“Чингис хаан” нисэх буудлын хяналт шалгалтыг чангатгана

Хуучирсан мэдээ: 2020.02.22-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” нисэх буудлын хяналт шалгалтыг чангатгана

“Чингис хаан” нисэх буудлын хяналт шалгалтыг чангатгана

БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор “Чингис хаан” нисэх буудлын хяналт, шалгалтыг чангатгах хүсэлтийг Улсын Онцгой комисст хүргүүлсэн гэж Зам, Тээврийн хөгжлийн яам мэдээллээ. Одоогоор БНСУ-д онц байдал зарлаагүй учир хил хаах асуудал яригдаагүй, эцсийн шийдвэрийг Улсын Онцгой комисс гаргах аж.  Харин хоёрдугаар сарын 20-ны өдөр Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарлан, ажиглалтад авсан байна. 

БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн  халдвар өчигдөр /2020.02.21/ үдээс хойших мэдээллээр дахин 48 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 204 болжээ. Шинээр халдвар авсан хүмүүсийн 46 нь " Шинчон Тэгү" сүмийн итгэгчид аж.

Тус улсын хамгийн том голомт нь Тэгү хот тэр дундаа “Шинчён Тэгү” Христийн сүм болоод байна. Учир нь Өмнөд Солонгосын 31 дэх өвчтөн болох 61 настай итгэгч эмэгтэй халдвар авснаа мэдэлгүй нэг дор 1000 орчим хүн цугладаг сүмийн цуглаандаа хоёрдугаар сарын 9, 16-ны өдрүүдэд явсан байна. Ингээд удалгүй тус сүмд явдаг хэдэн арван хүнээс коронавирусийн халдвар илэрч, тус улсад халдвар авсан хүний тоо огцом өссөн юм. 

Тэгү хотод хөл хорио тогтоож, Христийн сүмүүдийг хааж, яаралтай арга хэмжээнүүдийг авч байна. Одоогоор цуглаанд явсан 1000 орчим хүнийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байгаа ч 396 хүнтэй нь огт холбогдож чадаагүй, хаана яваа нь тодорхойгүй байгаа аж. Иймд цаашдаа халдвар авсан хүний тоо эрс нэмэгдэх магадлалтай байгаа гэнэ.


СӨҮЛД СУУГАА МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАВ

Улмаар БНСУ-д шинэ коронавирусийн халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй учраас Сөүлд суугаа Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ.  Тус сэрэмжлүүлэгт дурдсанаар "БНСУ-д байгаа монголчууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

  • Гараа сайтар савандаж, тогтмол угаах,
  • Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  • Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх,
  •  Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх,
  • Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх,
  •  Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
  •  Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих,

Хэрэв  өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандахыг уриаллаа. Мөн БНСУ дах, нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой" гэжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж