Ахмадуудын зээл тэглэснээс болж бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.02.22-нд нийтлэгдсэн

Ахмадуудын зээл тэглэснээс болж бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгджээ

Ахмадуудын зээл тэглэснээс болж бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгджээ

Шинэ төрлийн коронавирусийн тархалт Монгол Улсад орж ирэх магадлал өндөртэй учраас цагаан сарыг хориглож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй. Энэ үеэр худалдаачид бараа бүтээгдэхүүний үнэ нэмж, зохиомол үнийн хөөргөдөл үүсгэж байгаад иргэд бухимдалтай байна. Хэдийгээр зах худалдааны төвийг хаахгүй, үнийн хөөргөдөл үүсэхгүй гэж абаныхан мэдээлж байгаа ч эхний хоёр сарын байдлаар бараа бүтээгдэхүүний үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг иргэд ярьж байгаа. Тухайлбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 13-ны байдлаар 700 гаруй иргэн үнийн өөрчлөлтэй холбоотой гомдол мэдүүлжээ. Иймээс томоохон худалдааны төвүүдээр орж бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн талаар сурвалжиллаа.

“БӨМБӨГӨР” ХУДАЛДААНЫ ТӨВД ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙГАА ГЭВ

Хамгийн түрүүнд “Бөмбөгөр” худалдааны төвд очиход цагаан сарын хүнсээ базаасан иргэд цөөнгүй холхиж байв. Худалдагч нарын мэдээлж байгаагаар тус төвд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаа талаар хэллээ. Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12 мянган төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13 мянган төгрөгийн үнэтэй байна.

Гурилын үнийн хувьд тус худалдааны төвд задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1390-1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин талх нарийн боовны үнэд өөрчлөлт ороогүй гэхдээ хүнсний ногооны үнэ энэ сараас нэмэгдэх хандлагатай байгааг хэлж байна.

ЦАГ АГААРААС ШАЛТГААЛЖ,  МАХНЫ ҮНЭ ХЭЛБЭЛЗЭЖ МАГАДГҮЙ

Дараа нь “Меркури” худалдааны төвөөр оров.  Энд бусад худалдааны төвүүдтэй адил мөн л хүн ихтэй байлаа. Гэхдээ махны үнэ харьцангуй өндөр үнэтэй байв. Тодруулбал, үхрийн ястай мах 13 мянгаас эхэлж байгаа бол хонины ястай мах 13 мянга 500 төгрөгөөр, үхрийн цул мах 16 мянга, хонины цул мах 14 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Худалдагчаас асуухад өвчинтэй холбоотойгоор үнэ нэмэгдсэн зүйл байхгүй. Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарласнаар өнөөдөр хүн ихтэй, худалдан авагч сайтай байна. Ойрноос цаг агаар муудаж болзошгүй тул махны нийлүүлэлт муу, үнэ хэлбэлзэж магадгүй гэсэн юм.

Өөр нэгэн худалдагчийн хэлснээр он гарсаар “Сүү” хувьцаат компанийн бүтээгдэхүүн болон, нарийн боовны үнэ үйлдвэрээсээ ирэхдээ тодорхой хувиар нэмэгдсэн. Тиймээс бид үндсэн үнэ дээрээ 50 төгрөг нэмэхээс яах вэ гэсэн тайлбарыг хэлэв. Хүнсний ногооны хувьд монгол төмс 1000 төгрөг, монгол лууван 1600 төгрөг, байцаа 1800 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байлаа.

ШӨХТГ: БАРААНЫ ХОМСДОЛ, ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСЭХГҮЙ, НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БИЙ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ барааны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхгүй, нөөц хангалттай байгаа талаар хэлж байна. Тухайлбал, махны үнийг тогтвортой байлгахад Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн засаг даргын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж 13 мянган тонн махыг нөөцөлсөн байна. ШӨХТГ-аас өнгөрсөн долоо хоногт явуулсан хяналт шалгалтаар махны үнэ төрөл зүйл, борлуулагдаж байгаа газраасаа хамаарч харилцан адилгүй гарчээ.

Түүнчлэн аж ахуйн нэгжүүд, томоохон зах худалдааны төвүүд ч бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй гэдгээ албан ёсоор иргэд ШӨХТГ-т илэрхийлсэн байна. Энэ талаар тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах асуудлаар бид 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр холбогдох томоохон зах худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргэж ажилласан.Үүний дагуу гол үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд хариу ирүүлсэн. Тухайлбал, “Алтан тариа” гурил үнэ нэмэх асуудал байхгүй гэсэн бол “Талх чихэр” хувьцаат компани  мөн үнээ нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнд зах худалдааны төвүүд нэгдсэн байдлаар гарын үсгээ зураад албан ёсны тайлбар ирүүлж байгаа" гэв.

ЦАГААН САР БОЛООГҮЙ УЧРААС ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ БАЙХ ШИГ БАЙНА

Иргэдийн байр суурийг сонссоноо хүргэе.

Б.Баясгалан “Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гээд нэг хэсэг шуугисан. Гэхдээ захуудад харьцангуй гайгүй байна. Супермаркет томоохон дэлгүүрүүдэд ногоо үнэтэй байна лээ. Миний хувьд тогтмол үйлчлүүлдэг газраасаа хүнсээ бөөнддөг учраас “ярьж” байгаад хуучин үнээ буулгаад авчихдаг. Ер нь бол жимс ил ногоо авахгүй байхыг хичээж байна. Гурил будаа ховордоно гэж дуулдаж байсан ч гайгүй байна. Сая ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн нь нэг талдаа сайхан явдал боловч нөгөөтэйгүүр юмны үнийг тодорхой хувиар нэмчихлээ гэж харж байна”.

Д.Энхтүвшин “Цагаан сар болохгүй болохоор хүмүүс ер нь их юм бэлдэхгүй байх шиг байна. Тэр утгаараа юмны үнэ тогтвортой байгаа юм болов уу. Гэхдээ сүү компанийн цэнхэр ууттай сүү өнгөрсөн долоо хоногоос 100 төгрөгөөр нэмэгдсэн байна лээ. Мөн мах л бага зэрэг нэмэгдсэн гэж харсан”.

Б. Баяр“Хүмүүсийн ярьж байгаагаар мах, ногоо үнэтэй байна. Цагаан сар болохгүй юм чинь сүртэй их юм бэлдэхгүй. Төвийн том дэлгүүрүүдээр хүнсний  үнэ нь гайгүй байна. Захын хорооллуудаар бол ер нь үнэтэй байсан” гэлээ.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭСЭН НЬ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУУРЬ ҮНЭ НЭМЭГДЭХ ГОЛ ШАЛТГААН БОЛСОН

Нөгөөтэйгүүр шинэ төрлийн коронавирусийн улмаас иргэд барааны үнэ нэмэгдсэн гэж хардаж байгаа ч эдийн засагчдийн тайлбарлаж буйгаар тэтгэврийн зээлийг тэглэсэн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний суурь үнэ нэмэгдэх гол шалтгаан болсныг хэлж байна. Хэдийгээр төр засгийн зүгээс ахмадуудаа дэмжиж байгаа нь сайшаалтай боловч  өргөн утгаар нь авч үзвэл нийт эдийн засагт сөрөг нөлөөтэй юм. Тухайлбал, их хэмжээний бэлэн мөнгө хэвлэгдэж нийт эдийн засагт орж эхлээгүй байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн ерөнхий түвшин, инфляци өсч,  худалдан  авалт буурах сөрөг нөлөөтэйг  анхааруулж байжээ.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж