Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй бараалхав

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй бараалхав

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй бараалхсан бөгөөд энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилж, хоёр талын хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар санал солилцов.

Монголыг сайн мэддэг, олон жил манай улсад ажилласан, туршлагатай хүн Элчин сайдаар томилогдон ирсэнд таатай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Элчин сайд Чай Вэньруй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар манай хоёр улс “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай болж, өдгөө харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг БНХАУ-ын төр засаг баримталж буйг дурдаад, Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэхүү зарчмыг баримтлан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн бүхий л мэдлэг чадварыг дайчлан ажиллах болно гэв. Тэрээр БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн нь иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Цаашид харилцан ашигтай, харилцан хүртээмжтэй байх зарчмаар хоёр орны уул уурхай, дэд бүтэц, банк санхүү, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарна хэмээн Элчин сайд онцлов. Мөн Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг аль болох эрт ажил хэрэг болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сүүлийн жилүүдэд БНХАУ Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэрбээр тэмдэглээд БНХАУ үүнд сэтгэл хангалуун байгааг дуулгав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянд дэвшүүлж буй мэндчилгээг уламжилж өгөхийг Элчин сайдаас хүсэв. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдгийг тэмдэглэв.

БНХАУ-д дэгдээд байгаа шинэ коронавирусын халдвараас болж олон хүний амь нас эрсдсэнд эмгэнэл илэрхийлж, энэхүү сорилт бэрхшээлийг Хятадын ард түмэн амжилттай даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ойлгож хүлээж авна гэдэгт итгэж байна гэв.

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэгчлэн Монгол Улсын Засгийн газраас  БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хүмүүнлэгийн аяныг эхлүүлснийг дурдаад энэхүү хүнд нөхцөл байдлыг даван туулахад хөршөө дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Элчин сайд хэлэхдээ “БНХАУ-ын дарга Ши Жиньпин биечлэн удирдаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ажлын хэсгийг ахалж коронавирусийн халдвар, тархалттай тэмцэж байна. Халдварыг хязгаарлах, гадагшаа тархаахгүй байхад онцгой анхаарч, арга хэмжээ авч байгаа нь үр дүнд хүрч, сүүлийн өдрүүдэд халдвар авсан хүний тоо эрс буурч, эдгэрсэн хүний тоо улам нэмэгдэж, нас барсан хүний тоо буурч байгаа нь бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнтэй байгааг нотолж байна” гэлээ. Монгол Улсад нэг ч тохиолдол  бүү гараасай гэж Хятадын ард түмэн хүсч байна гэдгээ ноён Элчин сайд Цай Вэньрүй илэрхийлсэн. Мөн тэрбээр “Монгол Улсын зүгээс биднийг зовох цагт Монголын ард түмэн гар сунган, сэтгэл харамгүй тусалж буйд Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, Хятадын ард түмэн хүний ач тусыг мэддэг, ачийг хариулдаг ард түмэн” гэв.

Ноцтой цаг үед нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм нь эдийн засаг, ачаа тээвэр, бизнесийн хамтын ажиллагаанд бэрхшээл, саад учруулж буй хэдий ч удахгүй хэвийн байдалд орно гэдэгт найдаж буйгаа Элчин сайд Цай Вэньруй тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж