Энэ чинь ардчилал мөн үү?

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Энэ чинь ардчилал мөн үү?

Хүний амийг хөнөөхөд хүртэл хүндтэй шалтгаан хэрэгтэй гэдэг. Тэгвэл хүнийг ажлаас нь халахад хүндтэй шалтгаан байг гэхнээ ядаж л үгүйсгэх аргагүй үнэн баримттай дэлгэх ёстой биз дээ.

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан нийгмийн үнэт зүйл. Даргыгаа шүүмжилсний төлөө ажлаасаа халагддаг, айж ичдэг, нутаг заагддаг байсан аль социализмын үеийн арга барилыг ардчилагчид амжилттай ашиглаж байна. Ардчилалын алтан хараацай хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн гаргасан нэгэн хачирхалтай шийдвэр улсын баатар хүнээс гарсан гэхэд итгэмээргүй. “Та нарт хараалгуулахын төлөө би өлсч, жагсч явсан” хэмээн бардамнадаг тэрбээр, өөрийг нь огцруулах бичигт гарын үсэг зурлаа гээд хэн нэгнийг ажлаас халж байгаагаа ардчилал гэж тайлбарлах уу. Ийм ардчилалыг ардчилал гэх үү?

Дарга, сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан байлаа ч  энэ нь хүнийг ажлаас нь халах хүндтэй шалтгаан мөн үү, ардчилагчид аа.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Б.Саранчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө өөрийг нь огцруулах бичигт гарын үсэг зурсан хэмээн хотын дарга өс өвөрлөж, үүнийгээ ч шийдвэр гаргахдаа ил тод хэлжээ.  Уг шийдвэрээ ёстой л “чоно борооноор” гэгчээр амралтын өдрөөр гаргасан нь ардчилсан нийгэмд амьдраад байна уу аль эсвэл коммунист нийгэмд амьдраад байна уу гэсэн эргэлзээг бий болгож байна. Коммунистуудыг үзэн яддаг баатар хотын баатар даргын энэхүү шийдвэр Монголын ардчилал дүр эсгэсэн гэдгийн нэг нотолгоо болов. Халуун залуу наснаасаа эхлэн ардчилалын төлөө зүтгэж явсан ардчилалын алтан хараацайн шийдвэр гэхэд арай ч дээ, Э.Бат-Үүл дарга аа. 25 жилийн турш өлсч, цангаж, өрсөлдөж, зүтгэж олж авсан нэр төрөө ингэж уландаа гишгэх шаардлага юу байна. Энийгээ тэгээд дотоод ардчилал гэж битгий хэлээрэй. Үзэж чаддаггүй байсан коммунист дарга нараасаа өөрөө ялгарах юмгүй болж дээ, баатар дарга гуай.

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж