"Тээвэрчдийг 20-30 сая төгрөгөөр торгодог" гэв

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

"Тээвэрчдийг 20-30 сая төгрөгөөр торгодог" гэв

"Тээвэрчдийг 20-30 сая төгрөгөөр торгодог" гэв

Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс  урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэр орон даяар хэрэгжиж эхэлснээр хилийн боомтууд тэр дундаа нүүрс тээврийн боомтууд хаагдсан билээ. Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт боомтын чиглэлд уртын тээвэрт 1200 орчим тээврийн хэрэгсэл дотоодын нүүрс тээвэр хийхээс бусад 10000 орчим тээврийн хэрэгсэл бүрэн зогсчээ. Нүүрсний экспорт зогссоноор улсын төсвийн орлого өдөрт 27 тэрбум төгрөгөөр тасалдаж, тээврийн компаниудын өр зээлийн хүү алданги нэмэгдэж, санхүүгийн байдал нь хүндэрч байгаа  талаар өнөөдөр /2020.02.20/ тээвэрчид мэдээлэл хийлээ.  


Мэдээллийн эхэнд “Баянзам” тээвэрчдийн холбоо Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “Төрийн байгууллагууд болон иргэд аж ахуйн нэгж байгууллагууд хүнд нөхцөл байдалд хэрхэн ажиллах, эрх ашгаа хамгаалах талаар эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмаг, бэлтгэлгүй байснаас өмнө нь байгуулсан гэрээний төлбөр, хүү торгууль, алдангийн дарамтад орж эхэллээ.

Тухайлбал, “Гашуунсухайт авто зам” ХХК-иас нүүрс тээврийн компаниудтай авто зам ашиглах гэрээ байгуулж ажилладаг. Тус гэрээний зохицуулалтын дагуу нэгдүгээр сарын зам ашигласны төлбөрийг хоёрдугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлж барагдуулахгүй бол зам хаах тухай мэдэгдлийг тээврийн компаниудад ирүүлсэн. Бид тус компанийг буруутгах гэсэнгүй. Гэрээний дагуу төвлөрүүлэх мөнгөө авах нь зүйн хэрэг. Харин төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгөхийг л хүсч байна.

Хэрэв  төлбөрөө хугацаандаа төлж чадахгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцдог. Энэ нь 2-3 сая төгрөг, биш 20-30 сая төгрөг гэсэн үг. 

Авто зам ашиглах гэрээний 9.1-т  давагдашгүй хүчин зүйлийн улмаас талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан  байдаг. “Тал нутгийн хөгжлийн  зам” ХХК гэрээний энэхүү зүйл заалтаа баримтлаад хариуцлагаас чөлөөлөгдсөн. Гэтэл тэрхүү заалт нь богинын тээвэрт үйлчлээд уртын тээврийн жолооч нарт үйлчлэхгүй байна. 

Одоогийн нөхцөлд Засгийн газар болон эрх бүхий байгууллагаас давагдашгүй хүчин зүйл тулгарсан болохыг тогтоолгосны дараа тээврийн компаниуд дээрх заалтыг үндэслэн замын хураамж төлөлтийн хугацааг сунгуулах, түр хойшлуулах боломж байгаа талаар хуульчид зөвлөсөн.

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ нүүрс худалдан авагч импортлогч талаас хамаарсан онцгой нөхцөл үүссэн гэдэг тогтоол гарган, нүүрс тээврийн 170 гаруй ААНБ, 14000 тээвэрчин, тэдний гэр бүлийг эрсдэлээс хамгаалах хэрэгтэй байна. Мөн авто замын төлбөрийн уртын тээврийн хөлсийг 2019 оны эхээр тээврийн хөлс 100-110 юань байхад боломжит үнэ гэж үзэн тогтоож байсан. Одоо уртын тээврийн хөлсийг БНХАУ-ын худалдан авагч талаас 60-55 юань болгож унагаасан. Энэ үнийн уналтын нөлөөллийн асуудлыг “Гашуун сухайт авто зам” ХХК нь 2020 оны зам ашиглалтын гэрээндээ анхаарч тусгах талаар зөвшилцөх ёстой" гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж