Эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа | News.MN

Эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа

Эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа

Эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах  ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн билээ. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдэд шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлж буйгаараа  онцлогтой.

Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо буюу Баянхошуу орчмын  5.2 га газарт 85 нэгж талбарын 310 гаруй иргэд  нэгдэн, газраа чөлөөлөх хүсэлтээ НОСК-д илэрхийлж шинэ орон сууцтай болж байгаа юм. Газраа орон сууцаар солих хүсэлтээ өгсөн иргэдийн төлөөлөлд өнөөдөр орон сууцных нь түлхүүрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар нар гардуулж өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд газрыг орон сууцаар солих ажлыг шинээр эхлүүлээд явж байна. Өдгөө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 5.2 га газрыг орон сууцаар солих ажил зохион байгуулагдаж байна. Нийслэлд орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ орлогод нийцсэн, айл өрхийн амьжиргаа, төлбөрийн чадварыг уян хатан байлгах зорилгоор түрээслэх, түрээслээд өмчлөх, худалдан борлуулах гэсэн олон сонголтыг иргэддээ санал болгож байгаа. “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг нээлттэй шударга зарчмаар сонгон шалгаруулж иргэдийг хамруулсан. Харин иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлын цаад зорилго нь өнгөрсөн хугацаанд хийсэн алдааг давтахгүй байх, газраа чөлөөлөөд байртай болно гэж хүлээсэн иргэдийн итгэлийг алдахгүй байхын зэрэгцээ дараа дараагийн орон сууцуудыг барих газартай болж байна” гэдгийг онцоллоо.

Газар чөлөөлөлтийн ажлыг хийхдээ гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй талбайд, газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлж байгаа юм. Учир нь дахин төлөвлөлт нэрээр 4-5 айлын газрыг чөлөөлөөд 2 блок 200 гаруй айлын өндөр давхарын орон сууц барих бус чөлөөлсөн талбай дээр олон улсын стандартын дагуу нэг хүнд ноогдох ногоон байгууламж, автомашины зогсоол нь хүртээмжтэй, нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр зэргийг бүрэн шийдвэрлэсэн орлогод нийцсэн эко хорооллыг бий болгох аж.

Иргэдийн хувьд дээрх 24 байршилд газраа чөлөөлж орон сууцаар солих хүсэлтээ “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д өгснөөр зах зээлийн нөхцөл байдлын судалгааг явуулж хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар газрын эздийн өмч хөрөнгийг үнэлүүлэх юм байна.  Ингэж үнэлэхдээ тухайн газар дээрх хүний гараар  бүтээсэн бүхий л эд хөрөнгийг үнэлгээнд оруулж тооцох юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-20 202.9.40.91

Хотын төв хэсгээ барилгажуулж газрыг нь орон сууцаар солиоч ээ

Avatar

mgl 2020-02-20 202.9.40.184

Batuul ehluulsen bolovch buruu hiisen, Amarsaikhan zuv hiij bna.

Avatar

Зочин 2020-02-20 112.72.6.146

Өөрийн өмчлөлийн газраа эзэн нь үнээ тогтоох нь шударга байхаа. Ямар ч тохиололд өөрийн хүссэн байраа авах ёстой гэж бодож байна Тэгж чадахгүй бол газар өмчлөгч нь өөрийн газар дээрээ дуртай байшингаа барьж амьдарна шүү дээ . Ямар ч тохиолдолд багадаа 180-200 сая төгрөгөөр тооцож газраа өгөхийг нийт газар өмчлөгч нартаа уриалж байна.. Бодит үнэ рүү ингэж л дөхөж очино шүү .

Avatar

Зочин 2020-02-20 49.0.170.94

Энэ Хангай хотхоны асуудлыг хурдан шийдэж өгмөөр байнаа. Бэрэн гэж компани газраа өгсөн бүх хүмүүсийн байрыг банкинд барьцаалчихсан байхын. Одоо энэ асуудлыг нэг тийш нь болгомоор байнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж