“Covid-19”/шинэ коронавирус/-ын халдвар үндэстнийг ч мөхөөх аюултай байгааг сануулсаар атал эрсдэлтэй бүс нутаг руу зорчино, ирсэн хойноо халуурч гүйлгэхэд нь эмнэлгийн хяналтад авахаар “Хорилоо, хүний эрх зөрчлөө” гэж хэл ам хийж буй иргэдэд хэлье, бага шиг эрхлээрэй.
Нэг хүний эрхээс нийтийн эрх ашиг нэгдүгээрт тавигддаг гэдгийг сануулъя.
Дэлхий дахинд өнөөдөр “Covid-19”-өөр 75 мянга гаруй хүн халдвар авснаас 2000 гаруй нь нас бараад байна. Хэдийгээр Хятад улсад дээрх өвчнөөр нас барагсдын тоо буурч эхэлсэн ч монголчууд олноор ажиллаж, амьдардаг БНСУ-д халдвар авагсдын тоо хурдацтай нэмэгдэж эхэлсэн нь хэн маань ч өртөж болзошгүй эрсдэлийг дагуулж буй.
Жишээ татвал, БНСУ-ын 61 настай иргэнд “Covid-19”-ын шинж тэмдэг илэрсэн ч шинжилгээ өгөхгүй явсаар Тэгү хот дахь сүмд очихдоо 21 хүнд халдвар тараасан болох нь батлагдаад байна. Уг сүмд тухайн үед 1000 орчим хүн цугласан байсан бөгөөд шинжилгээнд хамруулах ажил хийгдэж эхэлсэн ч 396 хүнтэй нь огт холбогдож чадаагүй тул эрэн хайх ажил эхлүүлжээ.
Хятадын хэд хэдэн хорих ангид “Covid-19”-өөр халдварлагсдын тоо нийтдээ 500 даваад байна. Хорих ангийн нэг ажилтан нь ханиалгаж, дээрх вирусийн шинж тэмдэг үзүүлж эхэлсэн тул тусгаарлан, шинжилгээ авахад “Covid-19”-өөр халдварласан нь баталгаажсан. Өөрөөр хэлбэл, нэгхэн хүний хэнэггүй, хариуцлагагүй үйлдэл наанадаж 1000, цаашлаад хэдэн мянган хүний эрүүл мэнд, амь нас хөндөж буйг энэхүү жишээнээс харж болно.
Иймээс хилийн дээс алхан эх орондоо ирж буй монголчууд аа хариуцлагатай л ханддаг юм шүү. Хаанаас ирсэн, хаагуур аялсан, зорчсон зэрэг бүхий л мэдээллийг үнэн зөв өгч, тусгаарлагдвал дэглэмээ л сахь. Сүржигнэлээ гэж бүү тунь, гоморх.
Өмнө нь Баян-Өлгий аймгийн иргэн БНХАУ-ын Эрээн, Бээжин хотоор зорчоод Монголд орж ирсэн хойноо таван ч аймаг дамнан зорчиж, түүний араас эрүүл мэндийн салбарынхан мөрдөн мөшгөхөөс аргагүйд хүрсэн бол хил хааж, хориг тавьсаар байхад Гашуун сухайтын боомтоор дамжин хил даваад, буцаж Монголд орж ирсэн хойноо Завхан аймаг руу явж, халуурахаараа эмнэлэгт хандан тусгаарлагдсан жишээ ч бас бий. Амь нас чухал гэдгийг ухамсарладаг бол тэд эрсдэлтэй бүсээр зорччихоод 40 хүнтэй автобусаар явж, бусдыг эрсдэлд оруулан, араасаа асуудал дагуулахааргүй л байлаа. Нэг хүний ард эрүүл мэндийн салбар системээрээ цаг наргүй ажиллаж, өдий төдий зардал чирэгдэл учруулдаг гэдгийг мэддэг үү.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, мөн Улсын Онцгой комиссоос байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллээр “Covid-19” зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байгаа. Эхлээд хөрш залгаа Хятад улсаас халдвар орж ирэх эрсдэлтэй хэмээн үзэж, хил, боомтуудаа хааж, агаар, төмөр зам, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоож хоригийг чангатгасан ч БНСУ-д энэ өвчнөөр нэг хүн амиа алдаж, халдвар авагсдын тоо 150 давснаар эрсдэлийг улам нэмэгдүүллээ. Нэг орноос бус хоёр ч орноос сэрэмжлэх шаардлага үүслээ. Өөрөөр хэлбэл, зөвлөмж дагаж л эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авахгүй бол аюулт тахал отож байна.
Хоёр хоногийн дараа сар шинэ болно. Гэр, гэртээ л золго. Илүү өөр хөдөлгөөн хийж, өөрийгөө ч өрөөлийг ч эрсдэлд бүү учруул. Учир нь “Covid-19”-ын дэгдэлтийн оргил үе Монгол Улсад сар шинийн үеэр таараад байна. Энэ эрсдэлийг улсаараа бид давж чадвал хэдэн ч жилийн цагаан сар, хэдэн ч жилийн наадам үзнэ. Эс чадвал амь насаа л аюулд оруулна.
Монгол Улс гуравхан сая хүн амтай. Нэг хүн буруу үйлдэл хийхэд л хамгийн тэргүүнд гэр бүлээ цаашлаад хамаатнуудаа, хөршүүдээ, ажлын хамт олноо эрсдэлд оруулахаар байгаа.
Эл өвчнөөс сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн салбар, онцгой, хил гааль чадлаараа л зүтгэцгээж байна. Цаг наргүй, гэр бүлгүй мэт энэ хэдэн өдрүүдийг туулж байна. Хэдий тэд өдөр шөнөгүй нойроо хугаслан зүтгэж байгаа ч иргэд эрсдэл бүрээс өөрийгөө хамгаалах л арга хэмжээ авахгүй бол зөвхөн тэдэнд бүгдийг даатгаад илрүүлэх ёстой, эмчлэх ёстой, хэд хоног хорьдог юм бэ гээд хүн бүр өөр, өөрийнхөөрөө аашилбал горим алдагдана.
Өөрийгөө, үр хүүхдээ хамгаалж чадах эсэх зөвхөн таниас л шалтгаална.
Халдварт өвчний дэгдэлтийн үед хүний эрх ярьж, дөвчигнөхгүй шүү. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг бүү март.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ