ЭМЯ: БНСУ-аас ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д ажиглалтад авсан

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

ЭМЯ: БНСУ-аас ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д ажиглалтад авсан


Коронавирусийн /Covid-19/ халдварын дэгдэлттэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.02.21/хийлээ .

БНХАУ-д коронавирусийн халдвараар өвчилсөн 201 хүн эдгэж эмнэлгээс гарсан байна. Хэдийгээр коронавирусийн халдвар БНХАУ-д буурч байгаа ч Иран, Япон, Өмнөд Солонгос, Сингапур улсуудад халдварын тоо нэмэгдэж байна. Үүн дотор монголчуудын хамгийн их зорчдог БНСУ-д халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. БНСУ-д 156 тохиолдолд дөрвөн хот, зургаан мужид бүртгэгдсэн аж. Иймээс тус улсын Эрүүл мэндийн яам иргэддээ аль болох олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй байх, явсан тохиолдолд амны хаалт хэрэглэх, хоол хүнсээ гүйцэд болгож идэх, ханиаж байгаа болон амьсгалын замын өвчтэй хүмүүсээс хол байх зөвлөгөөг өгч байна. Монгол Улсын 48 мянга гаруй иргэн БНСУ-д амьдарч байна. Тэдгээр иргэдэд Солонгосын болон Монголын Эрүүл мэндийн байгууллагаас заавар зөвлөгөө өгч байна.

Иймээс Эрүүл мэндийн яам өвчлөл гарсан улс руу иргэдийг аль болох зорчихгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ өвчлөл гарсан 27 улс руу зорчсон бол өөрийгөө 14 хоног гэртээ тусгаарлах, олон нийтийн газраас явахгүй байх, айл хэсэхгүй байхыг зөвлөж байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Хоёрдугаар сарын 21-ны 08.00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 75 мянга 777 тохиолдол бүртгэгдэж, 2129 хүн нас барсан байна. Эмнэл зүйгээр оношлогдсон тохиолдолд лабораториор сөрөг гарсан тул БНХАУ тохиолдлын тодорхойлолтдоо дахин өөрчлөлт оруулж, эмнэл зүйн шинж тэмдгээр оношлогдсон тохиолдлоо хасч зөвхөн лабораториор оношлогдсон тохиолдлоо мэдээлээд эхэлсэн. БНХАУ-аас гадна 26 улсад нийтдээ 1098 тохиолдол бүртгэгдэж найман хүн Филиппин, Япон, Өмнөд Солонгос, Франц, Иран улсад бүртгэгдсэн. Япон, Өмнөд Солонгост нас баралтын тоо нэмэгдсэн.

БНХАУ-д тохиолдлын тоо багасч байгаа хэдий ч Япон, Солонгос, Хонконг, Тайвань, Тайландад халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Мөн БНХАУ-д зорчоогүй, батлагдсан тохиолдол болоогүй хүнээс халдвар тарсан тохиолдлын тоо нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар Солонгост гарсан тохиолдлын тоо гурав дахин нэмэгдсэн. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 20-нд 53 тохиолдол гарсан бол 21-ны 09.00 цагийн байдлаар дахин 52 хүн халдвар авч нийтдээ 156 тохиолдол дөрвөн хот, зургаан мужид бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт нэмэгдсэн 105 тохиолдлоос 16 эмнэлэгт, 27 нь сүмийн цуглаантай холбоотой гарсан. 80 хувь нь Тэгү хотод голомт тархаад байна.

Япон, Солонгос, Сингапурт голомтлон гарч буй тохиолдлын тоог харахад хүн ам олноор цугларсан газар халдвар дамжих эрсдэлт хүчин зүйл болж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүн, Завхан аймагт тусгаарлагдсан нэг хүн буюу нийтдээ тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр орой Бусан-Улаанбаатарын онгоцоор ирсэн зургаан оюутныг бид ажиглалтад авсан.

Солонгосын Тэгү хотод коронавирусийн өвчлөлийн 80 гаруй хувь бүртгэгдсэн. Түүнээс гадна тус хотод манай монголын олон оюутан залуус сурдаг. Тухайн оюутнуудын сурдаг сургуульд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сургуулийн оюутнуудыг өвлийн амралтаа аваад сургуулийн захиргаа дуудсан үед ир гэсэн мэдээллийг өгсөн учраас Монгол оюутнууд эх орондоо ирсэн байсан.

Сургуульд нь сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн учраас зургаан оюутныг Бусан, Улаанбаатар онгоцноос хүлээн авч ХӨСҮТ-д ажиглалтад авсан. Одоогоор оюутнуудын эрүүл мэнд сайн, халуураагүй байна. Тэднээс шинжилгээ аваад урьдчилсан байдлаар хяналтад байлгаж байна. Цаашдаа халдварын голомттой бүс нутгаас ирж буй хүмүүсийн хилийн нэвтрэлцлийн хяналтын цэгийг сайжруулах тал дээр эрчимжүүлсэн арга хэмжээ авахаар Мэргэжлийн хяналтын газартай хамтраад ажиллаж байна.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа П.Эрдэнэбат:  Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улс хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг хязгаарлана. 21 аймаг, нийслэл хотоос гарах уулзвар гарц, баталгаат бус замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Нийтдээ 51 цэгт цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт хийж хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалтыг хийж хэрэгжүүлнэ. Зам хаах шийдвэр гарсантай холбогдуулаад иргэд жолооч та бүхэн хад асгатай газраар зорчихгүй байхыг анхааруулж байна. Ойрын өдрүүдэд цас орж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг сэрэмжлүүлж байна. Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан учраас дээрх шийдвэрийг хүндэтгэж хөдөө орон нутагт, хот дотор золголт хийхгүй байх, уул хаданд гарахгүй байхыг сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж