Сэтгүүлчдийн эсрэг халдлага нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийн эсрэг халдлага нэмэгдэж байна

Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулсан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Боковагийн илгээлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

“…Сэтгүүлчдийн амь насыг хөнөөсөн хэргийн 10-аас бага хувь нь шийдэгдсэн байна. Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчдийг ял шийтгэлгүй өнгөрөөж байгаа нь бидний тэмцэл, хамтын үнэт зүйлс, нийтийн зорилгод харшилж байна.

 

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих тусгай эрх бүхий НҮБ-ын төрөлжсөн байгууллагын Ерөнхий захирлын хувьд сэтгүүлчдийн амь насыг хөнөөсөн бүх хэргийг олны өмнө зэмлэн буруушааж, эдгээр хэргийг нягт мөрдөн шалгахыг уриалж байна.

 

Сүүлийн зургаан жилийн хугацаанд миний бие 540 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, нийгмийн сүлжээний агуулга бэлтгэгчийн амь насыг хөнөөсөн хэргийг олны өмнө хатуу зэмлэн буруушааж ирлээ.

 

Сэтгүүлчдийн эсрэг халдлага өсөн нэмэгдсээр байна. Иймээс ЮНЕСКО ял шийтгэлгүй өнгөрөх явдлыг эцэслэх зорилгоор засгийн газрууд, иргэний нийгэм, судалгаа шинжилгээний байгууллага болон хэвлэл мэдээллийнхэнтэй дэлхийн өнцөг булан бүрт хамтран ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хоорондын хамтын хүчин чармайлтыг хөхиүлэн дэмжих замаар сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэх асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйлсийг манлайлж байна.

 

Энэхүү чармайлт үр өгөөжөө өгч байна. Олон улсын түвшинд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй өнгөрдөг явдлыг таслан зогсоох асуудлыг хүлээн зөвшөөрөх нь нэмэгдэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Хүний Эрхийн Зөвлөл болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дээрх асуудал бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн түүхэн тогтоолыг баталсан билээ. Европын Зөвлөл мөн энэ төрлийн арга хэмжээг бүсийн хэмжээнд хэрэгжүүлж байна. Ял шийтгэлгүй өнгөрөх явдлыг шийдэх зорилгоор шинээр хууль тогтоох, механизм нэвтрүүлж буй улс орны тоо нэмэгдсээр байна. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд уг асуудалд анхаарал хандуулах явдал нэмэгдэж байна.

 

Гэсэн хэдий ч асуудал бэрхшээл ноцтой хэвээрээ. Асар их өөрчлөлтийн энэ цаг үед, нийгэм бүр өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд заасан “үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа аргаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх” эрх чөлөөг хангах зорилгоор бид сэтгүүлчдийн эсрэг халдлагыг гэм зэмгүй өнгөрөөх явдлыг таслан зогсоох хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлагатай.

 

Энэ нь үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээнд нийцүүлэн олон нийтийг мэдээлэл авах эрхээр хангаж, үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахыг 16.10 дугаар зүйлээрээ бид бүхнийг уриалсан Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялаас зайлсхийх боломж олгох бүрт бусад гэмт этгээдүүдийг өөгшүүлж, хүчирхийллийн гаж хэлхээ бий болгодог.  Үүнийг таслан зогсоох ёстой.

 

Миний бие улс орнуудыг сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгаж, хуулийн дагуу зохих шийтгэл хүлээлгэхийн тулд хууль тогтоомж, хамгаалалтын механизм, зохих шинэ нөөц бололцоогоо ашиглан, шаардлагатай арга хэмжээ авахыг уриалж байна.

 

Миний бие бүх хүмүүст хандан, 11 дүгээр сарын 2-ны өдөр сэтгүүлчид мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцдаа халдлагад өртсөн, амь үрэгдсэн тохиолдолд хуульт ёсны зарчмыг бүрэн баримтлах шаардлага дэвшүүлэхийг уриалж байна.

 

Үүнд ЮНЕСКО-гийн Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй өнгөрөх явдлыг таслан зогсоох олон улсын өдөрт зориулсан илгээлтийн гол утга оршино…” хэмээжээ.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж