УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2016 оны улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцжээ.
Энэ талаар УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, мөнгөний бодлогын талаар МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагч Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ.
Энэ долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг Халх голыг чөлөөт бүс болгох УИХ-ын 75 тоот тогтоолыг эргэж харах нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Халх гол чөлөөт бүсийн асуудал орж ирсэн. Харамсалтай нь чөлөөт бүс байгуулах тогтоолоо түрүүлж хэлэлцээд бодлогын баримт бичгээ батлалгүй үлдээсэн. Уг нь бодлогодоо нийцүүлж Халх гол чөлөөт бүсийн асуудлыг ярих ёстой байсан. Тийм болохоор бодлогын баримт бичгээ эхэлж баталъя. Шаардлагатай бол Халх гол чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлыг ярих нь зүйтэй гэж бүлэг үзсэн гэлээ.
МАН-ын бүлгийн хувьд 2016 оны төсвийн талаар өмнөх байр сууриа баталгаажуулжээ. Тухайлбал, гадаад томилолт, сургалт, зөвлөгөөн, семинарын зардлыг бууруулах ёстой гэж үзэж байна. Мөн ирэх онд шинэ хөрөнгө оруулалтыг эхлүүлэхгүй, ингэхдээ өмнө нь эхлүүлсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг дуусгах ёстой гэсэн байр суурь барьсан аж.
Засгийн газар ирэх онд Төрийн банкийг хувьчлах саналыг төсвийн төсөлд оруулж ирсэн. МАН-ын бүлэг Төрийн банкийг хувьчлахгүйгээр өөрчлөн байгуулалт хийх замаар жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх банк байгуулах шаардлагатай гэж үзжээ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан, Үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэх мэт ерөнхий зорилго нь ижил мөртлөө олон салангид сангууд, үүн дээр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг нэгтгэж банкны активыг нэмэгдүүлж болно. Нийгмийн даатгалын сангийн 500 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад бага хувийн хүүтэй байршиж байгаа. Энэ мөнгийг Төрийн банкинд байршуулах замаар ахмадуудын тэтгэврийн зээлийн хүү, жижиг дунд үйлдвэрийн зээлийн хүүг бууруулахад анхаарах ёстой гэж бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.
Б.Чойжилсүрэн: Эдийн засагт аврах ажиллагаа хэрэгтэй боллоо
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл хэт бөөрөнхий, тодорхой асуудлыг шийдэх шийдэлгүй байна гэж УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн мэдээллээ. Тэрээр хэлэхдээ "Монголбанк эхний ээлжинд ядуурал, хямралын эсрэг дэд хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэх ёстой. Гоё сайхан хөтөлбөр ярихаас илүүтэй Монголбанк 2016 онд эдийн засгийг дампуурлаас аврах дэд хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эдийн засагт аврах ажиллагаа хэрэгтэй боллоо. Банкны систем хямралд орох магадлал өндөр болсон. Учир нь чанаргүй зээлийн хэмжээ 10 гаруй хувьтай байна. Зарим банкинд 20 орчим хувьд хүрсэн сураг байна" гэлээ. Монголбанк аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд хүлээлтэд хариу болгож 2016 онд банкны зээлийн хүүний дээд хэмжээ хэд байх, валютын ханш дунджаар хэд байх талаар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй гэж Б.Чойжилсүрэн гишүүн онцлов. Мөн мөнгөний хатуу бодлогыг цаашид үргэлжлүүлэн явуулах, сүүлийн гурван жилийн эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг УИХ байгуулах ёстой” гэв.
Г.ДАРЬ