Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Брүүклин Нетс багийн NBA-ийн аварга, бүх одод холбон тоглогч Кайри Ирвингийн улирал албан ёсоор дууссан тухай багийн зүгээс мэдээллээ. NBA-ийн Бүх оддын тоглолтын завсарлагаа дуусч өнөөдөр /2020.02.21/ Брүүклин Нетс баг Филадельфиа 76ers багийн Уэллс Фарго цэнгэлдэхэд зочлон тоглосон тоглолтын өмнө Кайри Ирвингийг баруун мөрөндөө авсан гэмтлийнхээ улмаас хагалгаанд орох шаардлагатай болсон учир цааш тоглох боломжгүй хэмээжээ.
Энэ долоо хоногийн эхээр Брүүклин Нетс багийн ахлах дасгалжуулагч Кенни Аткинсон удахгүй 28 нас хүрэх Кайригийн мөр нь зовиуртай байгаа тухай хэлж байсан билээ. Кайри Ирвин энэ улиралд ердөө 26 тоглолтод оролцсон юм. Ийнхүү Нетс багийн Кевин Дурант болон Кайри Ирвин хэмээх хоёр бүх одод, NBA-ийн аварга хослол дараа улирал гэмтлээс эргэн ирэх болж байна.
Кайри Ирвин өнгөрсөн зун Нетс багтай дөрвөн жилийн 141 сая ам.долларын гэрээ байгуулж энэ улиралд 27.4 оноо, 5.2 самбараас бөмбөг авалт, 6.4 оновчтой дамжуулалт дунджилж байжээ. Одоогийн байдлаар Брүүклин Нетс баг дорнод бүсийн долдугаар байрт бичигдлээ.