"Өв залгамжлал нь хөрөнгөтэй, эрхтэй хүний мэдэх ёстой зүйл"

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

"Өв залгамжлал нь хөрөнгөтэй, эрхтэй хүний мэдэх ёстой зүйл"

"Өв залгамжлал нь хөрөнгөтэй, эрхтэй хүний мэдэх ёстой зүйл"

Өв залгамжлах харилцаанд тулгамддаг асуудлын талаар хуульч, судлаач А.Оюунчимэгтэй ярилцлаа. Тэрбээр 1997 оноос хойш энэ чиглэлээр судалгаа хийж байгаа нэгэн юм.


-Өв залгамжлалын зарчмыг монголчууд тийм ч сайн мэддэггүй. Өв залгамжлалд иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Өв залгамжлалын харилцаа нь маш эмзэг сэдэв. Аль ч улсад өв авах хүсэл, шуналаас үйдэлтэй маргаан гарсаар байна. Хүний нийгмийн хөгжлийн тодорхой үе шат болон мөнгө, хөрөнгийг шүтэж байгаа цаг үед өв залгамжлал нь тун хурцадмал байдаг.

Өв залгамжлал нь нас барсан хүний хөрөнгө болон эрхийн асуудал. Энэ тохиолдолд өмч хөрөнгөтэй, өмч хөрөнгө нь албан ёсны бүртгэлтэй хууль ёсных байх шаардлагатай. Иргэний эрх зүйн харилцаанд тухайн хүний эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй холбоотой. Иргэний хуульд эд хөрөнгө болон эрх өвлөгдөнө гэж заасан байдаг.

Иргэний эрх зүйн харилцаанд өв залгамжлалыг зохицуулсан хоёр хэлбэр байдаг. Нэгдүгээрт, гэрээслэл. Амьд байхдаа өөрийн эд хөрөнгө, эрхийн асуудлыг шийдвэрлэж, гэрч буюу нотариатчаар баталгаажуулсан байх хуулийн шаардлага бий. Иргэд гэрээслэл үлдээх ач холбогдлыг сайн мэдэхгүй байна. Социализмын  үед монголчууд улсын орон сууцанд амьдарч, нийтийн тээврээр үйлчлүүлдэг өөрийн өмч хөрөнгөгүй байсан болохоор гэрээслэлийн ач холбогдлыг сайн мэддэггүй байх. Гэрээслэл үлдээх нь үлдэж байгаа гэр бүлийн гүшүүд маргахгүй байх боломж олгож байгаа юм.

Газар, орон сууц, үйлдвэр болон мал, машин, хувьцаа, хадгаламжтай л бол өв залгамжлах эрхийг хүссэн ч, хүсээгүй ч шаардаж буй өнөө цагт иргэд энэ талын мэдлэг, хандлагаа дээшлүүлэх шаардлагатай байна.

-Эрхийг өв залгамжилж болно гэлээ. Яг ямар эрхийн тухайд ярьж байна вэ?

-Эрх өвлөгдөх талаар жишээ дурдъя. Зээлийн гэрээ байгуулж иргэнээс авлагатай болсон бол зээлийг шаардах эрх залгамжлагдана. Мөн цагаатгалын нөхөн олговор, дайнд оролцсон ахмадуудад олгох орон сууцны эрх зэргийг залгамжлах харилцаагаар өвлөн авдаг.

Өв залгамжлалыг хуулиар зохицуулсан хоёр хэлбэрийн нэг нь гэрээслэл, нөгөө нь?  

-Нөгөө нь хуульд зааснаар өвлөх. Хүн зөвхөн хөгширч үхдэггүй, өвчнөөр, осол аваарт орж, зуурдаар нас барах нь ч бий. Бас хүн хэзээ үхэхээ мэдэхгүй. Гэрээслэл үйлдээгүй тохиолдолд нас барсан иргэний хөрөнгө болон эрхийг хэнд ямар хэмжээгээр хэзээ олгохыг Иргэний хуульд зохицуулсан байдаг. Өвлөгч өвлөх эрхээ хангуулахын тулд хууль ёсны өвлөгч гэдгээ нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх үүрэгтэй.

-Өв залгамжлахад өрхийн бүртгэл нь нэг биш бол асуудал үүсдэг гэсэн үү?  

-Өв залгамжлалын харилцаанд хамт амьдарч байсан өвлөгчид илүү боломж олгодог ч хамт амьдарч байсныг бүртгэлээр нотолдог. Иргэний хууль, Иргэний бүртгэлийн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуульд  хамт амьдарч байсныг нь албан ёсны бүртгэлээр тогтоодог.

Нас барахад хажууд нь байсан ч өрхийн бүртгэлд хамт амьдардаг гэж бүртгэгдээгүй бол хамт амьдарч байсанд тооцогдохгүй. Төрийн албан ёсны бүртгэл болох иргэний үнэмлэхийн хаяг, өрхийн бүртгэлийн дагуу хамт амьдарч байсан өвлөгчид илүү боломж олгоно.

Харин хамт амьдардаггүй өвлөгч тухайн нас барсан хүний өмч хөрөнгө эрхийг өвлөх хүсэлтээ хуулийн хугацаанд гаргах үүрэгтэй. Энэ хугацаанд хүсэлт гаргаагүй бол өвлөх эрхээсээ татгалзсан гэж үздэг. Иргэд үүнийг ойлгодоггүй. Иргэний эрх зүйн харилцаанд хууль мэдэхгүй байгаа нь таныг хамгаалах хамгаалалт болохгүй гэж заасан байдаг.

Тиймээс өв залгамжлалын талаар мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авах эвлэрэн хэлэлцэх соёлд суралцах нь цаг хугацааг хэмнэж, сэтгэл зүйн хувьд ч хамгийн зөв гарцыг олох боломж олгодог.

-Ямар тохиолдолд маргаангүйгээр хэлцэл хийдэг вэ?

-Иргэний хуулийн 532 дугаар зүйлд өв залгамжлагч нар маргаангүйгээр хэлцэл хийх боломжтой. Иргэний хуулийн 521 дээр ижил тэнцүү авна ч гэж заасан байдаг. Иргэний хуулийн үндсэн зарчим нь иргэний харилцаанд орохдоо хуульд нийцүүлэн гэрээг чөлөөтэй байгуулахыг дэмждэг. Хэн нь ямар хэмжээтэй авах тал дээр өвлөгчид зохицож болно. Монголчуудын хамгийн том нь эсвэл бага нь илүүг авах хандлагатай байдаг.

Мөн иргэний хуульд өмч хөрөнгийг хэн авах талаар ээлж дарааг маш сайн заасан байдаг. Эхний ээлжийн өвлөгчөөр эхнэр, нөхөр, хүүхэд, ээж, аав өвлөх эрхтэй ч өрхийн бүртгэлд хамт амьдарч байсан нь давуу боломжтой. Хэрэв өвлөгчид өвийн хэмжээн дээр маргавал шүүх хэмжээг нь тогтоодог.

-Хадгаламжийг яаж өвлөдөг вэ. Хадгаламжид нь мөнгө байсан үгүйг мэдээгүй бол тэр мөнгө хаана очдог вэ?

Хадгаламж өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өвлөнө. Нотариатын хуульд өвлөгчийн хүсэлтээр нотариатч банкнаас албан бичгээр тодруулга авч хадгаламжтай эсэхийг мэдэх зохицуулалтай.

-Нэг жилийн дотор өв залгамжлах хүсэлтээ гаргах ёстой юм байна. Хэрэв гадаадад сурч байсан ч юм уу ямар нэгэн шалтгаанаар нэг жилийн дотор хүсэлтийг гаргаж чадаагүй бол яах вэ?

-Хамт амьдарч байсан бол хугацаа шаардахгүй. Харин хамт амьдарч байгаагүй тэгээд хүндэтгэн үзэх шалтгаангүй нэг жилийн дотор хүсэлт гаргаагүй бол өвлөх эрхээсээ татгалзсанд тооцогддог.

-Өвлөх эрхийн гэрчилгээг ямар хугацаанд олгодог вэ?

-Өвлөх эрхийн гэрчилгээг тухайн иргэнийг нас барснаас хойш нэг жилийн дараа олгох хуулийн зохицуулалттай. Хамт амьдардаггүй өвлөгчийн өвлөх эрх, гомдлын шаардлага гаргах хугацаатай уялдаж, нэг жилийн дараа олгодог. Иргэний хуульд өвлөх эрхийн гэрчилгээг нэг жилээс өмнө олгож болох нэг л заалт байдаг. Тэр нь цорын ганц өвлөгч байх. Гэхдээ цорын ганц өвлөгч гэсэн нотлох баримтыг өвлөгч нотолсон байх шаардлагатай.

Өвлөх эрхийн гэрчилгээг нотариат олгодог. Хуульчийн гэрчилгээтэй, хууль зүйн сайдаас нотариатын эрх олгосон, төрийн нэрийн өмнөөс гэрчийн үүрэг гүйцэтгэдэг мэргэжилтэн олгоно гэсэн үг.

-Өв залгамжлах гэрчилгээ авахад ямар баримт бүрдүүлэх вэ?

-Өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, хөрөнгө болон эрхийг нотлох төрөөс олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, оюуны өмчийн гэрчилгээ зэрэг холбогдох баримт бичиг, хууль ёсны өв залгамжлагч нь болохоо нотлох албан ёсны баримт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэргийг бүрдүүлэх шаардлагатай.

-1072 хувьцааг хуулийн дагуу өвлөх боломжтой юу?  

-Боломжтой. 1072 хувьцааг авах эрх өвлөгдөнө. Хуулийг маш сайн ойлгож хэрэглэх хэрэгцээ өнөөгийн нийгэмд тулгамдаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж