Дархан-Уулын Засаг дарга С.Насанбатын “Алт”, “Тендер” зэргийн баримтыг дэлгэв

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

Дархан-Уулын Засаг дарга С.Насанбатын “Алт”, “Тендер” зэргийн баримтыг дэлгэв

Дархан-Уулын Засаг дарга С.Насанбатын “Алт”, “Тендер” зэргийн баримтыг дэлгэв

Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Б.Батболд, ИТХ-ын төлөөлөгч н.Батжаргал нар өнөөдөр (2020.02.20) Засаг дарга С.Насанбатын хууль зөрчсөн баримтуудыг олон нийтэд дэлгэлээ. Тэд мэдээллээ үндсэн гурван агуулгад багтаан ярьсан юм.

НЭГДҮГЭЭРТ, Засаг дарга С.Насанбат нь Дархан-Уул аймагт алт олборлодог аж ахуйн нэгжүүдтэй холбоотой байж болзошгүй аж. Учир нь С.Насанбат нь хууль бусаар алт олборлогчдын эрх ашгийг хамгаалж, тэдний захиалгаар аймгийн удирдлагын түвшинд шийдвэр гаргуулдаг байх магадлалтай гэж тэд хэллээ. Ганцхан жишээ хэлэхэд, “Дархан хайрханы хөндий”, “Дархан хайрханы өсгүүр”, “Бат хишиг арвижих”, “Өрнөх өсөх дэвжих” гэсэн нөхөрлөл нь зөвшөөрөлгүйгээр Шарын голын зэвсгийн агуулахын орчимд бичил, уурхайн үйл ажиллагаа явуулж байна.

Уг нөхөрлөлд зөвшөөрөл өгөхийн тулд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болон хурлын хуралдаанаар хэлэлцэх ёстой. Түүний дараа Ашигт малтмалын хэрэг, эрхлэх газар болон Засаг даргад уламжилж орборлолт хийх зөвшөөрлийг өгдөг байна. Гэтэл эдгээр нөхөрлөл нь ИТХ-ын хурлаар хэлэлцүүлээгүй, зөвшөөрөл аваагүй мөртлөө 2019 оны намраас эхлээд олборлолт хийж эхэлсэн байна. Эдгээр нөхөрлөлүүд олборлолтоо хийж дуусаад буцаагаад газрыг нь булж хаячихаад явчихсан.

Хууль бусаар алт олборлолт бүтэн нэг жил явсан байхад үйл ажиллагааг нь дэмжсэн цаашлаад хяналт тавиагүйд Засаг дарга С.Насанбатыг буруутгаж байна. Уг нь аймгийн Засаг дарга нь бичил уурхай эрхлэгчдэд хууль эрх зүйн хувьд хяналт тавьж ажиллах ёстой эрх бүхий сүбьект гэж Б.Батболд хэллээ. Засаг дарга нь дээрх бичил уурхай эрхлэгчдэд хараа, хяналт тавиагүйгээрээ Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар хууль бус бичил уурхайн үйл ажиллагааг зогсоох ажил 2019 оны намраас эхэлсэн байхад уг захирамжийг зөрчсөн ажил Дархан-Уул аймагт хийгдсээр байгаагийн тод жишээ энэ юм. Уг хэргийг шалгуулахаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хандсан ч хэрэгсэхгүй болгосон байна.

ХОЁРДУГААРТ, Дархан-Уул аймагт хөрөнгө оруулалт, төслийн мөнгө хараа, хяналтгүй зарцуулагддаг болсныг С.Батболд, н.Батжаргал нар мөн мэдэгдлээ. Тухайлбал, 2016-2019 онд Дархан-Уул аймагт улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаас маш олон тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжсэн байна. Зөвхөн 2019 онд л гэхэд 45 орчим тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Уг мөнгөөр Дарханы МАН-ын болон Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан ажлуудыг хийж байгаа аж. Гэхдээ төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой ноцтой олон асуудал гардаг. Худалдан авах тендер шалгаруулалт , ажлын үр дүн нь иргэдийн сэтгэл ханамжийг хангахгүй байна гэж тэд мэдэгдэв.

Мөн аймгийн ИТХ-аас ажлын хэсэг гарч төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгахад хангалтгүй гэх дүгнэлт гаргасан байна. Тухайлбал, Дархан-Уул аймаг дахь “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-г гурван тэрбум төгрөгөөр тохижуулах тогтоолыг ИТХ-ын хуралдаанаар баталсан байна. Энэ дагуу 2019 онд 1.2 тэрбум төгрөгөөр уг паркад зургаан ширхэг тоглоом худалдаж авах шийдвэр гарчээ.

Гэтэл тоглоом авах тухай ИТХ-ын шийдвэр 11 сард гарсан байхад тендерт шалгарсан TSJ компани 2018 оны нэгдүгээр сарын 01-ны өдөр байгуулагдаад тоглоомыг худалдан авч нийлүүлсэн байна. Тэдний авсан тоглоом нь зах зээл дээр хямд зарагддаг ч өндөр үнээр Дархан-Уул аймагт нийлүүлсэн мөн бүтээгдэхүүний чанар, суурилуулалт зэрэг нь 1.2 тэрбум төгрөгтөө ороогүй байгаа нь анхаарал татаж байна гэж Б.Батболд, н.Батжаргал нар мэдэгдсэн юм.

Хамгийн ноцтой нь цэцэрлэгт хүрээлэн тохижуулах нэрээр газрын хууль бус наймаа явагдаж байгаа аж. Зургаан тоглоомыг суурилуулахын тулд 2.2 га газар хангалттай. Гэтэл 8.4 га газарт тоглоомыг суурилуулна гэж газрыг чөлөөлөөд байгаа аж. Тэгэхээр энэ том хэмжээтэй газрыг зориулалтын бусаар ашиглаж магадгүй хэмээн хардаж байна хэгэж тус төлөөлөгчид хэлсэн юм.

ГУРАВДУГААРТ, С.Насанбат дарга намыг төлөөлж сонгуульд орох гэж байна. Гэтэл тэрбээр өмнө нь гэмт хэрэгт нэр холбогдож шалгагдаж байсан. Ийм хүмүүст сонгуулиас өмнө хариуцлага тооцож намаа цэвэрлэх ёстой гэж Дарханы МАН-ын гишүүд үзэж байгаа аж.

Дарханы ИТХ нь 33 гишүүнтэй бөгөөд сөрөг хүчингүй, 3 бие даагчтай. Гэтэл сүүлийн үед нам дотроо хоёр хуваагдаж улс төржилт нь их болжээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөх ч эрхгүй болсон байна. Ярилцлага өгмөөр байна гэхэд нь "Засаг дарга та нараас ярилцлага авч болохгүй" гэж хэлдэг байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж