2019 оны Шилдэг үг тодорлоо

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

2019 оны Шилдэг үг тодорлоо

2019 оны Шилдэг үг тодорлоо

Монголчууд “Амны бэлгээс ашдын бэлгэ”, “Өөдлөх айлын үг нэг, Өсөх малын зүс нэг” хэмээн бэлгэшээн ярьдаг уламжлалтай. "Монголоо Шинэчилье" клуб, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс санаачлан зохион байгуулсан 2019 оны “Шилдэг үг” шалгаруулах үйл явдал нь бүх нийтээрээ тухайн оны үйл явдлуудыг эргэцүүлэн бодож, дундаас нь сайныг нь тодруулан товойлгох замаар саарыг ариусган, ирэх жилдээ гэрэл гэгээтэй, хөгжил дэвшилтэй байхыг бэлгэшээх гэсэн гурвалсан зорилготой юм. Ийнхүү 2019 оны “Шилдэг үг”-ээр Монголын Текстилийн салбарын инженерүүд, эрдэмтдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Базарваани овогтой Амарзаяагийн “Гэгээрэл ба Шударга ёс” гэсэн үг шалгарсан байна.

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.ЧОЙЖАМЦ:

-Бидний зүгээс олон нийтийн сүлжээ, радио телевизээр энэ тухай их зарласны үр дүнд ард иргэд маань маш олон үг ирүүлсэн. Тэдгээр дотроос хамгийн олон давтагдаж, ирсэн нь энэхүү үг байгаа юм. Тэгэхээр энэ үг ард түмэнд нийцсэн үг гэж бодож байгаа. “Гэгээрэл” бол боловсрол мэдлэг болон ёс суртахуун гэсэн үгсийн нийлэмж үг хэмээн бид ойлгож байна. Мөн ард иргэд шударга ёсыг ихээр хүсч байгаа нь мэдээж. Иргэд шударга ёсыг ихээр хүсч, хууль дүрмээ сахин, ёс журамтай, ёс зүйтэй байхыг хүсч байгаа хэмээн бид мөн ойлгож байна. Ийм учраас “Гэгээрэл ба Шударга ёс” хэмээх үг тэргүүн байрыг эзэлж байгаа юм. Дараа жил бид мэргэжлийн хүмүүсийн хүрээнд болон ард иргэдийн дунд чөлөөтэй санал асуулга авч, илүү өргөн хүрээтэй тодруулах болно. Мэдээж нууцлалыг маш сайн хангаж, үгийн сонголт гэх мэт зүйлсийг нягт анхаарна. Энэ жил эхний жил гэхэд нарийн зүйлс их гарч ирж, нэлээн шалгууртай хэцүү ажил гэдгийг ойлголоо. Нийт 800 гаруй санал ирснээс зургаан хүнтэй эрдэмтдийн комисс энэхүү үгийг шалгаруулсан байгаа юм.

2019 оны “Шилдэг үг”-ийн эзэн Б.АМАРЗАЯА:

-Энэ олон үг дундаас миний болон манай хамт олны хамтын ярилцсан үг шалгарсанд баяртай байна. “Гэгээрэл ба Ёс суртахуун” болон “Гэгээрэл ба Шударга ёс” гэсэн үгс хоорондоо яалт ч үгүй нягт холбоотой үгс. “Гэгээрэл” гэдэг үг маань хүний хөгжил, оюун ухааны цэвэр ариун байдал гэсэн утганд орно. Оюун санаа нь бохирдоод ирэхээр хүн уур уцаартай, амин хувиа бодсон, ханаж цаддаггүй шунадаг, ямар ч хариуцлагагүй гэх мэт оюун санааны доод түвшинд очдог. Тэгэхээр яалт ч үгүй боловсрол гэдэг зүйл дээр “Ёс суртахуун” гэдэг зүйл заавал байх ёстой. Ингэж байж хувь хүний хариуцлага, хувь хүний хөгжил яригдана. Үүнээс улбаалан шударга ёс, улс орны хөгжил гэдэг зүйлтэй холбогдоно. Тийм учраас “Гэгээрэл” хэмээх өргөн хүрээтэй энэ утгыг хангасан хүмүүс төр засгийн удирдлагыг авч, улс орон маань хөгжих юм байна гэсэн бидний энгийн үгийг албан ёсны үг болгосон санаа л даа. Энэ бүх санаа маань “Гэгээрэл ба Шударга ёс” гэсэн үгээр илэрхийлэгдэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж