МАН зодолдоход иргэдийн дээлэнд цус үсэрнэ!

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

МАН зодолдоход иргэдийн дээлэнд цус үсэрнэ!

МАН зодолдоход иргэдийн дээлэнд цус үсэрнэ!

“Байгууллагын ажилтнуудаас эхлээд иргэдийнхээ зовлон жаргалыг сонсч мэдэрч, амьдрал дунд орж, тэдэнтэйгээ асуудлаа ярилц, гарц шийдлээ тодорхойл, иргэдийнхээ итгэлийг олж ав. Нэр төртэй, чин шударга төрийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг өнөөгийнхөөс сайжруулж, хууль бус шахалт шаардлагаас хамгаалж, ажиллахаа Засгийн газар амалж байна”. Энэ бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны есдүгээр сард Төрийн ордонд болсон Төрийн удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөнд хэлсэн үг. Тодруулбал, Зам тээврийн яаманд гарсан аллагын дараа тэрбээр ийм амлалт өгч байв.

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга бүсгүй өнгөрөгч Лхагва гаригийн шөнө учир битүүлгээр амиа алдсан хэрэг Монголын нийгмийг дахин цочроов. Монгол Ардын нам засгийн эрхэнд гарснаас хойш төрийн байгууллага дотор сэжигтэйгээр амиа алдсан гурав дахь тохиолдол нь энэ болж байна. Хэрэг гарах үед аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн өрөөнд архидсан гэх мэдээллийг цагдаагийнхан шалгаж буй. В.Рэнцэндорж нь бүсгүйг ажлаа өгөхийг удаа дараа шаардаж, дарамталдаг, ажлаас нь халах “матаас” явуулж байсан баримт нь ч байна.

Товчхондоо, УИХ-ын 2016 оны сонгуулиар засгийн эрхэнд гарсан МАН-ын бүлэглэлүүдийн албан тушаал, эрх мэдлээ булаацалдсан хэрүүл тэмцэл нь хар мөр, цус, нулимс дагуулж, эцэс сүүлдээ жирийн төрийн албан хаагчид бусдын дарамт шахалтаас болж амиа алдахад хүрсээр.

Хэрэвзээ, тэр өдөр Засаг даргын өрөөнд архидалт болоогүй, тэд бүсгүйг нийлж “дарамтлаагүй”, тэгээд ядаж хэн нэгэн нь сэтгэл гаргаад гэрт нь хүргээд өгчихсөн бол талийгаач амьд байх байлаа. Хэрэвзээ, Монголын төр дээрээ суудлаа олсон, У.Хүрэлсүхийн хэлсэн үг нь үнэн байсан, ард түмнийхээ төлөө Ардын засаг нь ажилласан, Төрийн тэргүүн нь эв нэгдлийг хамгаалсан, төрийн алба төрлийнх болоогүй бол бүсгүй ажлаа хийгээд  явж байх байлаа.  Хэрэв, хэрэв, хэрэв?

Эргэлзээтэй олон асуулт хууль шүүхийнхнээс, төр засгаас үнэнийг нэхэж байна. Монголын төрд “цус ойртож”, эрх мэдэлтнүүдийн амлаж ирсэн шударга ёс уланд нэгэнт гишгэгджээ. Хаана байна, тэр шударга ёс чинь, хараад буцаагаад өгье, Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа! 

Ард түмэндээ хандаж үг хэлэх бүртээ амладаг шударга ёс чинь өөр фракц, өөр бүлэглэлээ "намнах" тухай яриа байсан юм гэж үү. Өмнөх хэргүүдийн процессыг харахад В.Рэнцэндоржид ажлын хариуцлага тооцсон төдийгөөр хэргээс мулталж авах сонирхол МАН-ынханд байж мэдэхээр.

Зам тээврийн хөгжлийн яамны байранд газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гараад хоёр жил болж байна. Шүүхээс  удаа дараа буцаагдаж байгаа энэ хэргийг замхруулах сонирхол Төрийн тэргүүнд бий гэсэн хардлага ч нийгэмд байна. Үнэн үү, Ерөнхийлөгч өө. Үгүй бол энэ хэргийг шударгаар шийдэхэд нь туслаад, Б.Махбал гэгчийн гарт хайртай хань, хайртай хүү, хайртай аавыгаа алдсан хөөрхийлөлтэй гэр бүлийн элгийг нь дэвтээж өгөөч. Энэ бол таны ярьдаг шударга ёсны шаардлага ба хүн ёсны гуйлт. Үхсэн хүн үг хэлэхгүй ч үлдэж байгаад шударга хандах ёстой, Монголын төр.

Б.Махбалын үйлдсэн хэрэг эцэс сүүлдээ Т.Гомбосүрэн талийгаачийн буруу болоод хаагдах вий гэсэн эмзэглэл нийгэмд байгаа юм. Том артай, танил талтай л гэх. Тэгэхээр хууль, шүүх хэргийг нь шударгаар шийдэх боломжийг бүрдүүлэх томоос том эрх Ерөнхийлөгчид танд бий. Учир нь, та өнөөдөр бүх хүний дарга болсоон. Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд Х.Баттулга танд нам, фракц, нас хүйс, албан тушаал, арьс өнгө, үзэл бодол, миний, чиний гэх алагчлал хийгээд хуваагдал огт байх ёсгүй юм. Улсынхаа иргэдийг миний, чиний гээд хувааж, талцуулж байгаа увайгүй хэрүүлээ зогсооно уу, МАН-ын дарга  нар аа. Хэрүүл зодоон чинь хэдэн хүний амины төлөөстэй юм бэ?

Монголын Улсын гал голомт болох Төрийн ордонд нь УИХ-ын дэд дарга хийж явсан хүн учир битүүлгээр амиа алдсан шалтгаан нь өнөө ч “нууц” хэвээр.2019 оны тавдугаар сард Төрийн ордонд АН-ын дэд дарга Г.Батхүү амиа алдсан хэрэг  иргэдийн дунд эргэлзээ дагуулсаар.

Энэ хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь УЕП-ын хүсэлтийг дагуу түдгэлзүүлсэн. Гэвч, Н.Номтойбаяр Г.Батхүүгийн амь насанд халдсан, аль эсвэл Н.Номтойбаярыг гүтгэж, харлуулсан болох нь тогтоогдоогүй, тодорхойгүй байна. Хорин жилийн турш албан тушаалын гишгүүр болгож ирсэн Ардын намын өвөө нар өнөө ч С.Зоригийн сүнсийг чөлөөлөхөөс айж сууна. Хэргийг нь задлаж, хэрэгтнүүдийг нь суллах сонирхол маш их. Тиймээс АН-ын дарга агсан Г.Батхүүгийн амиа алдсан явдлыг ахиад улс төрд битгий ашиглаасай гэсэн айдас ч бий.

Баячууд зодолдоход барлагуудын дээлэнд цус үсэрдэг гэдэг. МАН-ын томчуудын мөнгө, эрх мэдэл, албан тушаалаа булаацалдсан зодооны золиос нь төрийн жирийн ажилтнууд болж байна. Монголын төрд хар мөр дагуулсан МАН-ын дөрвөн жилд төрийн байгууллага дотор дараалсан гурван үхэл? Аймаар….

А.ЭРМҮҮН

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж