Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд дэмжих зорилготой “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг улс даяар хэрэгжүүлж эхэллээ.
Өнөөдөр манай улсад 820 мянга орчим айл өрх байгаагийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик мэдээ байдаг. Хэрэв 3 өрх тутмын 1 нь яг өнөөдрөөс эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөгийг хуримтлуулж зуршвал 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая төгрөг, улс орон 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болох юм. Ийнхүү айл өрх, улс орон маань үндэсний хуримтлалтай болсноор эдийн засгийн хямралд өртөх эрсдэлээс сэргийлж, мөнгөн урсгалыг дотооддоо хадгалж, эдийн засгийн өсөлтөд урт хугацаанд эерэгээр нөлөөлөх учиртай юм.
Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр болон Монголбанкны баримталж буй үндэсний хуримтлалын бодлогын хүрээнд Голомт банкны санаачлан хэрэгжүүлж буй энэхүү “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг өнөөдөр буюу 2015 оны 11-р сарын 2-ны өдөр албан ёсоор нээж Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар болон Голомт банкны дэд захирал Д.Сугар нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү Үндэсний хуримталыг хөтөлбөрийн хүрээнд Голомт банк санхүүгийн боловсролын www.edu.golomtbank.com сайт болон бусад мэдээллийн хэрэгсэл, арга хэмжээнүүдээр дамжуулан иргэдэд хуримтлалын ач холбогдол болон хуримтлалыг хэрхэн бий болгох арга ухааныг таниулан ойлгуулж, иргэдийг хуримтлалтай болоход дэмжлэг үзүүлэх юм.