&#34Хүн шүүмжилж ажил хийхгүй суусан нь биш өөртөө тусалсан нь хождог&#34

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

&#34Хүн шүүмжилж ажил хийхгүй суусан нь биш өөртөө тусалсан нь хождог&#34

 

“Viperson”-нд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг урьж ярилцлаа.

 

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ажил ихтэй өдөр өнгөрөх шиг боллоо. Тэгэхээр хоёулаа их ажлын дараа уулзаж байгаа болохоор бага насны гэгээн дурсамжаар яриагаа эхлүүлж, жаахан амсхийх үү?

 

-Би Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад төрж өссөн хүн. Ээж маань Хараа нутгийн уугуул. Аав маань Дундговийн хүн. Тухайн цаг үеийн ангиллаар бол сэхээтэн гэр бүл гэдэг байх аа. Ээж маань бага эмч. Аав маань ч багш. Сэхээтэн айл гээд хачин чамин, баян тансаг амьдралыг ч бид туулаагүй. Жирийн төрийн албан хаагч, цалингаасаа цалингийн хооронд амьдардаг хүмүүс байсан. Аав маань номын хүн учраас гэрээр дүүрэн номын сантай. Эхлээд зургийг нь үздэг байсан биз, дараа нь уншдаг болсон. Ер нь бидний үеийнхэн ном их уншдаг байсан шүү.

 

-Таныг нэлээн хөдөл­гөөнтэй “нөхөр” байсан гэж дуулсан. Ямартай л Эрхүү рүү сурахаар явахад чинь энэ Дондогдоржийн хүү удахгүй хөөгдөөд ирнэ гэж ярьж байхав дээ?

 

-Хөдөлгөөнтэй хүүхдийн тоонд ордог байсаан, тэр үнэн. Тэгээд ч хөвгүүд хэзээ томоотой байлаа даа. Хар багын найзууд маань ч хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан. Хамт тоглодог, хамт сахилгагүйтдэг, зовлон жаргалаа хуваалцдаг. Хүүхдийн зовлон жаргал гэж бас байна шүү дээ. Нэг нь аав, ээждээ загнуулаад урвайгаад сууж байхад хүрч очоод яав гээд асуучихдаг. Байгаагаа хуваагаад идээд уучихдаг тийм байдлаар л өссөн. Сахилгагүй гээд хүнд талдаа байгаагүй. Тооны хичээлдээ гайгүй байсан. Гэхдээ л багшийн хүүхэд гээд асуудал үүсдэг байлаа. Тэгэхээр нь яагаад багшийн хүүхэд гээд илүү үзэгдэх ёстой юм бэ гээд “өрвөгнөдөг” байсан шиг байгаа юм. Ганц нэг багштайгаа санал зөрөх үе бол байсан. Яагаад ч юм бэ одоо тухайн үед гомдоосон багш нараасаа уучлал гуймаар санагддаг. Би Зүүнхараагийн нэгдүгээр 10 жилийг төгссөн. Одоо багш нар маань тэтгэвэртээ гарах нь гараад, зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд, тэр үе дуусчихаж. Гэхдээ сайн ч бай, муу ч бай хүүхдийн гэнэн цагаан сэтгэлд багш гэдэг гэгээн дурсамж үлддэг юм билээ.

 

УЛС ТӨРД ЗОХИОМЛООР ОРОХ, ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭРЭЭ ОРОХ ӨДӨР ШӨНӨ ШИГ ЯЛГААТАЙ

 

-Тэр үнэн л дээ.

 

-Аравдугаар ангиа төгсөөд Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн хуваарь авсан. Конкурс тэр үед чанга байсан. Анх удаагаа гэрээсээ гарч байгаа нь тэр.

 

Угаасаа Монголд инженерээ их сайн бэлддэг байсан юм. Боловсон хүчнийг төлөвлөгөөтэй бэлддэг байсан нь их зөв горим байжээ гэж би өнөөдөр ч хардаг. Тэр төлөвлөгөөт горим алдагдсанаас бид өнөөдөр ийм байдалтай болчихоод байна. Сургуулиа төгсөөд ажилд ороход тухайн үед их хатуу байв. Уурхайн даргын зөвлөл хуралдаж тухайн хүнийг ажилд авах эсэх, хаана томилохоо ярьдаг байлаа. Багануурын уурхайн даргын зөвлөлийн хурлаар надтай хамт Эрхүүд төгссөн нэг бүсгүй, Монголд төгссөн залуу бид гурав орж байлаа. Баахан дарга нар суучихсан их сүртэй. Биднийг нэг буландаа зогсоочихсон. Юу чаддаг вэ л гэж байна, хэллээ. Ямар спорт сонирхдог вэ гэхээр нь сагс, волейбол багахан тоглодог л гэлээ. Тэгсэн манай уурхай олон дарга, инженертэй. Бид авсан хүүхдүүдээ шаталж дээш нь явуулдаг, слесариас ажлаа эхэлж дээ гэлээ. Тэгье гээд автын инженер учраас автын хэсэг дээр очсон.

 

-Уурхайд хэдэн жил ажилласан юм бэ?

 

-Яг 10 жил. 1983 онд ороод 1993 онд гарсан. Яривал их урт түүх л дээ. Анх слесариар ажилд ороод, засварын механик, ерөнхий механик, хэсгийн дарга гээд яг үе шатаар нь явсан. Гэхдээ их богино хугацаанд туулсан санагдаад байдаг юм. 1985 онд хэсгийн дарга болсон. Яагаад ч юм бэ тэр үед манай хэсгийн дарга нар их хурдан солигддог. Уурхайн ажил хүнд л дээ. Нас, чадвар их голно. Олон жолооч слесарьтай ажиллана. Хүнд техникүүдтэй. 25 настайдаа хэсгийн даргаар очиж байсан гэхээр их залуу очиж байсан гэсэн үг. Түүнээс хойш найман жил уурхайн нэг хэсэг дээр даргын ажлыг хийсэн. Их ч сайхан хамт олонтой, хүнд ч ажилтай байсан. 24 цагийн ажиллагаатай уурхайд өөрөө ажлын хувцастай давхиж ороод өдөр шөнөгүй ажилладаг. Тухайн үед эдийн засаг хүнд, шилжилтийн үе. Ардчилал гээд ер нь л юм хувираад эхэлчихсэн. Дээр нь техник нь хуучирчихсан, төлөвлөгөө нормоо биелүүлэх үүрэг тавьчихсан. Улаанбаатар нь эрчим хүчээр тасрах гээд… Уурхайн ажил ямар хүнд болохыг яс махаараа тэр л хамт олонтойгоо мэдэрч өнгөрүүлсэн. Үнэндээ нэг ажил дээр удахаараа хүн үнэхээр ядардаг юм билээ. Яс махаараа мэдэрсэн. Сүүлд нь мэдэх нь ээ, манай үе үеийн дарга нар Эрдэнэбатыг энэ ажил дээр байлгах нь зөв юм байна гэдэг байсан юм билээ. Дарга нар ажлаа бодно. Буруу биш. Энэ хүнээс авто хэсгийг салгаж болохгүй гэсэн ойлголт дарга нар дамжиж явдаг байсныг сүүлд нь ойлгосон. Ж.Хишигт даргыг ажиллаж байх үед намайг энэ ажлаас өөрчлөөд өгөөч, би ядраад байна гэж үнэнээ хэлсэн. Ж.Хишигт дарга сайн хүн, мундаг ч механик. Манай хүн өөр ажил өгөхгүй наадхаа хий гэж байна. Жаахан хэг ёг мөртлөө их шударга хүн, мань эр. Би ч бас зөрүүд юм чинь тэгвэл би өөрийнхөө мөрийг хөөе, уурхайгаас гарлаа гэсэн. Намайг гарсанд хүмүүс их гайхаж байсан юмдаг. Дуртай явуулаагүй байх гэж би ойлгодог. Аав, ээж, гэр бүлийнхэндээ ч загнуулсан. Чи юу хийнэ гэж бодож уурхайгаас гарч байгаа юм бэ гэж. Би үнэнээ л хэлсэн. Ядраад байна. Хүнд хэмжээ, хязгаар гэж байдаг юм байна, би барахгүй юм. Уурхайгаас гарсан ч аргаа олно доо амьд хүмүүс гээд л сууж байлаа. Тэгээд л бизнест хөл тавьсан түүхтэй. Хүн болгон бизнес рүү хошуурч байсан үе. Тооцоолж байгаад өөрийнхөө мэргэжлээр авто курс байгуулсан. Хэдэн гайгүй улсаа аль болох боломжоороо татаж аваад жолооны курсээ эхлүүлсэн. Түүнчлэн ОХУ руу өдөр, шөнөгүй машинтай давхиж бизнес хийдэг байлаа. Анх бизнесээ эхлэхдээ 10 ширхэг савхин курткатай эхэлсэн.

 

-Оюутан байхдаа ганц нэг малгай, шуба зохицуулдаг байсан туршлага бол байсан биз дээ?

 

-Байлгүй яахав. Хүн болгон л хийдэг шүү дээ. 1993 онд юу хийх вэ гэж гараад дүү дээрээ очсон. Дүү маань савхин эдлэлийнхнийг сайн таньдаг байсан юм. Тэгээд дүүгээсээ 10 ширхэг куртка зээлээр авчих. Ямар төмөр, сэлбэг болгохоо би мэдье. Гарааны мөнгөтэй болохгүй бол болохгүй нь гээд. Тэр үед манай савхиныхан хүрэн өнгөтэй куртка оёдог. Материал нь даргар л даа. Гэхдээ Оростоо бол ховор эд. 10 куртка зээлээр аваад уурхайнхантай ярьж, ямар сэлбэг хэрэгтэй байгааг ярилцчихаад гараад өгсөн. Эрхүүд ажил төрлийн шугамаар танилцсан хүн олон. Оросууд юмыг сольж, хольж гаргаж өгдөг болчихсон байсан үе. Очоод 10 курткаараа наймаалцсан. 150-160 орчим мянган төгрөг тухайн үедээ бага юм биш. Баахан сэлбэг аваад ирсэн. Машинаар сэлбэг гаргахад оросууд болон манай гаалийнхан тоодоггүй. Спирт л хайна. Роял гээд ногоон шилтэй спиртын дайн болоо биз дээ. Спирт гээд сүйд болж байхад би падаанаа үзүүлээд л сэлбэг гаргаж байхад харин ч нэг тоохгүй дээ.

 

-160 мянгаа тэгээд хэд болгосон бэ?

 

-Итгэх үү. Гурван сая… Уурхайн үнээр л өгөөд тэр шүү дээ. Тэр үед уурхай их хатуу үнэтэй байсан. Тогтсон үнээрээ л авна. Гурван сая төгрөгтэй болонгуут хүний толгой ажилладаг юм билээ. Тэгээд ч тэр үед Монголд бүх юм 100 хувь чөлөөт худалдаанд орчихсон. Бүх юм хямарчихсан, лангуу хоосорчихсон байх үеийн худалдаа. Үнэхээр замбараагүй юм шиг мөртлөө Монголд орж ирдэг, гарч байгаа юм хоёр дээр “абсолют” чөлөөтэй байсан. Хүнд суртал, авлига, дарамт, шантааж огт байгаагүй байхгүй юу. Тэр үедээ л зөв байсан.

 

-Гурван саятай болчихсон хүн арай өөр юманд тэмүүлнэ биз?

 

-Тэгнэ. Арай томоохон юм юу билээ гээд бодоод эхэлсэн. Овоо мөнгөтэй болонгуутаа Москва явсан. Москвад хамгийн сайн найз маань байсан. Одоо бурхан болсон л доо. Тэр найзтайгаа Москвад төлөөлөгчийн газар нь очиж югославчуудтай өнөөх хэлэлцээ гэдгийг чинь амьдралдаа анх хийж үзлээ. Би чинь их шулуухан хүн. За бол за, үгүй бол үгүй. Таарсан үнэ дээрээ за л гэнэ. Их ч зоригтой байж, мөнгөө алдах, хулхидуулах тухай ойлголт байхгүй.

 

-Муу санаагүй?

 

-Муу санаагүй. Оросын бизнес нь ч шударга байсан. 30 гаруй мянган ам.долларын гэрээ чинь тэр үедээ том. Байгаа нь 10 мянга. Гэрээгээ хийчихээд буцаж ирээд Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө гаргуулах гэж үзсэн дээ. Таван мянган доллар. Их мөнгө. Тэр мөнгийг босгож 50 хувийг нь төлчихөөд үлдсэн 50-ийг дараа нь өгөхөөр тохиролцож чадсан л юм даа.. Тэр үеэс хойш найзуудтайгаа нэг хэсэг хамтарсан. Гэртээ тогтохгүй байнга л замд явна. “Урал МАШ”-ийн дистрибьютер болох гэж үзлээ. Сардаа хоёр удаа Орос руу ниснэ. Заримдаа шатна заримдаа гайгүй. Тэр үед эрчим хүч, уул уурхайн бизнес үнэхээр ашигтай байсан. Гэхдээ хүнд. Явдал ихтэй тийм бизнест анх орж, гурван жил пижигнүүлээд 1997 онд хөл дээрээ боссон. Бизнесийн орлого маань нийтдээ 800 мянган ам.доллар. Юм томроод найзууд ч өмч хөрөнгөө хуваадаг бизнесийн гольдирол, жаягаар салсан. За, тэгээд 1996 онд улс төрд орсон. Үндсэндээ бизнесээс холдох эхлэл болсон доо улс төр.

 

-Гайхаад байдаг юм. Аятайхан ирээдүйтэй бизнесмэнүүд улс төр рүү ороод унасан нь олон. Хүч чадлаараа зүтгэж эвээ олчихсон олон бизнесмэн улс төр рүү ороод олон жилийн хөдөлмөрөө нураахыг харсан. Улс төржихгүй бол урагшилдаггүй юм уу?

 

-Олоон олон. Тэр үед хар чадлаараа зүтгэсэн олон бизнесмэн эвээ олсон шүү дээ. Унасан нь ч олон, банкууд ч унасан. Гэхдээ бий болгосон хөрөнгөө яаж зарцуулах вэ гэдгээс олон юм шалтгаалдаг. Цээж баян байж болохгүй, шинэ Монгол царайлж болохгүй. Бид олсон юмаа олсон хэмжээндээ л зарцуулсан. Үл хөдлөх хөрөнгө болгох нь болгоод бизнес эрхлэх нь эрхлээд өөр өөрийнхөө замаар л явсан. 1996 онд улс төрд орох болсон олон шалтгаан бий л дээ. Уг нь би тэр үед нам бус байсан юм шүү дээ.

 

-Ху намд элсчихээгүй байсан юм уу. Уурхайд ажиллаж байхдаа?

 

-Хүмүүс янз бүрээр ярьдаг. Улстөржүүлээд л… Уурхайд хэсгийн дарга байхад намайг нэг өдөр таван хурлаар оруулж, МАХН-ын гишүүн болгосон. Үгүй гэхэд болох ёстой л гэсэн. 1991 онд намаас гарсан. Их шүүмжлүүлсэн. 1991 онд Эрдэнэбатыг Онц их хурлын төлөөлөгчөөр явуулж байсан нь үнэн. Би хэзээ ч үгүйсгэхгүй. Хүний амьдралын түүх үнэнээрээ явах ёстой. Цаг үе нь тийм л байсан юм. Онц их хуралд орж байсан. Эргэж ирсэн. Очирбат гуай намын дарга байсан дараа нь Даш-Ёндон гуай болж байсан санагдаж байна. Нагаржунай үзэл гаргаад л… Нагаржунайн үзэл гэдгийг би одоо ч ойлгодоггүй. Би тэгэхэд Багануурт үүрийн дарга. Багануурын намын дарга, чи үүрийн дарга, одоо Нагаржунайнхаа онолыг үүрийнхээ хурлаар ярина гэсэн. Би тэр үзлийг ойлгоогүй гэдгээ хэлж, ойлгохгүй юмаа хүнд ярина гэж байхгүй гэсэн чинь зэмлээд, би ч мэдэхгүй, ойлгохгүй үзэл бодлынхоо төлөө юм ярьж чадахгүй гээд батлахаа өгөөд гарсан. Түүнээс хойш нам бус явлаа.

 

-Тэгээд улс төрд хөл тавих болсон шалтгаан чинь юу юм бэ?

 

-Бизнес маань гайгүй. Багануурынхан ч намайг дэмждэг. Багануурт нийгэм, бизнесийн чиглэлээр их юм хийсэн. Манай Багануурынхан намайг бүгдээрээ танина. Одоо ч хүндэлдэг гэж боддог. Нийгмийн халамж, хүүхэд, боловсрол, бизнесийн чиглэлээр хэрэндээ л юм хийсэн. Хамгийн анхны супермаркетийг байгуулж байлаа. Улаанбаатарт байхгүй супермаркетийг Германаас тоног төхөөрөмж оруулж ирээд байгуулж байлаа. Германаас бараа татчихсан. Дэлгүүр нээгдэхэд битүү хүнтэй борлуулалт шажигнаж байснаа сүүлдээ зогсчихсон. Хүн тийм үнэтэй барааг дандаа авдаггүй, сонирхоод авчихдаг. Монголд анх удаа 500-гийн том савтай кола оруулж ирж байлаа. Колаг таньж авдаг хүн байхгүй. Ямар ч дэлгүүрт өгсөн борлогддоггүй байлаа. Сүүлд нь ах, дүү нартаа тарааж өгөөд дуусгасан. Улаанбаатарт байхгүй дэлгүүр Багануурт байна гэж уулга алдаж байсныг бодоход гоё юм хийе гэсэн эрмэлзэл байсан юм байлгүй дээ. Залуу ч байж. Өдөр шөнөгүй зүтгэдэг байсан үе. Тэгсэн 1996 оны сонгууль болдог юм. Улс төрийнхөн намайг, улс төрд ор. Багануурт төлөөлөл байхгүй байна. Чи хэрэгтэй байна, чиний дуу хоолой хэрэгтэй байна гээд л… Бүх л намууд санал тавьсан. Найзууд болохоор бие даа гэсэн. Би ч бас боломж байна гэж хараад шийдвэрээ гаргасан. Тухайн үед Нийслэлийн иргэдийн хурал, Дүүргийн иргэдийн хурал хамт болдог. Хоёуланд нь давхар сонгогдож болдог байсан юм. Гарчихаж байгаа юм. Тухайн үед МҮАН, МСДН, МАХН дөрөв дэх нь би ганцаараа бие даагч. ИТХ 45 хүнтэй. Их үнэд хүрсээн би. МАХН-ынхан, Маналжав гуай намдаа буцаж орох уу гэхэд нь би буцаж энэ намд орохгүй өөрийнхөө сонголтоор явна гэж хэлээд гарсан. Гэтэл манайхан улс төрд ганцаараа яваад холдохгүй. Дүүргээ хөгжүүлье гэж бодож байгаа бол аль нь чамд ойр, араншинд чинь дөхүү байна тэр намаа сонгохоос өөр аргагүй гэж зөвлөсөн. Хүлээн зөвшөөрсөн. Миний эргэн тойрныхон ардчилсан үзэлтэй залуус. Нэг өдөр найз маань намайг дагуулаад МҮАН руу орсон. Одоогийн энэ төв байранд байрладаг байсан юм. Давхиад орсон. Сонголтоо хийсэн. Энэ намд ямар ч байсан намайг цавчаад унагаах гээд зүтгэх хүн байхгүй. Хамтдаа ажиллаж болно гэж итгэсэн байх. 1996 оны аравдугаар сарын 26-нд ороод 27-нд үнэмлэхээ гардаж авсан. Ер нь хүний улс төрд орох амьдралын замнал их сонин байдаг юм билээ. Зохиомол улс төрийн амьдралд орох, өөрийнхөө итгэл үнэмшлээр орох хоёр өдөр шөнө шиг ялгаатай байдгийг би бие махбодиороо мэдэрсэн. Тэгж улс төрийн халуун тогоонд орсон доо. Олон ч сайхан найзуудтай болсон. Хамгийн анх найзалсан улс бол одоогийн МҮДН фракцын залуус. Дандаа эдийн засагчид, болвсролтой залуус байсан.

 

-Хүссэн хүсээгүй яриа маань улс төр рүү орчихлоо. Би гайхаад байдаг юм. Сонгууль дөхөхөөр л энэ хууль биш ээ гэдэг өөрчилнө солино гэдэг. Үнэндээ бол гар хүрэх дургүй байх шиг. Оромдоод л дараагийн сонгууль хүргэдэг. Одоо ч тэгэх нь тодорхой болчихлоо?

 

-Сонгуулийн хууль дандаа өөрчлөгдөх нь сайн зүйл биш. Өөрчлөгдөөд байгаа учир шалтгаан нь өнөөдрийн улс төрийн тогтолцоонд байгаа юм. Би Үндсэн хуулийг өөрчлөх талын хүн. Үндсэн хуулийн өөрчлөлтөн дээр улс төрийн намуудынхаа асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Улс төрийнхөө намын асуудлыг төртэй холбож улс төрийнхөө бодлогынхоо холбоосыг ямар маягаар, ямар зохион байгуулалтаар хийх вэ гэдгээ тодорхойлсон эрх зүйн орчинтой болох ёстой. Тэгж байж л сонгууль, хууль эрх зүйн хувьд тогтвортой болно. Тэгэхгүйгээр сонгуулийн өмнө хуулиа өөрчлөөд байвал бүтэхгүй. Дээр нь элдэв гаргалгаа хийгээд савлуулаад байх нь улс төрийн тогтвортой байдалд маш сөрөг нөлөөтэй.

 

-Түүнээс гадна танай намын хувьд ротациар ҮЗХ-ны гишүүдээ сонгохоо больсон нь зөв алхам болж чадсан уу. Жирийн гишүүд чинь их дургүй байдаг юм шиг билээ?

 

-2012 оны сонгуулийн өмнө ротацийг намын дүрмээс түр хассан. Би генсекийн хувьд намын шинэ дүрмийг боловсруулсан. Их “чёткий” дүрэм. Одоо хүртэл манай нам дээр байгаа. Гагцхүү хэзээ яаж баталж мөрдөх нь хойшлоод тодорхойгүй байна. Би ротаци байх нь зөв гэдэгтэй санал нэгддэг. Гэхдээ ротаци хийхэд ямар шалгуур байх ёстойг зохицуулаагүй нь бидний дутагдал байсан. Ротаци болохоор мөнгөтэй улс нь гишүүдээ худалдаж авчихаад гарч ирээд байна гэх шүүмжлэл гарч байсныг санаж байна уу. Бодит байдал дээр тийм үзэгдэл ажиглагдаж байсан. Мэдээж хүлээн зөвшөөрөгдсөн лидер нь гараад ирнэ. Хажуугаар нь бизнесмэнүүд орж ирээд гишүүдтэй мөнгөний харилцаа үүсгэдэг нь эрүүл биш үзэгдэл. Үүнийг хаахын тулд шинэ дүрмэн дээрээ маш тодорхой заалт оруулсан юм. Нөгөөтэйгүүр ротациас сонгогдсон ҮЗХ-ны гишүүн сонгуулиар сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч хоёр улс төрийнхөө хувьд нэг бодлогод зангидагдах ёстой. Улс төрийн намын зарчим нь тэр. Тэрхүү зарчим алдагдсан байсан учраас зохицуулах шаардлага тулгарсан. Нэгэнт л чи энэ намын гишүүн юм бол багийн дүрмээр л тоглоно. Их зөв зарчим шүү. Ямар ч улс оронд төрийн бодлогыг улс төрийн намаар дамжиж хийдэг. Бидний хувьд ардчилсан улс учраас намын бодлого төрийн бодлого болж хувирах ёстой. Намын бодлого төрийн бодлого болж байж энэ нийгмийг урагшаа авч явдаг нэгдсэн багийн тоглолт. Тэгэхгүй хэн нэгэн хүн намын нэрээр гарч ирчихээд өөр намынхантай нийлээд засгаа түлхэж унагаадаг нь намын асуудал бус, Монгол төрийн тогтворгүй байдалтай холбогдоно. Бид хүссэн хүсээгүй ийшээ л явна. Огт намгүй байна гэж байхгүй. Тэр ч утгаараа сонгуулийн өмнө ротацийг болиулсан юм. ҮЗХ намын бодлогын гол төлөөллийн байгууллага. Дотоод бодлогын байгууллагын дотоод савлагааг зогсоох зорилгоор ротацийг түр зогсоосноос биш хэн нэгний дэвших, дэвшихгүй эрхийг хаасан үзэгдэл биш. Дараагийн сонгууль хаяанд ирлээ. Шинэ дүрмээ баталгаажуулж, хэрэгжүүлж амжаагүй л байна бид. Тэгэхээр одоо өнөө ротациа явуулна гэвэл бас биш. Явахгүй. ҮЗХ-ны бүрэлдэхүүн 2016 оны сонгуульд намын хамгийн том тогтвортой зөв бодлогыг боловсруулж оруулахад туршлагажсан энэ төлөөллийн дийлэнх хэрэгтэй. Нэг хүнийг сонгох сонгохгүй тухай асуудал өнөөдрийн тулгамдсан асуудал биш. Хэрвээ улс төрийн намуудынхаа хуульд өөрчлөлт оруулах юм бол намынхаа дүрмэнд өөрчлөлт хийх ёстой. Ганц АН бус бүх намын хүрээнд шүү. Тэгж байж л сая эрүүл хийнэ.

 

-Удахгүй аж үйлдвэрийн чуулган болох гэж байна. Энэ чуулганы онцлог нь юу вэ?

 

-Энэ форумаар Монгол Улс баялагт шүтэж амьдрахгүй гэдгээ зарлах ёстой. Монгол Улс газрын доорхи баялгаа үйлдвэржилт рүү шилжүүлж байгаагаа дэлхий дахинд зарлах ёстой. Гаднын хөрөнгө оруулагчид ухах гэхээсээ Монголд байгаа баялаг дээр тулгуурлаад хамтарч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж орж ирдэг болох ёстой. Монгол бүрэн эрхт улс. Улс өөрийнхөө бодлогынхоо хүрээнд зарлая. Жил болгон эрчим хүч эсвэл дэд бүтэц, уул уурхайн форум хийгээд яах юм бэ. Уул уурхайн форум хийхээрээ бид дандаа өрөнд ордог. Ороод ир, ороод ир л гэдэг. Ухаж хаячихаад ашиггүй болохоороо баахан хуучин техникээ хаяад онгойсон нүх үлдээчихээд гараад явчихдаг. Харин бид гадаадын хөрөнгө оруулалт гараад явчихлаа гээд гасалдаг. Ийм байж болох юм уу. Одоо сэхээрэх ёстой. Сэхээрлийг өгөхийн тулд энэ форумыг зохион байгуулж байгаа.

 

Аж үйлдвэр Монголд хэрэггүй гэж үү. Малаа маллаад газраа ухаад амьдрах юм уу. Хэрэгтэй юм бол гаргалгаагаа хамтдаа гаргая. Битгий хоосон шүүмжлээд бай. Хувийнхан гаднынхан бас төр хамтарч гаргалгаа гаргаад төрийн бодлогод шингээхийн төлөө Аж үйлдвэрийн яам ажиллах ёстой. Өнөөдөр төсвийн ерөнхий нөхцөлийг хар. Дандаа зардал дээр тулгуурладаг. Орлого хаанаас олох юм бэ. Орлого ярихаар л өнөө Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэтээ л ярьдаг. Өөр юм байхгүй юу, хийхгүй, босгохгүй юм уу. Эдийн засаг чинь тэлчихээд байна. Гуравхан жилийн дотор хөөрч явсан эдийн засаг чинь гурав дахин тэлчихлээ. Харж байгаа биз дээ. Хөөрч томорсон эдийн засгийг барих гэж гурван жил махийлаа. Баригдахгүй юм байна. Одоо хасч эхэллээ. Гэхдээ хасах нь зөв үү. Эсвэл энэ тэлэлтийг барихын тулд дахиад хөрөнгө оруулах нь зөв үү гэдгээ ярих ёстой. Хийе, бүтээе гэсэн хийж, бүтээх чадалтай үйлдвэрлэгчид бизнесмэн Монголд олон байна. Харамсалтай нь төрийн нэгдсэн бодлогод зангигдаж чадаагүй байна. Хүн бүр өөр өөрийнхөө амийг бодоод явж байна. Амиа тээж явж байж өрсөлдөж байна. Эрүүл бус өрсөлдөөн байна. Одоо болих хэрэгтэй. Эх орны төлөөх эрх ашиг байгаа боловч өөрсдийнх нь эрх ашиг бас байгаа гэдгээ аль аль талдаа ойлгох хэрэгтэй.

 

МОНГОЛ УЛС ГАЗРЫН БАЯЛГАА ШҮТЭЖ АМЬДРАХГҮЙГЭЭ УДАХГҮЙ ЗАРЛАНА

 

-Түүнээс гадна зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барина гэж яриад байгаа. Уурхайнуудаасаа хэтэрхий хол байгаа юм биш үү. Эрдэнэт, Тавантолгой, Цагаан суваргаас л түүхий эдээ татна шүү дээ. Басхүү эдийн засгийн үр ашгийг нь хэрхэн харж байгаа юм бэ. Засгийн газраас ажлын хэсэг гарчихсан байгаа. Нөгөөтэйгүүр гол худалдан авагч болох хятадууд түүхий эд худалдан авах сонирхолтой байдаг. Боловсруулчихаар хэрхэн хамтарч ажиллах бол. Боловсруулсан бүтээгдэхүүн авахгүй гэвэл хаашаа гаргахаа тооцоолсон уу?

 

-Хүн болгон өөр өөрийнхөөрөө тоглоод сурчихаж. Анх би энэ ажлыг авахдаа хэлсэн. Нефть боловсруулах 15 үйлдвэрийн нэг нь ч явсангүй. Яагаад гэвэл цэгцтэй бодлого гаргаж чадаагүй учраас. Импортын хараат мөртлөө нефтиэ гаднаас авна гэдэг төсөл явдаггүй л байхгүй юу. Байгаа түүхий эд дээрээ тулгуурласан үйлдвэр байгуулна гэж байгаа болохоос гаднаас түүхий эд авах тухай яривал их хол сонсогдоно. Харин одоо төр, хүнд үйлдвэрийн бодлогоо тодорхойлчихсон. Зөвхөн Эрдэнэбатыг сайд хийх хугацааны дараа өөрчлөгдөх асуудал биш гэж би бодож байна. 15 жилийн хугацаатай бодлогоо тодорхойлоод, тав таван жилийн стратегиа гаргачихлаа. Энэ хүрээнд энэ төр тогтвортой ажиллах ёстой. Төрийн бодлого тогтвортой байвал аж үйлдвэрийн үндсэн суурь бүрэн тавигдаж дуусна. Зөвхөн төмөр, нефть худалдаж авахын тулд нийт импортынхоо 90 хувийг тавиад туучихдаг. Асар том хэрэглээ биз дээ. Үүнийг хумих тухай ярьж байхад сөрж болохгүй. Мэдээж хоёр хөршөөс хамаарах юм их. Гэхдээ хоёр хөршийнхөө эрх ашгийг өөрсдийнхөө эрх ашигтай нийцүүлбэл үйлдвэр байгуулах бүрэн боломж бий. Би эргэлзэхгүй байна. Зэсийн үйлдвэрийн тухайд бид зэсийнхээ 50 хувийг Монголдоо боловсруулъя. 100 хувь биш шүү дээ. Тэгэхийн тулд ирээдүйд төлөвлөгдөж байгаа болон одоо ажиллаж байгаа бүх ордуудынхаа яг дунд хэсэгт нь үйлдвэрээ байгуулъя. Газар зүйн хувьд ч тэр нь зөв. Монгол мод цөөнтэй, хангай багатай улс. Хангайдаа хүнд үйлдвэр байгуулах нь бодлогын хувьд зөв үү. Бүх судалгаагаар буруу гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ус, ойнхоо нөөц сан дээр ямар ч улс хүнд үйлдвэр барьдаггүй юм. Зэсийн үйлдвэрийг Эрдэнэтэд байгуулъя гэдэгтэй ч би санал нийлдэггүй. Хангайнхаа хойд бүсэд хүнд хортой үйлдвэр байгуулчихаад хүхрийн хүчлийн эрсдэлийг яаж хаах юм бэ. Төмөрлөгийн үйлдвэрийн тухайд харьцангуй эрсдэл багатай. 2016 онд ямар ч байсан нефть боловсруулах болон зэс хайлуулах үйлдвэрийнхээ ажлыг эхлүүлж, төмөрлөгийн үйлдвэрийнхээ анхны гангийн үйлдвэрийг байгуулж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Миний ганц хүсч, санаа зовж байгаа зүйл энд битгий улс төр орж ирээсэй… Энэ бол монголчуудын эрх ашиг. Зүгээр л төрийн бодлогыг зөвшөөрөөд бүгдээрээ нэгдчихээсэй. Өнөөдөр зэс хайлуулах үйлдвэрийн 4-5 төсөл явж байна. Бүгд л өөр өөр байршил зааж байгаа. Энэ үйлдвэрт төр орно уу, хувь орно уу хамаагүй ойлголцоод хийчих асуудал. Төр орохгүй ч байж болно. Гагцхүү төрийн бодлогод захирагдаад нэг байршил дээр чанартай нэг технологиор л хийх ёстой гэж. Түүнээс биш Монголд 3-4 зэс хайлуулах үйлдвэр байгуулах орон зай, хэрэглээ байхгүй.

 

-Сайншандад олон жил цогцолбор барина гэж ярьсан. ТЭЗҮ-г нь дэлхийн том компаниуд авчирч хийлгэсэн. Дараахан нь усны асуудлаа орхигдуулсан гэх шүүмжлэл гарсан. Одоо эргээд харах нь ээ “үлгэр” болоод дуусч байх шиг?

 

-Аливаа зүйлийг үлгэр боллоо гээд хаяж болохгүй. Төрийн ажил уламжлагдаж дуусах ёстой. Гэхдээ бидний боломж бололцоо, нөөц юу билээ. Аливаа төслийг бөөнөөр нь хэрэгжүүлэх эдийн засгийн чадамж бий юу. Нэг газар төвлөрүүлэх байгаль орчны болон бусад нөөцийн боломжтой бил үү гэдгээ тооцох ёстой. Сайншандын цогцолборын тухайд өмнө нь гарсан ТЭЗҮ-г нь шинэчилж үзэж, дүгнэлтүүдийг эргэж харж байгаа. Ямар ч байсан цогцолбор байгуулагдана. Гэхдээ боловсруулах үйлдвэрийнх үү, баяжуулах үйлдвэрийнх үү гэдгээ бодох ёстой. Зөвхөн Сайншандад хамаг юм хийгдэх ёстой гэсэн ганцхан мухар руу өөрсдийгөө түлхэж болохгүй. Бид хүнд үйлдвэрүүдийнхээ салбарыг хаана байршуулах вэ гэдэг бодлогоо арай өөрөөр томьёолоод гаргачихлаа. Мэдээж Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор ч бий. Асуудлын гол нь Сайншанддаа биш. Төр хүнд үйлдвэрийнхээ бодлогыг юунаас эхлэх вэ гэдэгтээ л байгаа юм.

 

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Мэдээллийн эрин зуунд цахим ертөнцөд хөл тавиагүй хүн алга. Таны хувьд 30 мянган дагагчтай. Хэдийгээр гайхамшигтай чөлөөт ертөнц ч гэсэн эрсдэл байгааг мартаж болохгүй санагддаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

 

-Цахим ертөнц гэдэг хувь хүний эрх чөлөөгөө эдлэх орчин. Цахим ертөнцийн бүх мэдээлэл, хүмүүсийн эмоцийг 100 хувь итгэж, хүлээж авч болохгүй нь мэдээж. Тэгвэл дэндүү гэнэн ойлголт болно. Цахим ертөнц маш өргөн хүрээг хамарч мэдээлэл маш түргэн тардаг нь үнэн. Гэхдээ цахим ертөнцийн мэдээллийг заавал шүүрдэж тунгаах чадвартай байх ёстой. Гурван жилийн өмнө намайг цахим ертөнцөд манай Р.Амаржаргал гишүүн оруулсан. Би мэдээлэл авах боломж гэж хүлээж авч орж ирсэн. Цахим ертөнц зөв ч бай, буруу ч бай бүх мэдээллийг гайхамшигтай түргэн түгээдэгтэй хэн маргах юм бэ. Тэр ч утгаараа өнөөдрийн улс төрчид цахим ертөнцөд заавал байх ёстой гэж боддог. Идэвхтэй оролцогч биш ч гэсэн байх ёстой. Дэлхийг хамарсан хил хязгааргүй ертөнцөөс хэрэгтэй мэдээллээ байнга шүүрдэж байх ёстой. Анх би, энд ямар байдлаар “амьдрах” вэ гэж бодож байгаад хэлц үгнүүдээр аж төрөхөөр шийдсэн. Хүний амьдралаас урган гарсан жирийн атлаа үнэн бас ч гэж харсан нэгэнд нь юм бодуулахуйц үгнүүд байдаг даа. Афоризм, мэргэн түргэн үг, “Титэм үг” ч биш. Их өөр өнцөг. Үгийн хэлхээс Сүүлдээ их гүн орсон. Саяхан хэлц үгүүдээрээ ном хийгээд тараалаа. Худалдаанд гаргаагүй, худалдах ч үгүй. Тэр номын нэг бүлэг нь “Амьдралын уриа”. Тэнд “нусаа арчаад өөртөө тусал” гэсэн үг бий. Хүн өөртөө тусалж өөрөөрөө л явах ёстой юм байна гэж бодогддог. Амьдралын үнэн үг шүү. Хүнийг шүүмжлээд ажил хийхгүй суухаар өөртөө тусалсан нь хождог. Энэ мэтчилэнгээр хүний амьдралын философиос урган гарч ирсэн үгнүүдийг эмхэтгээд нэг ном гаргасан. Амьдралын л үнэн. Тэр чутгаараа цахим ертөнц яах аргагүй чухал. Хамгийн гол нь шүүрдэх чадвартай байх ёстой. Эмоци дунд явдаг зүйл биш гэж хардаг. Эрсдэлтэй.

 

-Хүүхэд нас гэснээс одооны хүүхэд гэх үгийг том болоод хэлэхгүй дээ гэж боддог байсан хэрнээ би л лав хэлээд эхэлчихлээ. Нэгдүгээр ангийн хүүхэд ангийн найзтайгаа цайныхаа газарт пирожки идээд зогсож байна. Найздаа өгөхгүй, ганцаараа…

 

-Яагаад найзтайгаа хуваахгүй байгаа юм бэ гэхээр би ханиадтай гээд хариулт нь бэлэн. Өнөөх нь бол ханиадыг хуваагаад идчих сонирхолтой нь илхэн харагдаад байгаа юм. Бидний эмээ, өвөө нарт ч бас бид бас тэднээс муу чанартай харагдаад одооны хүүхэд гэж загнуулдаг байсан юм болов уу гэж бодогдоод байгаа юм?

 

Насны онцлог…(Инээв) Одооны хүүхдийн онцлог, тийм хашир. Нийгэм нь тийм болчихоод байна. Гэхдээ бид мэдрэх ёстой. Залуу үеийг харж мэдрэх гэж хичээ. Түүнээс биш өөрийнхөө өнцгөөр хараад тулгах нь хамгийн тэнэг шийдэл болно. Залуу үе маань ч өнгөрсөн юм, өнгөрсөн үе маань ямар байна вэ гэж нийгмийнхээ мөн чанарыг дагаж хардаг. Тэгэхээр ахмад нь залуу үедээ яаж тусч байна вэ гэдгээ мэдрэх ёстой. Харамсалтай нь өнөөдрийн Монголд энэ хаягдсан. Хойч үедээ зөв жишиг үлдээж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй. Бүх савлагаа нийгмийн мэдээлэл нээлттэй болчихсон учраас бүх зүйл шүүлтүүргүй явдаг болчихож. Энэ шүүлтүүрийг хэрхэн хийх вэ гэдгээ бодож олох ёстой. Эс бөгөөс тэр чигээрээ оюуны хоосролд орох гээд байна.

 

-Сэрүүн мэдрэмж л төрөөд байгаа юм даа?

 

-Тийм. Жишээ нь сайхан номны талаар шүүмж хэлж ярилцъя гэвэл хэдэн хүн цуглах вэ. Түрийвчээ аваад ир мөнгөтэй болгоё гэвэл хэдэн хүн цуглаж байна вэ… Бидний нийгмийн мөн чанар мөн биз. Сайн зүйл биш. Гунигтай. Хамгийн муу нь үүнийг өдөөгөөд байгаа хандлага. Ний нуугүй хэлэхэд, нийгэм харанхуй бүрэнхий рүү яваад байна гэдэгтэй би санал нэгддэг. Улс төрийнх нь утгаар бол Монгол Улс Үндсэн хуулийн өөрчлөлт рүү явах ёстой. Харанхуйлж бүрэнхийлэх бол төрийн тогтворгүй байдалтай шууд утгаараа холбоотой. Төрийн хүнээ сонгох сонголтон дээр алдаатай байгаатай холбоотой юм шүү. Хүн болгон дээшээ харж амьдардаг. Хүүхэд ч ялгаагүй аав, ээжийгээ хардагтай адил ард түмэн төр рүү хардаг. Төрийнхөн нь ийм байхад, би яадаг юм бэ гэх жишээний. Ийм байдлаас бид маш хурдан салах ёстой юм байгаа юм. Нийгмийн мөн чанар жаахан гундуу байгаа нь гашуун ч гэсэн үнэн.

 

-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач. Эрхүүгийн гудамжинд л танилцсан уу?

 

-Манай гэр бүлийн хүн Улаанбаатарын унаган хүүхэд. 40 мянгатынх, 23 дугаар сургуулийг төгссөн. Бид оюутан байхдаа танилцаад гэр бүл болсон. Эхнэр маань одоо гурван зээгээ хараад эмээгийнхээ үүргийг гүйцэтгэнэ. Манайх хоёр охинтой. Охид маань өөр өөрсдийнхөө хэрээр л ажлаа хийгээд явж байна. Гадаадад суръя гээгүй өөрсдийнхөөрөө төлөвшөөд явж байгаа. Энэ нь ч зөв гэж боддог. Эхнэр маань улс төрийн амьдралд оролцохгүй. Гэхдээ кургузор бол надаас илүү. Мэдээлэл маш сайн авдаг. Өөрийнх нь суурь боловсрол тийм юм даа. Багш мэргэжилтэй. Одоо хувийнхаа ажлыг хийгээд хатгамлаар занималдаад л байж байдаг юм. Ер нь манайх жирийн л амьдралтай айл. Онцгойрч сондгойроод байх юм байхгүй.

 

-Ингэхэд та алдуул морь шиг Багануур руу гүйдэлтэй хэвээрээ юу?

 

-Гүйж байгаа. Амралтынхаа өдрөөр сэмхэн очиж сайхан унтаж амарчихаад ирдэг. Нам гүм сайхан. Ер нь би хөдөө амьтай хүн.

 

-Таныг уран зургийн цуглуулгатай гэж сонссон. Яг ямар чиглэлийн зурганд дурладаг вэ. Чухам ямар мэдрэмж авдаг бол…Ерөнхийлөгч бол атаархмаар л цуглуулгатай юм билээ.

 

-Надад хязгааргүй сонирхол байдаггүй юм аа. Бүх юманд…Эхлүүлсэн ажилдаа л хязгааргүй зүтгэчих гээд байхаас биш. Тиймээ, би уран зурагт дуртай. Сайхан зураачдын хэдэн зураг бий. Ёндонгийн Өлзийхутаг гэдэг зураачийн нэлээн олон зураг бий. Би тэр ахтай 1994 онд танилцаж байсан юм. Тэр үед зураг хамгийн үнэгүй зүйл байлаа. Зураачид зургаа зарах гэж үйлээ үздэг. Би тэр ахтай танилцаж хэдэн зураг авсан. Одоо гэрт, ажлын өрөөнд бий. Их сайхан зургууд. Ардын зураач, Төрийн шагналт Г.Одон гуайн хоёр гурван зураг бий. Одон гуай манай хүний хөгшидтэй хөршүүд. Одон гуайг өнгөрсний дараа хөгшин нь над дээр орж ирээд, миний хүү ав би чамд үнэрхэхгүй. Хамгийн гол нь Монголдоо үлдэх ёстой юм. Чи гадагшаа гаргачихгүй байх гэж гурван сайхан зураг өгсөн. Тэр үед зураг их гадагшаа гардаг байсан л даа. Олон сайхан бүтээл гадагшаа гарсан.. Бас Өлзийхутаг гуайгаар Бурхан халдуны тахилга гэж зураг захиалж зуруулсан. 1995 онд мянган доллараар зуруулсан шиг санагдаж байна. Одоо үнэтэй болсон байх. Гэхдээ миний хувьд үнэ нь чухал биш. Бүтээл нь үнэхээр агуу. Манайхаар орж гарсан хүмүүс гоё зураг гэж шагширдаг юм. Хэдэн сайхан зургаа би манай гэр бүлийн өмч гэж ойлгодог. Найз нөхөд, ах дүүс орж ирээд сайхан зураг үзээд сэтгэл баясаад гарч явах сайхан шүү дээ. Түүнээс биш нэмэх хүсэл байхгүй, байгаагаа хараад сэтгэлээ тайвшруулаад л явж байя.

 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

 

З.УРАНСҮХ

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.NER.MN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж