“Туркойз Хилл Ресурс” компани нь Монголын Татварын ерөнхий газраас (МТА) “Оюутолгой” ХХК-д тавьсан татварын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй учраас Олон улсын арбитрын шүүхэд албан ёсоор хандаж буйгаа зарлалаа. Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 14-р зүйл болон 2015 онд байгуулсан Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний 8-р зүйл заалттай холбоотойгоор маргаан үүсгэсэн юм. “Туркойз Хилл Ресурс” компани “Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг.
Энэхүү маргаан Лондонд төвтэй Олон улсын худалдааны эрх зүйн комисст (ЮНСИТРАЛ) очихын өмнө гурван удаагийн арбитрын хурлаар хэлэлцэгдэх аж.
Татварын ерөнхий газраас “Оюутолгой” ХХК-д 2013-2015 оны хоорондох санхүүгийн тайланд нь үндэслэн 150 сая ам.долларын акт тавьсан гэж “Туркойз Хилл Ресурс” компани 2018 оны нэгдүгээр сарын 16-нд мэдэгдсэн. Харин 2018 оны нэгдүгээр сард “Оюутолгой” компани 4,8 сая ам.долларын төлөгдөөгүй татвар, торгуулийг хүлээн зөвшөөрч төлжээ.
“Туркойз Хилл Ресурс” компани нь “Оюутолгой” ХХК-г хөрөнгө оруулалтын гэрээ, хувьцаа эзэмшигчдийн гэрээний нэмэлт өөрчлөлт, гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Монгол Улсын хуулийн дагуу бүх татвар, торгуулийг төлсөн гэх байр сууриндаа хэвээр үлдэж байна.
Олон улсын худалдааны эрх зүйн комиссын (ЮНСИТРАЛ) дүрмийн дагуу маргааныг шийдвэрлүүлэхээр зөвшөөрснөөр хоёр тал арбитрын шийдвэрийг эцсийн гэж хүлээн зөвшөөрч байгаа хэрэг аж.
Эх сурвалж: Turquoise Hill Resources