Нус, цэр, шүлсээ хаясан иргэнийг бичлэгээр баримтжуулна

Хуучирсан мэдээ: 2020.02.22-нд нийтлэгдсэн

Нус, цэр, шүлсээ хаясан иргэнийг бичлэгээр баримтжуулна

Нус, цэр, шүлсээ хаясан иргэнийг бичлэгээр баримтжуулна

Нийслэл хотынхоо төв гудамж, нийтийн эзэмшлийн талбайд нус, цэр, шүлсээ хаясан зөрчил гаргасан иргэдэд торгууль ногдуулахыг Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан үүрэг болгосон. Эл захирамжийн дагуу мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцож байгаа юм. Зөрчил гаргасан иргэнийг гудамж талбай, аж ахуй нэгжүүдийн камерын тусламжтай хянаж, торгууль ногдуулж буй. Цагдаагийн байгууллагаас нийтийн эзэмшлийн гудамж талбайд бүдүүлэг аашилж нус, шүлс, хогоо хаясан иргэний бичлэгийг гар утсаараа хийн баримтжуулахыг олон нийтэд уриаллаа. Хэрэв зөрчил гаргасан иргэний бичлэгийг цагдаагийн албан ёсны пэйж хуудсаар илгээсэн тохиолдолд гомдлын дагуу хариуцлага тооцох юм байна.

Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Цагдаагийн алба хаагчдын шийдвэрлэсэн тоо баримтаас дурдвал өнгөрсөн 2019 онд нус цэрээ хаяж, бие зассан 43 мянган зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулиар 403 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Хамгийн гол нь иргэд бие биедээ шаардлага тавьж, зөрчил гаргасан иргэний зургийг авах, видео бичлэг хийж дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, нийслэлийн цагдаагийн газрын цахим хуудаст зөрчлийн мэдээллүүдийг явуулах боломжтой. Энэ дагуу бид хариуцлага тооцох болно” гэсэн юм.

Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасны дагуу цагдаагийн байгууллагаас иргэдэд хариуцлага тооцож байгаа юм. Харин Мэргэжлийн хяналтын байгууллагаас Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу зөрчил гаргасан иргэнийг 50 нэгжтэй тэнцэх хүртэл мөнгөн дүнгээр торгож байгаа юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж