НЭМЭЛТ: Ѳмнѳд Солонгост шинэ тѳрлийн коронавирусийн халдвар ѳнѳѳдѳр ѳглѳѳний байдлаар 52-оор нэмэгдэж 156 болсон билээ. Тэгвэл үдээс хойших мэдээллээр дахин 48 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 204 болжээ. Шинээр халдвар авсан хүмүүсийн 46 нь " Шинчон Тэгү" сүмийн итгэгчид ажээ.
Өмнөд Солонгост 24 цагийн дотор шинээр 52 хүн халдвар авсан нь тогтоогдож, нийт халдвар авсан хүний тоо 156 боллоо. Мөн халдвар авсан нэг хүн нас барсан талаар өчигдөр /2020.02.20/ мэдээлсэн юм. Шинээр халдвар авсан хүмүүсийн 38 нь Тэгү хотын иргэд ба үүнээс 33 нь “Шинчён Тэгү” Христийн сүмээс халдвар авчээ. Бусад тохиолдлуудын хувьд Сөүл, Гёнбук, Гённам, Чуннам, Гёнги, Чонбук, Чэжү, Гванжу гэх мэт газруудад бүртгэгдсэн байна.
Тус улсын хамгийн том голомт нь Тэгү хот тэр дундаа “Шинчён Тэгү” Христийн сүм болоод байна. Учир нь Өмнөд Солонгосын 31 дэх өвчтөн болох 61 настай итгэгч эмэгтэй халдвар авснаа мэдэлгүй нэг дор 1000 орчим хүн цугладаг сүмийн цуглаандаа хоёрдугаар сарын 9,16-ны өдрүүдэд явсан байна. Ингээд удалгүй тус сүмд явдаг хэдэн арван хүнээс коронавирусийн халдвар илэрч, тус улсад халдвар авсан хүний тоо огцом өссөн юм. Дээрх эмэгтэйг “супер халдвар тараагч” хэмээн хочилж байна. Тэгү хотод хөл хорио тогтоож, Христийн сүмүүдийг хааж, яаралтай арга хэмжээнүүдийг авч байна.
Одоогоор цуглаанд явсан 1000 орчим хүнийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байгаа ч 396 хүнтэй нь огт холбогдож чадаагүй, хаана яваа нь тодорхойгүй байгаа аж. Иймд цаашдаа халдвар авсан хүний тоо эрс нэмэгдэх магадлалтай байгаа гэнэ.
Мөн Чэжү арал дээр үүргээ гүйцэтгэж явсан тэнгисийн цэргийн нэг алба хаагч халдвар авсан нь тогтоогдсон. 22 настай цэрэг хоёрдугаар сарын 13-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл чөлөөгөөр Тэгү хотод байдаг гэртээ харьчихаад ирэхдээ ийн халдвар авсан байна. Халдвар авсан цэргийг Чэжү хотын эмнэлэгт тусгаарласан бөгөөд бусад цэргүүдийг цэргийн баазаас гадуур чөлөөгөөр явах, эргэлт авахыг түр хугацаанд хоригложээ.
Эх сурвалж: KOREA HERALD
Холбоотой мэдээ