ОХУ-ын Монополийн эсрэг албаны мэдээгээр хоёрдугаар сарын 10-17-ны хооронд нийслэл Москва хот болон Карачаево-Черкесийд амны хаалт ховордсон байна. Монополийн эсрэг албаны онцлон тэмдэглэснээр уг албаны хийсэн шалгалтад хамрагдсан эмийн сангийн 50 хувьд нь амны хаалт ховордсон байжээ.
2019 оны арванхоёрдугаар сарын 31-тэй харьцуулахад хоёрдугаар сарын 17-ны байдлаар Москва хотод амны хаалтын үнэ 900%, Карачаево-Черкесийд 100% өссөн байна. Үүнээс гадна Оросын ихэнх хотод амны хаалтын үнэ нэмэгдсэн байна. Тухайлбал, Кабардино-Балкарид 233%, Пермь мужид 171%, Киров мужид 88%, Архангельскэд 80%, Свердловскод 80%, Ростовд 76%-иар тус тус амны хаалтын үнэ нэмэгджээ.
Өнөөдрийн байдлаар нэг ширхэг амны хаалт Москвад 20 рубль, Кабардино-Балкарид 10 рубль, Пермьд 33 рубль, Карелид 24 рубль, Тулад 6,3 рубль, Адыгеяд 6,5 рубль байгааг Монополийн эсрэг алба мэдээллээ.
Хятадад гарсан коронавирусийн халдвартай холбоотойгоор энэ хоёрдугаар сарын эхнээс амны хаалтын эрэлт эрс нэмэгдсэн бөгөөд хэрвээ хомсдож эхэлбэл хатуу зохицуулалт хийнэ гэдгээ Монополийн эсрэг алба мэдээлсэн юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ