УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2020.02.21/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2012-2016 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүнийг Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар /АТГ/ шалгаж эхэллээ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагаар ажиллаж байсан нэр бүхий хүнийг таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэдэг мэдээлэл цацагдаж байгаа. Гэтэл энэ хэрэгт сайд С.Чинзориг холбоотой байтал буруутай хүнийг нь шалгахгүй, буруугүй хүний шалгаж байна гэсэн гүтгэлгийн чанартай нэвтрүүлэг цацах. Бямбабаатар Монгол нэртэй твиттер, фэйсбүүк хаягнаас өчигдөр “С.Эрдэнэ нарыг яллагдагчаар татахаас татгалзаж, сайд С.Чинзоригийг яллагдагчаар татахаар болжээ” гэж хувь хүний нэр хүндэд төдийгүй байгууллагын нэр хүндэд халдсан гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл цацлаа. Хэдийгээр би тухай бүрт нь үнэн зөв мэдээллийг өгч байсан ч зогсохгүй даамжирч буй учраас цэг тавих шаардлагатай гэж үзэн, өөрийгөө би шалгуулахаар АТГ-т хандаж өргөдөл гаргаж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын алба хашсан хугацаанд би Нийгмийн даатгалын сангийн орлогыг эрсдэлд оруулсан, эрх ашгийн сонирхол үүсгэсэн, бусдад давуу байдал олгосон, эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл гаргаагүй гэдэгтээ итгэлтэй байна. Хэвлэлээр дамжуулж үнэн бодитой мэдээлэл өгч байгаа ч гүтгэлэг зогсохгүй байна. Хүний нэр төрийг юман чинээ боддоггүй хүмүүстэй маргалдаж сууснаас өөрийгөө шалгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Фэйсбүүк, твиттерээр намайг яллагдагчаар татахаар боллоо гэсэн мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явсан учраас Улсын ерөнхий прокурорт өргөдөл гаргаж байна. Яллагдагчаар татсан эсэх асуудлаар хуулийн боломж байгаа бол хариу өгөөч ээ . Яллагдагчаар татсан асуудал байхгүй, үнэн мөнийг тогтоож өгөөч ээ гэдгийг энэхүү өргөдөлдөө тусгасан.
Түүнчлэн бусдын нэр хүндэд төдийгүй байгууллагын нэр хүндэд халдсан ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан цацсан учраас энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газарт гаргаж байна. Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-т мөн энэ асуудлыг шалгаж, үнэн зөвийг тогтоож өгөх хүсэлт гаргалаа. Бямбабаатар Монгол гэсэн хаягнаас “С.Чинзоригийг яллагдагчаар татлаа” гэсэн мэдээлэл цацсан. Бодит хаяг уу, хуурамч хаяг байна уу гэдгийг ТЕГ-ын Кибер аюулгүй байдал шалгаж тогтоох үүрэгтэй" гэсэн юм.
Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Коронавирусийн ид дэгдэлтийн үеэр ахмад настнуудад тэтгэврийн зээл олгож эхэлсэн нь эрсдэлтэй биш үү. Тэтгэврийн зээл олголтыг хойшлуулах боломж байгаагүй юм уу?
-Тэтгэврийн зээл олгооч ээ гэдэг хүсэлт шаардлага тогтмол ирж байсан учраас өчигдрөөс эхлүүлэхээр банкуудтай ярьсан. Ахмадууд маань өөрсдийгөө эрсдэлд оруулахгүйгээр маскаа зүүгээд үйлчлүүлэх хэрэгтэй. Нийт тэтгэвэр авагчдын 95 хувь Хаан, Төрийн банкаар үйлчлүүлдэг. Үлдсэн таван хувь бусад банкаар үйлчлүүлж тэтгэвэр авдаг.
Тэтгэврийн зээлийн нөхцөл өмнөх шигээ ижил, 70х30 харьцаагаа сарын 1.4 хувийн хүүтэй олгоод эхэлсэн.
Өмнө нь ахмад настнууд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан учраас хөрөнгийг нь арилжааны банкинд байршуулах замаар хүүг бууруулж байсан. Энэ удаад хүүг бууруулахад оролцохгүй, хамгийн бага хүүтэйгээр өгөөрэй гэдэг хүсэлт тавьж, Монголбанк, арилжааны банктай ойлголцсон.
Одоо хараахандаа эцэслэн шийдээгүй байгаа ч төв банкны ерөнхийлөгч 3 сарын хугацаатай хүүгүй бүтээгдэхүүн гаргаж болно гэдэг зүйл ярьсан. Тодорхой хэмжээний нөхцөлтэй. Тэтгэврийн энэ зээлийг сар шинийн дараа үргэлжлүүлж, шийдвэрлэнэ.
-Капитал банкны дампууралтай холбоотойгоор Нийгмийн даатгалын сангийн мөнгө шамшигдлаа, буцааж олж авч чадахгүй нь гэдэг зүйл яригдаж байна?
-Капитал банкинд байршиж байсан нийгмийн даатгалын сангийн 100 гаруй тэрбум төгрөгийг буцаан авахтай холбоотой асуудлаар Монголбанктай ярьж байна. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг барагдуулах асуудлаар захиргааны хэргийн шүүх дээр гомдол гаргасан.
Нийгмийн даатгалын хөрөнгийн нэг тал нь Засгийн газар ч цаанаа даатгуулагч, ажил олгогч нарын хөрөнгө юм. Мөнгөн хадгаламж хэлбэрээр банкинд байршуулж ирсэн учраас төсвийн бүрэлдэхүүн хэсэг гэж үзэлгүй, иргэдийн хадгаламжтай адил үзэж, өр төлбөр барагдуулах ажлыг урагшлуулж өгөөч гэдэг хүсэлт тавьсан, Дараагийн арга хэмжээнүүд авагдана.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ