АН-д алхаж орох нүүр З.Энхболдод бий юу?

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

АН-д алхаж орох нүүр З.Энхболдод бий юу?

АН-д алхаж орох нүүр З.Энхболдод бий юу?

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албаа Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Ө.Шижирт “өвлүүлж”, өөрөө АН-ын дарга С.Эрдэнийн албан бус зөвлөлийн ажилд “томилогдон” ирсэн З.Энхболдын улс төрийн нүүдлийг таамаглахад хэцүү биш. Хэдийгээр аль нэг тойргийг өмчилж аваад, амиа бодох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн түүний хэвлэлийнхэнд өгсөн тайлбар бол ердөө өнгөлөн далдлалт байв.

Тэр УИХ-ын сул гишүүн болохын тулд С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллах хүн биш. Тэгээд ч З.Энхболдыг АН-ын даргын ахлах зөвлөхөөр очсоны дараахан С.Эрдэнийг яллагдагчаар татсан тухай мэдээлэл цацагдсан нь тохиодол гэхэд дэндүү гэнэн дүгнэлт болно.

Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулснаар Н.Алтанхуягаас засгийнх нь тамгыг Ч.Сайханбилэг, намынх нь тамгыг З.Энхболд авсан. Ингээд З.Энхболдоор удирдуулсан Ардчилсан нам өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд 35 суудлаа 8 болгож, бүгдээрээ гудамжинд гарцгаасан билээ. Эрх барьж байсан намаа лааз өшиглүүлэхэд хүргэсэн буруугаа З.Энхболд одоо ч ойлгоогүй, хэлсэн үгнээс нь харвал “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросоос авч ирж, зуун хувь Монголын компани болгосон Ч.Сайханбилэгийн буруу гэсэн ташаа ойлголттой явдаг аж.

Сонгуулийн дараа намаа ялагдалд хүлээлгэсэн хариуцлагаа хүлээж, албан тушаалд очихгүй гэж мэдэгдэж байсан ч төд удалгүй Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болж дэвшсэн. Дэвшээд зогсохгүй,  өөрийг нь болон даргыгнх нь үг, үйлдлийг шүүмжилсэн журмын нөхдөө хууль, шүүхээр айлгаж яваа хүн бол З.Энхболд. 

Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, С.Баярцогт гээд З.Энхболд, Х.Баттулга хоёрын хорхойтой араанд зуугдагсад олон. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байх үед Х.Баттулгын төмөр замын хэрэг хууль, шүүхээр шалгагдаж эхэлсэн. Тавантолгойн асуудлаас болж З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёр таарч тохирохгүйд хүрсэн гээд урьдын өс хонзон З.Энхболдод ч, Х.Баттулгад ч бий биз.

Энэ удаад Ардчилсан намыг С.Эрдэнээс авах Ерөнхийлөгчийн даалгавартайгаар З.Энхболд төрхөмдөө буцаж ирлээ. Үүний өмнө ҮАБЗ-ийн дарга Х.Баттулга улс төрийн ахлах зөвлөх Н.Алтанхуягаа АН-ыг хуваах, хагаралдуулах үүрэг даалгавартайгаар ажлаас нь “чөлөөлсөн”. Өнөөдөр Н.Алтанхуягийн дайсан нь нэгэн цагт намын даргаа болгож явсан АН болжээ.

Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгатай “муудалцсан” гэх яриа бол зориудаар тарааж буй цуу үг. Тэд хэрэлдсэн бол Монголын улс төрд жинхнээсээ түйрэн дэгдэж, З.Энхболд, Х.Баттулга хоёр хэн хэндээ тийрэн болцгоох байлгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс болж Ерөнхийлөгч түүнийг “хөөж явуулсан” нь бүр ч худлаа. Тэдний өнгөлөн далдалтын ард нуугдаж буй жинхэнэ үнэн нь З.Энхболд АН-ын "албан бус” дарга болох юм. АН-ын дараагийн даргад Х.Баттулга, З.Энхболд хоёрын сойж байгаа хүн нь УИХ-ын гишүүн З.Нарантуяа байж болох хамгийн магадлал өндөр хувилбар.

Мэдээж, олон нийтэд нэр цэвэр, мэдлэг боловсролтой кандидатын хувьд АН-ын дэмжигчдэд З.Нарантуяа таалагдаж таараа. Ард нь З.Энхболд, Х.Баттулга хоёр харин хүссэн суудалдаа суух тухай тохиролцсон ч биз.

Товчхондоо, УИХ-ын 2020 оны сонгуульд С.Эрдэнэтэй АН ялалт байгуулах нь Х.Баттулгад ч, З.Энхболдод ч ашиггүй. Нэг удаа төрийн алх барьж үзсэн З.Энхболд хоёр дахь удаагаа алх барих сонирхол байгүй ч биз. Тэгээд ч энэ оны тавдугаар сарын 25-наас улс даяар дагаж мөрдөгдөх Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын дарга зөвхөн хурал дарналагч болж хувирсан. Одоогийн Г.Занданшатарын байгаар бол сонгуулийн дараа Ерөнхий сайдын утсан хүүхэлдэй нь УИХ-ын дарга болж мэдэхээр. Гүйцэтгэх засаглалын томилгоо, төсөв, мөнгөний  бодлогод гишүүд оролцох эрхгүй болсон. УИХ-ын гишүүд давхар дээлтэй халууцаж явдаг үе өнөөдрийн УИХ-аар дуусгавар болно. Харин түүний сонирхож буй албан тушаал Ерөнхий сайд. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, сайд нартайгаа хариуцлага тооцох том эрхтэй болсон. Түүний энэхүү амбицад саад болох хүн АН-д өнөөдөртөө С.Эрдэнэ болж байна.

АН-ын даргаар З.Нарантуяаг тавьж, сонгуульд ялалт байгуулбал З.Энхболд Ерөнхий сайд болох боломж нь нэмэгдэнэ. З.Нарантуяаг УИХ-ын дарга болгох тохиролцоо явагдах биз. Харин 2021 онд Ардчилсан намаас Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь хэн ч саад болохгүй. АН-аас Х.Баттулга нэр дэвшихгүй бол ялалт байгуулахад хэцүү. Тэгээд ч Х.Баттулга сайндаа биш М.Энхболдыг "хаан" болгохгүйн тулд 600 мянган сонгогч түүнд саналаа өгсөн. Харамсалтай, Х.Баттулгын үед Монголын ардчилал амь тавих тавилантай байжээ.  Монголын арлчилал гучин жилийн настай байж!

З.Энхболд, Х.Баттулга хоёр Путин, Медведев нарын замаар замнахыг хүсч буй нь тэдний нүүдэл, суудлаас товч бөгөөд тодорхой харагдаж байна. Одоо Х.Баттулгад У.Хүрэлсүх хэрэггүй. Түүнийг тойргийн гадна үлдээж, Х.Баттулга З.Энхболд хоёрын тоталитар дэглэм тогтоох санаархал АН-ыг авах ажиллагаагаар эхэллээ. "Батмөнхийг хаан болгоод би өөрөө хатан нь болно” гэдэг шиг.

Журмын нөхдөө АТГ, хууль, шүүхээр айлгаж, Ерөнхийлөгчийн засаглалыг ил цагаан сурталчилж, цаазын ялыг сэргээх, Шанхайн ломбардад улсаа тавих санаархал тээж яваа З.Энхболд, Х.Баттулга нар ардчиллыг тугаа болгож, хүний эрх, эрх чөлөөг үзэл баримтлалдаа суулгаж ирсэн АН-д алхаж орох нэр нүүр ингэхэд бий гэж үү?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
25
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж