Европын хөлбөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны ээлжит тоглолтууд өчигдөр/2020.02.19/ болж өнгөрлөө.
- Тоттенхэм Хотспур 0:1 РБ Лейпциг
Сон Хюн-Мин болон Харри Кэйн хэмээх довтолгооны супер хослолоо гэмтэлд алдсан Английн Тоттенхэм Хотспур баг өөрсдийн талбайдаа Юлиан Нагелсманн хэмээх 32 настай залуухан дасгалжуулагчийн Германы РБ Лейпциг багийг хүлээн авч тоглолоо. Энэхүү тоглолтод Тоттенхэм Хотспур багийг тэр дундаа ахлах дасгалжуулагч Жозе Моуриньог нарийн төлөвлөгөөтэй гарч ирнэ хэмээн таамаглаж байсан ч үгүй байжээ.
Тоглолтын эхнээс хоёр баг нээлттэй харилцан довтолж, бөмбөг эзэмшилт ч ойролцоо байсан. Хоёрдугаар үеийн 58 дахь минутад Тоттенхэм багийн Уэльс жигүүрийн хамгаалагч Бен Дэвис өөрийн торгуулийн талбайдаа РБ Лейпциг багийн хагас хамгаалагч К.Лаймер дээр зөрчил гарган эсрэг багтаа торгуулийн цохилт хийх боломж олгосон. Үүнийг нь ч Германы шигшээ багийн гарааны довтлогч болоод буй Тимо Вернер амжилттай гүйцэтгэж, РБ Лейпциг 1-0 гэсэн харьцаатай тэргүүлж эхэлсэн. Тоглолтын үлдсэн хугацаанд Тоттенхэм Хотспур баг тооны харьцааг тэнцүүлж чадалгүй Германы баг Лондон хотоос хожилтой нутаг буцлаа. Хоёр багийн хариу тоглолт ирэх сарын 11-нд РБ Лейпциг багийн Ред Булл цэнгэлдэхэд болно.
- Аталанта 4:1 Валенсиа
Италийн Аталанта баг УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтоо Милан хотын Сан-Сиро цэнгэлдэхэд Испанийн Валенсиа багийг хүлээн авч тоглолоо. Аталанта багийн өөрсдийн цэнгэлдэх болох Бергамо хотын Гевисс цэнгэлдэх нь УЕФА-ийн шаардлагыг хангахгүй байсан учир 55 км-ын зайтай байдаг Милан хотод ирж тоглолтоо хийжээ. Айлын хоол амттай гэдэг шиг өөр багийн цэнгэлдэхэд ирж тоглосон Аталанта Валенсиаг хэцүүхэн байдалд оруулав.
Тоглолтын нэгдүгээр үеийн 16 дах минутанд Аталантагийн хагас хамгаалагч Ханс Хатебоер гоолыг салхийг хагалсан бол 42 дах минутанд Ёсип Личич, хоёрдугаар үеийн 57 дахь минутад Ремо Фрьюлер, 62 дах минутанд эхний гоолын эзэн Ханс Хатебоер нар дараалан гоол оруулж Аталанта тоглолтыг 4-0 гэсэн харьцаатай тэргүүлж, Аталанта ялах нь бараг ойлгомжтой болсон. Гэвч талбайн зочдоос 66 дах минутад Орос жигүүрийн довтлогч Денис Черишев багийнхаа нэр төрийн ганц гоолыг оруулж, хэцүүхэн даалгавартай нарлаг Испани руу буцлаа. Хоёр багийн хариу тоглолт ирэх сарын 11-нд Валенсиа багийн Месталла цэнгэлдэхэд болно.
УЕФА Аваргуудын лигийн үлдсэн хасагдах шатны тоглолтууд дараа долоо хоногт үргэлжлэн явагдана.