Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох асуудлаар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон учраас Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхэлж зогсоох захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргажээ.
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагааны үйлчилгээний төвийн ашиглалтын ам метр талбайг 9000 төгрөгөөр 30 аж ахуйн нэгж, хувь хүн түрээсийн гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ажилласан. Эдгээр хүмүүс 300-400 хүнд дамлан өндөр үнээр түрээслүүлж нийслэлийн өмч ашиглалтын газартай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчиж байна. Мөн түрээслэгчид гэрээнд зааснаар тухайн объектод засвар хийх онцгой эрхтэй. Гэвч өнөөдрийг хүртэл засвар хийгээгүй. Цаашид эдгээр 30 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй, харин 400 гаруй түрээслэгчийг хохироохгүй байх тал дээр анхаарна. Өнөөдрөөс эхэлж урт цагааны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, цагдаагийн байгууллагынхан хяналт тавьж ажиллана.Харин Урт цагааны барилгыг нураах эсэх асуудлыг НИТХ-аар шийдэгдэнэ” хэмээн хэллээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Урт цагаан үйлчилгээний төв нь насжилт өндөртэй ашиглалтын шаардлага хангахгүй, галын эрсдэл үүссэн объект. Энэ байранд ажиллаж байгаа түрээслэгчдийн үйл ажиллагааг зогсоох талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гурван удаа дүгнэлт гаргаж байсан. Тус барилга байгууламж нь цахилгаан хангамжийн хувьд ч өндөр эрсдэлтэй. Мөн ус дулаан хангамжийн хувьд ч ашиглалтын шаардлагаас хэтэрсэн. Бид өнөөдөр хөрөнгө мөнгийг бус иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах асуудлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй" гэв.
Нийслэлийн өмчийн гуравдугаар байр болох Урт цагааны барилга нь 1958 онд анх баригдсанаасаа хойш ганц ч удаа засвар хийгдэж байгаагүй байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс