Хүн төрөлхтний “гэрийн даалгавар” гэгдээд буй Тогтвортой хөгжлийг бий болгохын тулд дэлхий нийтээрээ хөдөлгөөнд орж эхэлснээс хойш таван жилийг үдэж байна. Тодорхой үр дүн гарч эхэлсэн тухай улс орнууд зарлаж, ухаалаг шийдэл, байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эко, эрүүл сонголтоороо өрсөлдөж, бусдыг мөн энэ зүг рүү уриалах боллоо. Энэ давалгаанд Монгол Улс, монголчууд бид чухам хаахна явна вэ?
Тогтвортой хөгжлийн тухай бид тун ерөнхий төсөөлөлтэй, мөн тэр хэрээрээ хэрэгжүүлэхэд хэцүү, хол зүйл мэт ойлголттой байсан цаг саяхан. Гэтэл өглөө шүдээ угаахдаа крантны усаа яаж бага зарцуулахаас эхлээд өдрийн цагаар тасалгааны гэрлээ унтраах, байгаль дэлхийд ээлтэй, хог хаягдал бага гаргах бүтээгдэхүүн сонгох, хэтийдсэн цамаан хэрэглээнээсээ татгалзах гэхчилэн хувь хүн бүр өөрийн амьдралдаа эдгээр зуршлыг бага багаар хэвшүүлээд эхэлбэл Тогтвортой хөгжлийг бий болгох нь тийм ч хэцүү зүйл биш ажээ. Мэдээж хэрэг өрх гэр, албан байгууллага, салбар, улс орны түвшинд гээд яривал илүү өргөн хүрээг хамрах нь тодорхой биз ээ.
Монголын өнцөг булан бүрт салбар нэгжтэй, үндэсний хэмжээний тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк 2017 оны сүүлчээс дэлхий нийтийн энэхүү уриалгад анхаарлаа хандуулж, эрчим хүч, ус цаасны хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлсэн ухаалаг оффис ХААН Банк цамхаг руу төв оффисоо нүүлгэсэн бол 2018 оноос Тогтвортой хөгжлийн зарчмуудыг бүтээгдэхүүн, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, энэ чиглэлээр бодитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж ирсэн билээ. Түүнчлэн НҮБ-ын Даян дэлхийн гэрээ болон “Нэг бүс-нэг зам” санаачилгын хүрээнд Ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудад нэгдэж, үндсэн үйл ажиллагаагаараа дамжуулан ногоон хөрөнгө оруулалт, ногоон эдийн засгийг дэмжин ажиллаж буй.
2019 онд арилжааны банкуудыг нэгтгэсэн Тогтвортой санхүүжилт /ТоС/ хөтөлбөрийн “Манлай банк”-аар амжилттай ажилласны зэрэгцээ "Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагналын эзнээр тус тус шалгарсан билээ. Мөн банкныхаа хэмжээнд дагаж мөрдөх Тогтвортой хөгжлийн бодлоготой болсон нь энэ чиглэлээр хийсэн нэг томоохон дэвшил юм.
Үүнээс гадна Тогтвортой хөгжил гэж юу болох, яагаад дэлхий нийт үүнд зайлшгүй анхаарах шаардлагатай тухай мэдлэг ойлголтыг олон нийтэд хүргэх, мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Unread” вэбсайттай хамтран 2019 оны эхнээс Тогтвортой хөгжлийн тухай онцолдог “2030” цахим товхимлыг бэлтгэн 14 хоног тутам уншигчдын хүртээл болгож ирсэн билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийтдээ 24 цахим товхимол бэлтгэн түгээсэн бөгөөд НҮБ-ын санаачилсан Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг зорилго тус бүрээр нь нэг бүрчлэн энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарлаж, тулгарч буй асуудал, гарц, дэлхий нийтийн хандлага, Монголд нөхцөл байдал ямар байгаа гэхчилэн тухайн сэдвийг бүх талаас нь задлан шинжилдгээрээ онцлог.
“2030” цахим товхимлыг ХААН Банк энэ жил ч мөн үргэлжлүүлэн олны хүртээл болгох бөгөөд хэрвээ та энэ цахим товхимлын дугаар бүрийг алгасахгүй хүлээн авч уншихыг хүсэж байвал www.2030.mn линкээр орж бүртгүүлнэ үү. Жишээ болгон өнгөрсөн хугацаанд бэлтгэсэн нэгэн дугаарыг танилцуулж байна. Та бүхэн https://www.unread.today/c/2030-yourhomework линкээр орж уншаарай.
ХААН Банк салбартаа манлайлан ажиллахын зэрэгцээ компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлан хувийн хэвшлийн байгууллагаас Тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд ийнхүү түүчээлэн ажиллаж байна.
Бид зогсолтгүй бүтээсээр…