Хятадын Сичуань мужийн иргэн шинэ төрлийн коронавирусийн халдвар аваад эмчилгээ хийлгэн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан ч 10 хоногийн дараа дахин халдвар авсан талаар тус улсын “The People’s Daily” сонин энэ сарын 19-ны өдөр мэдээлжээ.
Уг мэдээллийг хоёр хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 21-ний өдөр Сичуань мужийн эрүүл мэндийн хороо баталсан бөгөөд өвчтөний гэр бүлийнхнийг тусгаарласан байна. Одоогоор халдвар аваад эдгэсэн хүн дахин халдвар авч буй талаар Хятадын эмч нар судалж байгаа гэжээ. Энэхүү мэдээ Хятадын цахим сүлжээ хэрэглэгчдийг ихэд сандаргасан байна. Зарим хүмүүс тухайн өвчтөнийг бүрэн эдгээгүй байхад нь эмнэлгээс гаргасан гэж үзэж байгаа аж.
Үүнээс өмнө халдварын голомт болсон Ухань хотод ажиллаж байгаа хэд хэдэн эмч covid-19 халдвараар дахин өвчлөх боломжтой талаар хэлж байжээ. Мөн хоёр дахь удаагаа туссан тохиолдолд илүү хүнд буюу зүрхний үйл ажиллагааг хүртэл доголдуулах аюултай гэсэн байна.
Түүнчлэн уг вирус нь зарим үед нэг удаагийн шинжилгээгээр илрэхгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал, Японы Ёкохама хотод хөл хорионд байгаа “Diamond Princess” аяллын хөлөг дээрх Автралийн зургаан аялагч эхний шинжилгээгээр халдваргүй хэмээн хөлгөөс бууж, эх орон руугаа буцжээ. Ингээд эх орондоо ирснийхээ дараа буюу тусгаарлалтад байх хугацаандаа дахин шинжилгээ өгөхөд тэдний хариу эерэг гарсан байна. Тус улс нь Японоос нийт 164 иргэнээ нүүлгэн шилжүүлж авчирснаас одоогийн байдлаар 6 нь ийнхүү хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвартай байсан нь тогтоогдоод байна.
Эх сурвалж: TAIWAN NEWS, GUARDIAN, CHINA DAILY
Холбоотой мэдээ