"Улс төрд аавынхаа нэр нөлөөгөөр ороогүй"

Хуучирсан мэдээ: 2020.02.22-нд нийтлэгдсэн

"Улс төрд аавынхаа нэр нөлөөгөөр ороогүй"

"Улс төрд аавынхаа нэр нөлөөгөөр ороогүй"

News агентлаг өнгөрөгч долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


ЭЛБЭГДОРЖИЙН ЭРДЭНЭ: ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ХҮҮХЭД ЭНХИЙГ САХИУЛСАН АНХНЫ ТОХИОЛДОЛ НЬ БИ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Элбэгдоржийн Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр саяхан Азийн сангийн Хөгжлийн төлөөх манлайлал хөтөлбөрт шалгарчээ.

-Азийн сангийн хөгжлийн төлөөх манлайлал хөтөлбөрт таныг хамрагдсан гэж сонссон, баяр хүргэе. Энэ сангийн хөтөлбөр бусад тэтгэлгээс юугаараа давуу талтай вэ. Маш олон тэтгэлэгт хөтөлбөр зарлагддаг шүү дээ?

-Баярлалаа. Азийн сан нь үйл ажиллагаа явуулдаг улс орнууддаа уг тэтгэлгийг зарладаг. Энэ жил долоо дахь удаагийн тэтгэлгээ олгосон. Гол зорилго нь 40 хүртэлх насны залуучуудын манлайллын ур чадварыг дээшлүүлэх, бүс нутгийн хөгжлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл олгох, тэдний хүрээллийг тэлж, Ази тивийн ирээдүйтэй манлайлагч нарт хөрөнгө оруулахад чиглэгддэг хөтөлбөр. Энэ жил 960 гаруй залуус өрсөлдсөн. Тэднээс 12-ыг нь шалгаруулж, тэтгэлэгт хамруулахаар болсон. Үндсэндээ нийт өрсөлдөгчдийн ганцхан хувьд нь боломж олгож байна гэсэн үг. Шилдэг 12 залуусын нэг болсондоо маш их баяртай байгаа.

-Уг тэтгэлэгт хамрагдсан залууст ямар боломж нээгддэг вэ?

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөр гэхэд Лаос, Сингапур, АНУ-д тусгайлсан сургалтууд зохион байгуулж, тухайн улс орнуудын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан манлайлагчидтай уулзах юм. Дэлхийн шилдгүүдтэй уулзаж, туршлагаас нь хуваалцана гэдэг нь залуус бидэнд тэр бүр олдоод байдаггүй алтан боломж шүү дээ. Мөн Азийн хөгжлийн сорилтуудыг залуучуудын оролцоотойгоор хэрхэн бүтээлч байдлаар даван туулах уу гэдэгт шаардлагатай мэдлэг боловсролыг олгоно. Үүнээс гадна бидэнд өөрсдийгөө хөгжүүл гэж таван мянган ам.доллар олгодог.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ЭМЗЭГ ХЭВЭЭР БАЙНА

Дэлхий Банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нганутай эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Дэлхийн банкнаас “Монгол Улсын эдийн засгийн тойм” тайланг гаргадаг. Энэ удаагийн тайлангийн хувьд, Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл, ойрын төлөв байдал ямар байна вэ. Цаашдын эдийн засгийн төлөвийг Дэлхийн банк хэрхэн харж байгаа бол?

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдийнхээс бага зэрэг саарсан ч дунд хугацааны төлөв эерэг хэвээр байна. Төсвийн гүйцэтгэл сайн гарч, макро эдийн засгийн бодлогын уялдаа мөн сайжирч, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн таатай орчин, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт сайн байсан гүйцэтгэл өндөр байсан зэргээс эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3 хувь байсан бол 2018 онд 7.2 хувь болж нэмэгдсэн. 2019 оны эхний гурван улирлын байдлаар эдийн засаг 6.3 хувийн өсөлттэй байсан бол дөрөвдүгээр улиралд уул уурхайн салбарт бага зэрэг сааралт ажиглагдаж байна. Учир нь өнгөрсөн оны сүүлээр түүхий эдийн үнэ аажмаар буурч мөн Оюутолгойн зэс, зэсийн баяжмал дахь алтны агууламж буурсан, нүүрсний экспорт болон үйлдвэрлэл оны сүүлийн хоёр сард нэлээд буурсан зэрэгтэй холбон тайлбарлахаар байна Харин 2020–2021 онд хувийн хэрэглээний тогтвортой өсөлт, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт дунджаар 5.6 хувь хувиар өсөх боломжтой гэж харж байна. 5.6 хувийн өсөлт гэдэг бол бага өсөлт биш бөгөөд бусад ижил төстэй болон бүс нутгийн улс орнуудтай харьцуулахад өндөр өсөлтөд тооцогдоно. Ер нь эдийн засаг хэт огцом өсөх, буурахаас илүүтэй тогтвортой байх нь чухал юм. Түүхэн хугацааг аваад үзэхэд, Монголын эдийн засаг дунджаар 5-6 хувийн өсөлттэй байх нь тогтвортой бөгөөд зөв өсөлт байж болохыг зарим эмпирик судалгаанууд харуулсан байдаг. Энэ нь эдийн засгийн өсөлт дунд, урт хугацааныхаа зохистой өсөлтийн төлөв рүү ойртож байна гэж хэлж болохоор байгаа юм.

Эдийн засгийн төлөвт анхаарах ёстой эрсдэлүүдийг та хэрхэн харж байна вэ?

-Ирэх 2-3 жилд эдийн засаг дунджаар 5.6 хувиар өсөх боломж байгаа ч томоохон эрсдэлүүд байгааг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Хятадын эдийн засгийн өсөлт жил дараалан алгуур саарч байгааг мартаж болохгүй. Үүн дээр нэмээд Монгол Улсын эдийн засаг Хятадын эдийн засгаас өндөр хамааралтай өнөөгийн орчинд шинэ төрлийн коронавирусийн халдвар Хятадын эдийн засагт хэр их сөрөг нөлөөлөл авчрах вэ гэдэг нь Монголын эдийн засагт томоохон эрсдэл үүсгэж болзошгүй юм. Хэдийгээр нүүрсний экспорт нэг сарын сүүлийн тоогоор өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөлттэй хэвээр байгаа ч нүүрсний экспортыг түр зогсоох Засгийн газрын сүүлийн шийдвэрийн нөлөөгөөр нүүрсний экспорт зорилтот түвшиндээ хүрэхгүй байх эрсдэл үүсч болзошгүй юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


П.НЯМДОРЖ: АРАВ ГАРУЙ КОМПАНИЙН ХУВЬЦАА МАШ ИХ ЭРЭЛТТЭЙ БАЙНА

Монголын Хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдоржтой ярилцлаа.

-Хөрөнгийн зах зээлийн орчин нэг үеэ бодвол сайжирсан. Өнөөдөр Хөрөнгийн биржийн өмнө тулгарч буй ямар асуудлууд байна вэ?

-Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжөөд 29 жил болж байгаа хэдий ч иргэд хөрөнгө оруулагчдын мэдлэг мэдээлэл бага хэвээрээ байгаа нь зах зээлийн өмнө тулгараад буй гол асуудал болж байна. Мөн тэтгэврийн сан гэх мэт мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг бүрдүүлэх, төлбөр тооцооны DvP зарчимд суурилсан Т+2 систем нэвтрүүлэх, шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх зэрэг үндсэн томоохон асуудлуудыг 2020 онд шийдвэрлэхээр ажиллаж байна

-Манайд дотоодын урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагч байхгүй гэдэг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах талаар биржээс ямар ажил хийж байна вэ?

-Үнэт цаасны зах зээлд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны өгөөжийг өсгөх, урт хугацааны санхүүгийн бүтээгдэхүүн бий болгох, хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц зохистой хэмжээнд ажиллах бололцоог бүрдүүлэхийн тулд МХБ нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байна. Тухайлбал, МХБ-ийн 2019 онд хийсэн томоохон ажлуудын нэг бол "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ыг боловсруулан батлуулаад байгаа ба энэхүү журмын дагуу мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангууд нэгж эрхээ Биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэй санал болгон арилжих замаар хөрөнгө татан төвлөрүүлж, татан төвлөрүүлсэн хөрөнгийг нэгж эрх эзэмшигчдийн өмнөөс удирдах юм. Ингэснээр дотоодын зах зээлд нэн шаардлагатай байгаа урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болох боломж нээгдэж байна. Түүнчлэн тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, тэтгэврийн сан бий болгох шаардлагатай эрх зүйн орчныг бий болгохоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ийнхүү мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангуудтай болсноор хөрөнгийн зах зээлд урт хугацааны эх үүсвэр татах боломж бүрдэх, шинээр үнэт цаас гаргасан компаниудын хувьцааны эрэлт тогтвортой байх, ханшийн хэт хэлбэлзлээс хамгаалах, түүнчлэн компаниудын үнэт цаас гаргах сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Үргэлжлэлийг ЭНД дару уншина уу.


"ӨВ ЗАЛГАМЖЛАЛ НЬ ХӨРӨНГӨТЭЙ, ЭРХТЭЙ ХҮНИЙ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛ"

Өв залгамжлах харилцаанд тулгамддаг асуудлын талаар хуульч, судлаач А.Оюунчимэгтэй ярилцлаа. Тэрбээр 1997 оноос хойш энэ чиглэлээр судалгаа хийж байгаа нэгэн юм.

-Өв залгамжлалын зарчмыг монголчууд тийм ч сайн мэддэггүй. Өв залгамжлалд иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Өв залгамжлалын харилцаа нь маш эмзэг сэдэв. Аль ч улсад өв авах хүсэл, шуналаас үйдэлтэй маргаан гарсаар байна. Хүний нийгмийн хөгжлийн тодорхой үе шат болон мөнгө, хөрөнгийг шүтэж байгаа цаг үед өв залгамжлал нь тун хурцадмал байдаг.

Өв залгамжлал нь нас барсан хүний хөрөнгө болон эрхийн асуудал. Энэ тохиолдолд өмч хөрөнгөтэй, өмч хөрөнгө нь албан ёсны бүртгэлтэй хууль ёсных байх шаардлагатай. Иргэний эрх зүйн харилцаанд тухайн хүний эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй холбоотой. Иргэний хуульд эд хөрөнгө болон эрх өвлөгдөнө гэж заасан байдаг.

Иргэний эрх зүйн харилцаанд өв залгамжлалыг зохицуулсан хоёр хэлбэр байдаг. Нэгдүгээрт, гэрээслэл. Амьд байхдаа өөрийн эд хөрөнгө, эрхийн асуудлыг шийдвэрлэж, гэрч буюу нотариатчаар баталгаажуулсан байх хуулийн шаардлага бий. Иргэд гэрээслэл үлдээх ач холбогдлыг сайн мэдэхгүй байна. Социализмын  үед монголчууд улсын орон сууцанд амьдарч, нийтийн тээврээр үйлчлүүлдэг өөрийн өмч хөрөнгөгүй байсан болохоор гэрээслэлийн ач холбогдлыг сайн мэддэггүй байх. Гэрээслэл үлдээх нь үлдэж байгаа гэр бүлийн гүшүүд маргахгүй байх боломж олгож байгаа юм.

Газар, орон сууц, үйлдвэр болон мал, машин, хувьцаа, хадгаламжтай л бол өв залгамжлах эрхийг хүссэн ч, хүсээгүй ч шаардаж буй өнөө цагт иргэд энэ талын мэдлэг, хандлагаа дээшлүүлэх шаардлагатай байна.

-Эрхийг өв залгамжилж болно гэлээ. Яг ямар эрхийн тухайд ярьж байна вэ?

-Эрх өвлөгдөх талаар жишээ дурдъя. Зээлийн гэрээ байгуулж иргэнээс авлагатай болсон бол зээлийг шаардах эрх залгамжлагдана. Мөн цагаатгалын нөхөн олговор, дайнд оролцсон ахмадуудад олгох орон сууцны эрх зэргийг залгамжлах харилцаагаар өвлөн авдаг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"14 САЯЫН ХАДГАЛАМЖАА 14 ТЭРБУМ ГЭЖ БИЧИЖ АЛДАА ГАРГАЖ БАЙНА"

Авлигатай тэмцэх газрын /АТГ/ Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар тодрууллаа.

-Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгөө мэдүүлж, АТГ-т хүргүүлж баталгаажуулах үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар хэчнээн албан тушаалтан хөрөнгөө мэдүүлээд байна вэ?

-Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн орлого хөрөнгийн байдлыг мэдүүлэх үүрэгтэй. Хуульд заасны дагуу төрийн байгууллагууд хоёрдугаар сарын 15-наас хойш 14 хоногийн дотор АТГ тайлан мэдээгээ албауулж ирүүлэх ёстой.

Бид цахим системээс урьдчилсан дүн мэдээг гаргаад байна. Энэ жилийн хувьд хуулийн үйлчлэлд хамрагдах 41686 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргахаас 41685 нь мэдүүлсэн. Нэг мэдүүлгээ гаргагч мэдүүлгээ бүртгүүлээгүй.

АТГ-т төрийн өндөр албан тушаалтан, Засгийн газраас томилогддог 290 албан тушаалтан мэдүүлгээ шууд гаргаж бүртгүүлэхээс энэ сарын 15-н буюу хуулийн хугацаанд 283 албан тушаалтан мэдүүлсэн. Долоон албан тушаалд томилгоо хийгдээгүй сул орон тоотой байсан. Ингээд АТГ-т мэдүүлэг гаргах албан тушаалтнууд зуун хувь мэдүүлж дууссан.

-Хуулийн хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох билээ?

-Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаагүй албан тушаалтан нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийт 19 шүүгчийн бүрэн эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн. Үүнээс долоог нь буцаан сэргээж, 12 шүүгчийн бүрэн эрх түдгэлзсэн байгаа. Түдгэлзсэн шүүгч нар бүгд хуулийн үйлчлэлд хамрагдаж мэдүүлгээ гаргаж өгөх үүрэгтэй. Яагаад гэвэл нийтийн албанаас чөлөөлөөгүй, ямар нэгэн гэм буруутай гэсэн эцсийн шийдвэр гараагүй түр хугацаагаар албан тушаалаас нь түдгэлзүүлсэн тул мэдүүлгээ өгөх ёстой байсан. АТГ-аас хуулийн хугацаанд бүртгүүлээгүй албан тушаалтан Авлигын эсрэг хуульд заасны дагуу холбогдох хариуцлага тооцно. Хуульд зааснаар нийтийн албанаас халах хүртэл арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


ГАРРИ РАССЕЛ ЖР: Н.ТӨГСЦОГТ МИНИЙ ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧДИЙН НЭГ

Мэргэжлийн боксын WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөөх тулаан энэ сарын 9-нд АНУ-ын Пеннсилвани мужийн Аллентаун хотын “PPL Center” төвд зохион байгуулагдаж, аваргын бүсийг эзэмшигч өдгөө 31 настай Гари Рассел Жр. болон МУГТ, өдгөө 27 настай Нямбаярын Төгсцогт нар хүч үзсэн билээ. Нийт 12 үе үргэлжилсэн ширүүн тулааны эцэст шүүгчдийн шийдвэрээр ялагчийг тодруулахад 118-110, 116-112, 117-111 гэсэн харьцаатай Гари Рассел Жр. WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалан, мэргэжлийн боксын замналдаа 31-1 гэсэн амжилттай болсон. Та бүхэндээ тус тулааны дараа Гари Рассел Жр.-ын BadLeftHook сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Өнөөдрийн тулааныхаа тухай яриач. Таны өрсөлдөгч Н.Төгсцогт хэр байсан бэ?

-Энэ тулаан миний төсөөлж байсан шиг явагдлаа. Би хэцүүхэн өрсөлдөгчтэй тулалдана гэдгээ анхнаасаа мэдэж байсан. Түүнд олж авах бүх зүйл байсан бол алдах юм юу ч байсангүй. Төгсцогт биеэ сайн бэлдсэн нь харагдсан. Бид ч гэсэн түүнийг хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэдгийг мэдэж байсан л даа. Гэхдээ би өөрийнхөө гарын хурд, рингийг мэдрэх мэдрэмж, боксын чадавхи маань энэ тулаанд намайг илүү гаргана гэдгийг мэдрэх шиг болсон. Яг л ийм юм боллоо. Би түүний эрүүнд цохисоор л байсан боловч тэр миний цохилтоос бултаж чадсангүй. Тулааны хоёрдугаар хагаст би өөртөө “Гараа дээш өргө, урагшаа алх, хийж байгаа зүйлээ үргэлжлүүл, тулааныг удирд” гэж хэлсэн. Үүгээр ч болсон доо.

-Н.Төгсцогтыг өрсөлдөгчийн хувиар хэрхэн үнэлж байна вэ?

-Тэр бол үнэхээр миний тулалдаж байсан хамгийн сайн өрсөлдөгчдийн нэг. Би түүнийг дээд ангилалд хүмүүсийн хүлээлтэд хүрсэн тулаанч гэж бодож байна. Тэр ЖоЖо Диаз шиг сайн тулаанч гэдэг нь тодорхой. Би ЖоЖо Диазыг хүндэтгэдэг. Хэрэв Н.Төгсцогт цаашдаа энэ хэвээрээ хичээгээд байвал удахгүй ЖоЖо Диаз шиг дэлхийн аварга болно гэж би бодож байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
352
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж