Дархлаа нь төрөл бүрийн бактер, нян, вирусын халдварыг эсэргүүцэх чадвар юм. Дархлааны систем нь бидний бие организмын хамгаалалт болдог.
ДАРХЛАА ЯАГААД СУЛАРДАГ ВЭ?
Хүний биеийн дархлааны систем нь тун нарийн ажиллагаатай. “Дархлааны систем”-ийн үндсэн зангилаа нь чөмөг, дэлүү, тунгалгийн зангилаа, шингэний урсгал юм. Гадаад орчин болон организмын бага зэргийн өөрчлөлтийг аяндаа өөрөө зохицуулж байдаг. Экологийн таагүй орчин, буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусийн халдвар, ажлын хэт ачаалал нь дархлааг амархан сулруулдаг.
ДАРХЛАА СУЛРАХ ШИНЖ ТЭМДЭГ
Архаг ядаргаатай болох
Амархан ядарч, сульдах
Нозоорч, нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйдэх
Толгой өвдөх
Булчин болон үе мөч хөндүүрлэх шинж тэмдэг илэрнэ.
Дархлаа суларч хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга “өвдөнө”. Мөн уруул дээр хомхой гарах нь бие организмд хүчтэй илрэл бөгөөд энэ үед арга хэмжээ авах хэрэгтэй. Иймд дархлаа сайжруулах, дэмжих хоол хүнс, бэлдмэлүүд хэрэглэхийг зөвлөж байна.
ААРЦЫГ ХАЛУУНААР НЬ УУВАЛ ДАРХЛААНЫ ЭСҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛДЭГ
Аарц: Бидний уламжлалт хүнс болох аарц нь дархлаа сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой хүнс юм. Халуун аарц ууснаар биеийн дулаан нэмэгддэг. Ингэснээр дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Халуун аарцанд шар тос нэмснээр А, Д, Е аминдэмээр баяжуулах боломжтой.
АДУУНЫ МАХ НЬ УУРАГ, ӨӨХНИЙ ЗӨВ ЗОХИЦОЛДООТ ХАРЬЦААТАЙ
Адууны мах: Адууны мах нь хүнс тэжээлийн хувьд шим тэжээл гойд өндөр чанартай. Адууны мах нь уураг, өөхний зөв зохицолдоот харьцаатай, булчин мах нь харьцангуй нарийн ширхэгтэй (30-40 миллимикрон) төгс уураг бөгөөд үл орлогдох амин хүчлүүдээр баялаг. Өөх нь бүх булчинд жигд тархсан байдаг. Тосонд нь ханаагүй хүчлүүдийн агууламж 53-56 хувийг эзлэх бөгөөд үүнээс олон холбоот ханаагүй хүчлүүд 20-22 хувь эзэлдэг байна.
Адууны өөх нь холестерин агуулдаггүй, түүнийг бүрдүүлэгч олон ханаагүй тосны хүчил, тосонд уусдаг аминдэмүүд зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй.
Уламжлалт анагаах ухаанд адууны мах нь амтлаг амттай, бүлээн, халуун, хүнд, тослог чанартай. Бөөр, бэлхүүсний өвчинд тустай. Халуун чанартай тул царцдаггүй. Өөх нь загатнах болон үлдийг арилгана. Ясны шөл нь хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууч өвчнийг анагааж, ханиад томууг дарж, дархлааг дэмжинэ. Кальци нь ясыг бэхжүүлдэг. Төмөр нь цусны эргэлтийг сайжруулж цус төлжүүлдэг.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ