болгохоо больё. Тэгээд ч Л.Гансүх дээр амаа ч хөдөлгөөгүй АН-ынхан энэ удаад А.Гансүхийг өмгөөлөх нь юу л бол.

Уг нь өдийд улстөрчид  Б.Батзаяагийн асуудлаар улстөржөөд суух биш улсын төсвөө хэрхэн алдагдалгүй батлах вэ, ирэх онд эдийн засгаа ямар байлгах вэ, ард түмэн ажилтай орлоготой, хоолтой, ундтай явах нь уу үгүй юу гэдэгт ид ярилцаад, мэтгэлцээд сууж байх ёстой юм. Учир нь улсын төсөв бол хөгжлийн бодлого. Хөгжлийн бодлогоо хэрхэн тодорхойлохоос маргааш монголчууд хоолтой, ундтай, ажилтай орлоготой явах үгүй нь хамаарна.

Гэтэл жижиг даргын "том" зовлонг Засгийн газрын хувь заяатай холбож, идэж уусан гэм зэмээ Тавантолгойтой холбон суугаа эрх баригчдаас үнэндээ ичиж байна.

Б.Батзаяагийн асуудлыг Тавантолгойн томоохон феномен болгох шаардлагагүй. Учир нь түүнийг  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр зам барих төслийг тендер зарлалгүйгээр шийдсэн, хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалттай төслийг 100 мянган доллар хүрэхгүй дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлсэн,мөн Хятадаас худалдаж авсан зүтгүүр нь төмрийн хог болсон гээд ашиг  сонирхлын зөрчилтэй байж магадгүй үндэслэлээр шалгаж байгаа болохоор.  Гэвч,  шалгах үндэслэл, шалтгааныг нь мэдсээр байгаа атлаа уг асуудлыг улс төрийн үзэгдэл болгож буй нь улстөрчдийн зүгээс өөрсдийнхөө гэм, нүглийг нуух гэсэн нэгэн башир арга байхыг хэн мэдлээ.

Зүй нь  улстөрчид иргэн Б.Батзаяагийн асуудлыг  улстөржүүлэх биш,   үнэн зөв шалгаж, нягтлах тал дээр цагдаа нарт Засгийн газраараа дамжуулан үүрэг өгөөд өөрсдөө үүнээс   чухал, толгой зовоосон асуудалд анхаарлаа хандуулах учиртай юм. ДНБ-ийн нэгхэн хувьтай тэнцэх болсон хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх,  дотогшлох долларынхаа урсгалыг сайжруулах, Тавантолгой, Гацуурт зэрэг  ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө босгох гэх мэт  нэн хурдан шийдэх олон асуудлыг хуулийнханд шалгагдаж байгаа Б.Батзаяа гэдэг хурган даргын хувь заяатай хамаатуулж байвал энэ нь улс орны хувьд том  эмгэнэл  болно.

Улстөрчдийн ах дүү хамаатан садан, найз нөхөд гэмт хэрэгт холбогдвол улс төрийн  асуудал болж хувирдаг өнөөх танил тоглолт ч эндээс харагдаж байна. Иймээс  эрх баригч хүчинд  хандаж нэг асуулт тавъя. Аливаа гэмт хэрэг, улс төрийн шийдвэр болгоныг Тавантолгойтой холбож, Засгийн газраа дарамтлах зэвсэг болгон ашигладгаа хэзээ болих вэ гэж.

Хуулийнхны ажилд улстөрчид хошуу нэмэрлэж,  хэн нэгэн эрх мэдэлтэн хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдох тусмаа Б.Батзаяа болон түүнийг өмгөөлөгсөд үнэхээр гэм буруутай байжээ гэсэн хардлагыг давхар батлаад байгаа юм биш үү?

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж