НЭМЭЛТ: 17:46 ЦАГ
Нас барсан хүний хувьд Чёондо хотын эмнэлэгт уушгины хатгалгаа гэсэн оноштойгоор хэвтэн үйлчлүүлж байгаад өнгөрсөн Лхагва гариг (2020.02.19)-т нас баржээ. Өвчтөнийг нас барсны дараа шинэ төрлийн коронавирусийн халдвартай байсныг тогтоосон байна.
Мөн шинээр халдвар авсан хүмүүсийн нэг нь Чэжү арал дээр үүргээ гүйцэтгэж байсан тэнгисийн цэрэг байсныг тус улсын хэвлэлүүд онцолжээ.
16:40 ЦАГ
COVID-2019 ХАЛДВАРЫН УЛМААС НАС БАРСАН АНХНЫ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ
Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан хүний тоо 22-оор нэмэгдэж, 104 боллоо. Энэхүү covid-2019 халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Засгийн газрын харьяа Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх албанаас мэдээлжээ. Шинээр халдвар авсан 22 хүний 21 нь Дэгү хотын иргэд бол нэг нь Сөүл хотын иргэн ажээ.
Тус улсын 31 дэх халдвар тээгч 61 настай Христийн сүмийн итгэгч эмэгтэй халдвар авсан гэдгээ мэдэлгүй сүмийн цуглаанд очсоноор бусад хүмүүст халдвар тараасан байна. Дээрх 21 тохиолдлын 5 нь Шинчон Жидаэ сүмийн итгэгчид ажээ. Ийнхүү нэг иргэнээс болж Дэгү хотод халдварын тоо огцом нэмэгдээд байгаа юм.
Сөүлээс 300 км зайд орших Дэгү хот нь 2,5 сая хүн амтай бөгөөд хотын захиргаанаас гуравдугаар зэрэглэлийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ард иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байх, гэртээ ч амны хаалт зүүхийг зөвлөж байгаа ажээ.
Холбоотой мэдээ