Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сар шинийн баяраар нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газруудад хуваарийн дагуу эргүүл хийж ажиллах талаар болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээлийг нийслэлийн НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өглөө.
Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага таван өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчигээ, зөвлөгөө авчээ. “Covid-19” буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд угаарын хийн хордлогод өртсөн гэх дуудлага ирээгүй. Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд “Эргүүл” арга хэмжээг эхлүүлж, нутгийн захиргааны байгууллагын нийт 71 байгууллагын 6700 гаруй төрийн албан хаагчид явган эргүүл хийж ажиллана. Мөн дүүргүүдийн төр захиргааны байгууллагын албан хаагчид нэмэлтээр хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ. Эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид иргэдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаяхгүй, ил задгай бие засахгүй соёлч байхыг уриалж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тарааж ажиллана” гэв. Түүнчлэн эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид зах худалдааны төвүүдэд чанга яригчийг ашиглан иргэдэд амны хаалтаа зүүх шаардлагыг тавьж, сэрэмжлүүлэг мэдээг хүргэж ирэх дөрөвдүгээр сарын 1-н хүртэл ажиллах аж.
Агаарын чанарын хувьд PM10 хэмжээтэй тоосонцор өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 42 хувиар, PM2.5 тоосонцор 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин агаарын бохирдол өнгөрсөн оны мөн энэ үеэс 50 хувиар буурчээ.
Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Өнгөрсөн долоо хоногийн байдалтай харьцуулахад томуу, томуу төст өвчлөл буурсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад “Covid-19” буюу шинэ төрлийн халдвар бүртгэгдээгүй. 142 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 132 иргэний шинжилгээгээ сөрөг гарсан. Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод иргэдээс эрүүл мэндийн тандалт явуулж байгаа, өнгөрсөн өдрүүдэд сэжигтэй тохиолдол илэрээгүй байна” хэмээн хэллээ.
“Covid-19” буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд амны хаалт хомсдолд орсон энэ үед хотын Захирагч С.Амарсайхан өрх бүр үйлдвэрлэгч байж, амны хаалтаа оёж зүүцгээх уриалга гаргасан байна.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хотын Захирагч өчигдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ ОБЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангийн онцгой байдлын ажилтнуудын оёдлын цехийг амны хаалтыг оёж иргэдэд тараах чиглэл өгсөн. Мөн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй уулзаж амны хаалтыг нийлүүлэх асуудлаар ярилцаж байна. Иргэдийн хувьд гар доорх материалыг ашиглаж оёоод ариутгаж хэрэглэх боломжтой. Тийм учраас дэлхий нийтээрээ амны хаалтны хомсдолд орсон энэ үед өрх бүр үйлдвэрлэгч байцгаая” хэмээн уриаллаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ