Хувьцааны дансыг мессенжерээр нээдэг болно

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Хувьцааны дансыг мессенжерээр нээдэг болно

Хувьцааны дансыг мессенжерээр нээдэг болно

“Эрдэнэс-Тавантолгой” компани өнгөрсөн 2019 оны ашгаасаа иргэдэд ногдол ашиг тараахаар болсон. 1072 ширхэг хувьцаатай нэг иргэнд 96 мянган төгрөгийг ирэх тавдугаар сард олгохоор болсон. Энэ шийдвэртэй холбоотойгоор  брокерын компаниудад хэр ачаалал үүсч буйг сурвалжиллаа.

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувийг 2.5 сая иргэнд хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдож, хувьцааны дансаа нээлгэх гэсэн иргэд үе, үе брокерын компанийг ачааллаар дарах болсон. Одоогоор 1.8 сая иргэн дансаа нээлгээд байгаа бол 600 орчим мянган иргэн дансаа нээлгээгүй байгаа юм.

Бид хамгийн эхэнд “Ард секьюритиз ҮЦК” ХХК дээр очсон юм. Биднийг 15.00 цагийн үед очиход хувьцааны данс нээлгэхээр нэг, хоёроороо хүмүүс ирсээр байлаа. Хоёр жилийн өмнөх шиг урт дараалал үүсээгүй байлаа. Энэ нь covid-19-ын халдвараас урьдчилан сэргийлж, зарим брокерын компаниуд онлайнаар данс нээдэг болсонтой холбоотой ажээ.

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙНХЭЭ ХУГАЦААГ ДУУССАН ЭСЭХИЙГ ШАЛГА

Тус компанийн брокер Ц.Бат-Эрдэнээс ногдол ашиг олгох болсонтой холбоотойгоор ачаалал хэр нэмэгдсэнийг тодрууллаа.


-Танайд хувьцааны данс нээлгүүлэхээр өдөрт хэдэн хүн хандаж байна вэ. Ногдол ашиг олгохоор болсныг зарлахаас өмнө хэдэн хүн данс нээлгэдэг байсан бэ?

-Энгийн үед буюу ногдол ашиг олгохыг зарлахаас өмнө өдөрт 5-6 хүн данс нээлгэхээр ханддаг байсан бол одоо 60-70 хүн данс нээлгэж байна. Иргэд цайны цагаас өмнө, бас гурван цаг хүртэл идэвхтэй үйлчлүүлдэг. Нэг хүн ирэхдээ гэр бүлийнхнийхээ буюу 3-4 хүний дансыг нээлгүүлж байна.

Иргэд 1072 хувьцааны данс нээлгэе гээд зөвхөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг авахад зориулсан данс гэж ойлгоод байна. Брокерын компанид данс нээлгэснээр Хөрөнгийн бирж дээр арилжаа хийх боломжтой болж байна гэсэн үг.

-Данс нээлгэхдээ иргэд юун дээр анхаарах шаардлагатай байна вэ?

-Иргэний үнэмлэхийнхээ хугацааг дууссаныг анзааралгүй ирж байна. Бас иргэний үнэмлэхээ хаячихсан, гадаад паспортаар үйлчлүүлье гэдэг. Заавал иргэний үнэмлэхтэй байхыг шаардаж байгаа болохоор иргэний үнэмлэхийнхээ хугацааг дуусч буй эсэхийг шалгах шаардлагатай байна. Мөн хүүхдэдээ данс нээлгэх гэж байгаа бол төрсний гэрчилгээ, ээж, аавын иргэний үнэмлэх шаардлагатай.

-Танайх онлайнаар данс нээж буй цөөн брокерын нэг. Онлайнаар хэр олон хүн данс нээлгэж байна вэ?

-Манайхаар үйлчлүүлэгчид 2019 оны тавдугаар сараас эхлэн онлайнаар данс нээлгэх боломжтой болсон. Тиймээс Covid-19-ийн халдвартай байгаа энэ үед иргэд гэрээс гаралгүйгээр “Ард” аппликейшныг ашиглаад хувьцааны дансаа нээлгэж болно.

ХЯЛБАР БАЙСАН БОЛ ГАДУУР ЯВАХГҮЙ АМАР БАЙХГҮЙ ЮУ

Хэдийгээр онлайнаар данс нээлгэснээр банк дээр өөрийн биеэр очих шаардлагагүй, иргэдэд чирэгдэл учруулахгүй, цаг зав хэмнэх зэрэг олон давуу талтай ч зарим иргэдэд онлайнаар данс нээлгэхэд төвөгтэй байгаа болохоор компаниуд дээр очиж, уламжлалт хэлбэрээр дансаа нээлгүүлж байна. Өөрийн биеэр ирж, данс нээлгэж буй иргэнээс шалтгааныг тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм.

-Интернетээр хувьцааны данс нээх гэж үзсэн. Төвөгтэй юм билээ. Тэгээд оффис дээр нь ирээд нээлгэж байна. Интернетээр данс нээлгэх нь ойлгомжтой, хялбар байсан бол хөл хорио тогтоосон энэ үед гадуур явахгүй амар байхгүй юу. Энд ирээд гэр бүлийнхнийхээ хувьцааны дансыг нээлгэчихлээ.

МЕССЕНЖЕРЭЭР ДАНС НЭЭЛГЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО

Брокерын компаниудын зүгээс хэрэглэгчдэд зориулан шинээр нэвтрүүлж буй үйлчилгээний талаар “Гүүдсек ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Энхтайвангаас тодрууллаа.


-Танайх олнайнаар данс нээж буй брокеруудын нэг. Онлайнаар хэр олон хүн данс нээлгэж байна вэ?

-Даваа гаригт ногдол ашиг олгох шийдвэр гарсантай холбоотойгоор ачаалал эрс нэмэгдсэн. Урьд нь буюу 2018 оны есдүгээр сард “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ногдол ашиг тараах тул дансаа нээлгэх шаардлагатай гэж мэдээлсэн үетэй харьцуулахад ачаалал 30-40 хувь бага байна. 2018 онд өдөрт 100-200 хүн данс нээлгүүлж байсан. Өнөөдрийн байдлаар 60-70 хүн данс нээлгүүлж байна. Энэ нь шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор иргэд гадуур явах нь багассантай холбоотой байх. Мөн брокерын компаниуд нь цахимаар данс нээдэг болсонтой холбоотой.

Онлайнаар мэдээлэл, зөвлөгөө авах зорилгоор өдөрт 7000-8000 хүн холбогдож байна. Онлайнаар хандаж буй хүмүүсийн 40 хувь нь дансаа нээлгэсэн ч хувьцаагаа баталгаажсан эсэх, хэдэн төгрөгийн ногдол ашиг орох вэ зэрэг мэдээлэл авахаар холбогдож байна. Үлдсэн 3000-4000 нь онлайнаар дансаа нээлгэж байна.

-Данс нээлгэсний дараа ямар алхам хийх шаардлагатай вэ. Иргэдийн дансанд ямар зарчмаар шилжих вэ?

-Иргэд данс нээлгээд л бүх зүйл болчихно гэж ойлгоод байна. Данс нээлгэхээс гадна, дансаа шалгаад явах шаардлагатай. Тавдугаар сард ногдол ашиг олгогдохоор ашгаа хэрхэн арилжааны банкны дансаараа авах талаар сайн мэдэхгүй байна.

Одоо мөрдөж буй дүрмээр иргэдийн нээлгэж буй хувьцааны дансанд буюу үнэт цаасны дансанд ногдол ашиг нь байршина. Ингээд хувьцаа амилахаар дансанд байгаа ногдол ашгаа авах хүсэлтээ иргэн брокерын газарт хүргүүлж, арилжааны банкны дансандаа шилжүүлж авна. Хүсэлтийг ямар хэлбэрээр авахыг холбогдох байгууллагууд ярилцаж байна. Хэрэв уламжлалт байдлаар авахаар болбол иргэн гарын үсгээ зурж, иргэний үнэмлэхээ хуулбарлан хавсаргах зэргээр цаасаар авна. Одоогоор уламжлалт байдлаар хүсэлт гарах эрх нь нээлттэй байгаа. Цаашид цахим хэлбэрээр хүсэлтийг авч болох хувилбарыг ярилцаж байна.

-Онлайн үйлчилгээг зарим иргэд ашиглаж чаддаггүй. Үйлчилгээг илүү хялбар, боловсронгуй байлгах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Монгол Улсын 1.7 сая иргэн идэвхтэйгээр фэйсбүүк ашиглаж байна. Тиймээс фэйсбүүк мессенжерээр харилцаад дансаа нээлгэх боломжийг судлаад, хөгжүүлээд тун удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Манай компанийн пэйж хуудсанд хандаад өөрийн мэдээллээ харилцан чат хэлбэрээр явуулснаар бид дараагийн шат руу мэдээллийг дамжуулж, мэдээлэл баталгаажин, данс нээгдвэл иргээд иргэн рүү мэдээлэл хүргэх зарчмаар явах юм. Энэ үйлчилгээг тун удахгүй нэвтрүүлнэ.

-“Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг эзэмшиж байгаа 2.5 сая иргэний хэдэн хувь нь танайд данс нээлгэсэн бэ?

-“Эрдэнэс-Тавантолгой”-д хувьцаа эзэмшиж буй 2.5 сая иргэн бий. Тэдний 400 мянга гаруй нь манай компанид данс нээлгэсэн байна.

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 52 брокерын компаниас танай компанийн ялгарах зүйл юу вэ?

-Манай компани 2019 оны гуравдугаар сард хамгийн анх онлайнаар данс нээж эхэлсэн бөгөөд 11 аймагт салбартай. Орон нутгийн харилцагч нар заавал биеэр ирж уламжлалт маягаар данс нээлгүүлдгээрээ онцлог. Тиймээс орон нутагт салбар байгуулж, тогтмол үйлчилгээ үзүүлж, иргэдэд хүртээмжтэй, тэгш үйлчлэх нь чухал. Данс нээлгээгүй байгаа 600 орчим мянган иргэний 30 орчим хувь нь Улаанбаатарын иргэд байна. Дансаа нээлгээгүй байгаа иргэд болон нийт хэрэглэгчдэд илүү хялбар байдлаар үйлчлэхийг зорин ажиллаж байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж