ТҮК-ийн ажилтнууд халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна | News.MN

ТҮК-ийн ажилтнууд халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна

ТҮК-ийн ажилтнууд халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна

ТҮК-ийн ажилтнууд халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна

Улаанбаатар хотын гудамжаар алхаж явахад үнэхээр бэрх. Нус, шүлс, цэр, тамхины ишний бөөгнөрөл ой гутмаар байдал хаа сайгүй. Автобусны буудал, албан байгууллагын үүд, төв талбай, гудамжин дотор арзаганатал шүлсээ хаяж, ил задгай нус цэрээ нийж, бие засах нь ердийн үзэгдэл. Энэ нь агаар дуслын замаар дамждаг элдэв өвчин үүсэх шалтгаан болдог.

Уг нь ийм зөрчил гаргаж, соёлгүй авирласан иргэдэд арга хэмжээ авдаг хууль манай улсад бий. Харамсалтай нь, хүмүүс чихнийхээ хажуугаар өнгөрүүлсээр олон арван жилийг үджээ. Бодит амьдрал дээр хэрэгждэггүй эл хуулийн заалт саяхнаас амь орж, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран хяналтаа чангаруулав.

Гудамж талбай болон аж ахуйн нэгжүүдийн камерын тусламжтай зөрчил гаргасан иргэнийг илрүүлж байгаа аж. Цагдаагийн алба хаагчид хоёрдугаар сарын 7-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 1821 иргэнд нийт 18 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Харин он гарснаас хойш 5402 иргэн зөрчил гаргаж, нийт 54 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

НУС, ЦЭР, ШҮЛСЭЭ ХАЯЖ, БИЕ ЗАССАН ИРГЭДЭД 54 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖЭЭ

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.АМАРМӨРӨН: 

-Нийслэл хотынхоо төв гудамж, нийтийн эзэмшлийн талбайд нус, цэр, шүлсээ хаясан зөрчил гаргасан иргэдэд торгууль ногдуулахыг Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан хоёрдугаар сарын 7-ны өдөр үүрэг болгосон. Захирамж гарснаас хойш нийт 1821 зөрчил илэрсэн. Үүнээс 85 нь нус цэр, шүлс хаясан, 169 нь бие зассан, 1567 нь хог хаясан байна. Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 10 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгож байна. Гудамж талбайд нус цэрээ хаяж бие зассан зөрчлийг камерын тусламжтай илрүүлэхээс гадна цагдаагийн алба хаагчид гудамж талбайд эргүүлээр ажиллаж илрүүлж байна.

Зөрчил гаргасан иргэдийн зарим нь нус, цэр, хогоо ил задгай хаяснаа хүлээн зөвшөөрөхгүй “Би ийм зөрчил гаргаагүй” гэх байдлаар хандаж байна. Хуулийн заалтыг зөрчиж эсэргүүцсэн тохиолдолд Зөрчлийн хэрэг нээж, нотлох баримт бүрдүүлэх байдлаар хариуцлага тооцдог. Гудамж талбайд ил задгай нус цэрээ хаяж, бие засвал торгох Зөрчлийн тухай хуулийн заалт өмнө нь хэрэгжиж байсан. Хүмүүст хуулийн заалт хэрэгждэггүй юм шиг санагддаг байх.

Цагдаагийн алба хаагчдын шийдвэрлэсэн тоо баримтаас дурдвал өнгөрсөн 2019 онд нус цэрээ хаяж, бие зассан 43 мянган зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулиар 403 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Хамгийн гол нь иргэд бие биедээ шаардлага тавьж, зөрчил гаргасан иргэний зургийг авах, видео бичлэг хийж дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, нийслэлийн цагдаагийн газрын цахим хуудаст зөрчлийн мэдээллүүдийг явуулах боломжтой. Энэ дагуу бид хариуцлага тооцох болно” гэлээ.

Зөрчил гаргасан иргэдэд ногдуулсан торгуулийн мөнгийг хаана хэрхэн зарцуулдаг нь эргэлзээтэй. Цагдаагийн байгууллага нийт 54 сая төгрөгийн торгуулийн мөнгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санд Төрийн банкаар дамжуулан тушаажээ. Цагдаагийн алба хаагчид иргэдэд  тухайн газарт нь торгууль ногдуулж, шийтгэх хуудас олгож байгаа юм байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасны дагуу цагдаагийн байгууллагаас иргэдэд хариуцлага тооцож байгаа юм. Харин Мэргэжлийн хяналтын байгууллагаас Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу зөрчил гаргасан иргэнийг 50 нэгжтэй тэнцэх хүртэл мөнгөн дүнгээр торгож байгаа юм.

ГУДАМЖ ТАЛБАЙД НУС, ЦЭР, ШҮЛСЭЭ ХАЯВАЛ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.БАЯРБОЛД: 

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас гудамж талбайд нус, цэр, тамхины иш хаях асуудалд хяналт шалгалт хийж байгаа бөгөөд одоогоор 200 гаруй хүнд хариуцлага тооцсон. Гудамж талбайд нус, цэр, тамхины иш, хогоо хаясан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 50,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500,000 төгрөгөөр торгоно. Зөрчил гаргасан иргэдийг ойролцоох гудамж талбай дахь аж ахуйн нэгж байгууллагуудын хяналтын камераар илрүүлж байна гэлээ.

Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д зааснаар "Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах"-ыг хориглодог. Эдгээрийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

Цар тахлын аюулаар дэлхий дахиныг сандаргаж буй коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг нь эл Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг чангатгах юм. Хөл хорио тогтоосон онцгой дэглэмийн үе таарсантай холбоотой юу, ямартай ч нэг үетэй харьцуулахад хотын төвдөө шүлс, нус цэрээ хэнэггүй хаяж, амны хаалтгүй мөртлөө ханиалгаж найтаадаг хүн харагдахаа больсон нь сайшаалтай. Гэвч коронавирусийн халдвар авч болзошгүй хамгийн эрсдэлтэй бүлгийнхэн бол ТҮК-ийн ажилтнууд. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл хотоо цэвэрхэн байлгахын төлөө ажилладаг тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал анхаарч буй зүйл одоогоор алга бололтой.

БИД ХАЛДВАРЫН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА

ТҮК-ийн Зам талбайн үйлчлэгч З.УУГАНЦЭЦЭГ: 

-Хүмүүс коронавирусийн талаар мэдээлэл сайн авч байгаа бололтой. Эсвэл хөл хорио тогтоосон болохоор ч тэр юм уу, гудамж талбайд нус цэрээ хаяж, хогийн сав руу бие засдаг байсан тохиолдол багассан. Бид гудамж талбайд нус цэрээ хаяж байгаа хүмүүст халдварт өвчин гарна гэдгийг сануулж шаардлага тавьдаг. Шаардлагыг маань хүмүүс зөвөөр хүлээж авдаг болсон. Халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр бидэнд амны хаалт, бээлий, ариутгалын бодис өгч байгаа. Гэхдээ энэ нь халдвараас сэргийлэх найдвартай арга гэж бодохгүй байна. Бид маш эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа шүү дээ. Одоогоор даавуун амны хаалтаа өдөрт гурван удаа сольж байна. Нарийн шүүлтүүртэй маск долоо хоногт гурван удаа олгодог гэлээ.

ТҮК-ийн Зам талбайн үйлчлэгч С.МӨНХБАТ:   

-Бид халдварт өвчин авах маш их эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Цас, мөснөөс эхлээд л хог хаягдал, нус цэр, бөөлжис хүний элдэв ялгадастай зууралддаг. Байгууллагаас олгож байгаа маск, бээлийний хүрэлцээ хангалттай бий. Гэхдээ бусад шиг халдвараас сэргийлэх цув, шил, малгай зэрэг байхгүй. Төрөөс олгосон алаг хувцсаа л өмсч байна. Бидэнд долоо хоногт гурван удаа N95 маск өгч байгаа. Ер нь бээлий, маск хоёр л байна даа. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах талаарх ойлголтоо авсан. Заавар зөвлөмжийг удирдлагууд өгсөн. Хүмүүс дор бүрнээ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа байх. Тиймээс ч иргэд гудамж талбайд нус, цэр, шүлсээ хаях нь багассан. Энэ нь бидний ажлыг ч хөнгөлж байна. Үүнээс өмнө хүмүүс замбараагүй л ил задгай хог, нус, шүлс, цэрээ хаядаг байсан. Хүмүүс гудамж талбайд шүлс, нус, цэрээ хаявал халдварт өвчин дэгддэг гэдгийг ойлгож байна.

Нарийн шүүлтүүр бүхий N95 маскийг долоо хоногт гурван удаа олгож байгаа гэж ажилтнууд нь хэлж байгаа ч даавуун амны хаалт, хөвөнтэй бээлийнээс өөр хамгаалалтгүй эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй дүр зураг харагдсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-02-20 43.242.243.186

ЭээНус цэр шүлс шээстэй бохир усаа гадаа гудамжны шороо руу цацчихдаг тэгээд тэр бохир дээгүүрээ бүгд алхаж байдаг л асуудалтай байна даа. Ойрноос урь орж цас мөс удахгүй хайлж эхлэх болтой . Халдвар тархаж аюул болох вий гэж айх юм. Гудамж нүхэн жорлон муу усны нүх зэргийг сайтар ариутгаж эхлэхгүй бол өвчин тархахвий дээн

Avatar

Зочин 2020-02-20 122.201.22.115

Агаарын тээврийн либерал хуулийг бүрэн чөлөөлж байж олон авиа компани өрсөлдөнө үнэ буурна миат ажилчидаа үнэгүй нисгэх билет өгдөг шахаа мэтээс болж дэлхийд байхгүй монголоос эхлэлтэй өндөр үнтэй билеттэй. Монголд энэ агаарын тээврийн салбар мөн гадны хямд хүүтэй зээлийн үйлчилгээтэй банкийг оруулж ирэхгүй улстөрийнхөн авилга авдаг болоод л бүрэн чөлөөлж өрсөлдүүлэхгүй байгаа нь үнэхээр эмгэнэл

Avatar

Зочин 2020-02-20 202.126.88.232

Ажилтнууд уу, ажилчид уу?!

Avatar

Зочин 2020-02-20 202.9.46.27

чи эд нарыг ажилчид гэж бичмээр байна уу. яг үнэндээ бол эд нар чинь жинхэНЭ ТҮК-ийг авч яваа ажилтнууд. Чам шиг үгийн өөн дээр ажилласан өөр юм хийх чадваргүй , өөрийгөө ажилчин биш ажилтан гэж боддог, бэртэгчин сэхээтнүүд Монголд хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж