Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Их Хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан билээ. Энэхүү хуульд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалсан үнэт цаас гаргах замаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр заасан юм.
“Эрдэнэс Монгол” ХХК дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд богино хугацаанд шуурхай ажиллаж, “Эрдэнэс” бондыг дотоодын санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд арилжаалж, үнэт цаасаар босгосон хөрөнгийг Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөхөд зарцуулж байгаа юм.
“Эрдэнэс бонд” үнэт цаасаар босгосон хөрөнгөөр 228.493 иргэн 6.0 сая төгрөг болон түүнээс доош дүнтэй зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөж (үүний 43.892 иргэн 1.0 сая төгрөг хүртэлх зээлтэй), 194.807 иргэн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мөнгөжих 1.0 сая төгрөгийн үнэт цаас эзэмших замаар нийт 423.300 тэтгэвэр авагч иргэн байгалийн баялгийн өгөөжөөс хүртэнэ.
“Эрдэнэс Монгол” ХХК өнөөдөр арилжааны банкуудтай “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар (Эрдэнэс бонд) төлөх тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа бүрмөсөн тэглэж, тэтгэвэр авагчид тэтгэврээ бүрэн авах баталгаатай боллоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ үеэр ахмадуудын зээлийг тэглэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажилд чин сэтгэл, зүтгэл гарган ажилласан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, УИХ-ын Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компани, Монголбанк, Хөгжлийн банк, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, бодлогын арга хэмжээг дэмжиж оролцож буй арилжааны нийт банкуудын удирдлагад талархал илэрхийлээд, “Хулгана жилийн босгон дээр байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа амьдралд бодитоор хэрэгжиж байгаа жишээ нь энэ юм. Үүнээс улбаалан тэтгэврийн шинэчлэл хийгдэх болно. Энэ чиглэлээр УИХ-аас Н.Учрал гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхээр тусгасны дагуу “Эрдэнэс Монгол” ХХК Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Ийнхүү хөгжлийн бодлого, төлөвлөлт, ахмадуудын нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэлийн томоохон алхмууд хулгана жилийн босгон дээр хийгдэж байгаад баяртай байна” гэв.
Ийнхүү ахмадууд маань Цагаан сарынхаа өмнө тэтгэврийн зээлийн дарамтаас бүрэн чөлөөлөгдлөө.
ЭХ СУРВАЛЖ: УИХ
Холбоотой мэдээ