Лас Вегасын гудамжинд нэгэн нууцлаг хувийн бүлэглэлийнхний олон тооны тагтаа "Make America great again" гэсэн бичигтэй жижигхэн улаан саравчтай малгай "өмсөж", нэг нь Трампынх шиг хиймэл үс "зүүн" Трампыг дэмжин "жагсч" байна.
Тагтаануудыг анх хоёрдугаар сарын 18 буюу 2020 оны ардчилсан хэлэлцүүлгийн үеэр Трамп Лас Вегаст хоёр өдрийн дараа ирэхийг угтуулан ийнхүү малгай өмсүүлэн сул тавьсан байна. Харин маргааш /2020.02.19/ нь "жагсагчдад" малгай өмсгөсөн бүлэглэл өөрсдийгөө "ПУТИН" (Pigeons United to Interfere Now /Тагтаанууд хөндлөнгөөс оролцохоор нэгдэж байна/) хэмээн нэрлэж, тус үйлдлээ Ерөнхийлөгч Трампад үнэнч бөгөөд үргэлж дэмжих болно гэдгээ харуулахын тулд хэмээн тайлбарлажээ. ПУТИН бүлэглэлийнхэн энэ санаагаа 1970-аад онд Тагнуулын ерөнхий газрынхан тагтаанд камер зүүн Зөвлөлт рүү нисгэн, тагнуул хийж байсан Таркана ажиллагаанаас дуурайсан аж.
Түүнээс гадна бүлэглэлийнхэн үйл ажиллагаатайгаа холбоотой нэгэн бичлэг цацсан байна. Тус бичлэг дээр тагтаанууд АНУ-ын далбаагаар дүүрэн торонд улаан малгайгаа "өмсчихсөн" байх бөгөөд голд нь нэгэн тагтаа Трампынх шиг хиймэл үс "зүүсэн" харагдана. Бичлэгийн ард сонсогдох харилцан яриа нь Алфред Хитчкокын шувууд хүн шиг болоод хүн төрөлхтнийг хядаж эхэлдэг "Шувууд" гэх аймшгийн киноны хэсэг аж. Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар, одоогийн байдлаар тус "жагсагч шувууд" хүн рүү дайрсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Бүлэглэлийнхэн тагтаануудыг сайн харж хандсан бөгөөд гэмтээхгүйн тулд малгайнуудыг хоргүй, сормуусны цавуугаар наасан аж. Тус цавуу хэдхэн өдрийн дараа өөрөө салах учиртай бөгөөд бүлэглэлийнхэн тус тагтаануудыг барьсныхаа дараа усанд оруулж, шаардлагатай заримыг нь эмчилжээ.
ПУТИН бүлэглэлийн гишүүд нууцлаг хэвээр үлдэхийг хүсч буйгаа онцолжээ. Тэд "Бид алдартай болохыг хүсэхгүй байна. Энэ үйл ажиллагааны гол зорилго нь хүмүүсийн анхаарлыг урлаг руу татаж, хүргэх гэсэн санаагаа ойлгуулах болохоос биш өөрсдийгөө алдаршуулах биш. Мөн үүгээр далимдуулаад тагтаануудын амьдрал хүнд байгааг олонд анхааруулах гэсэн юм" хэмээн ярьжээ. Түүнчлэн өмнө нь Лас Вегаст үзэгдээд байсан ковбой малгайтай тагтаанууд тэдэнд хамааралгүй бөгөөд түүний хариуцлагыг тус бүлэг хүлээхгүй гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: RT.COM
Холбоотой мэдээ