БНСУ-д шинэ коронавирусийн халдварын тохиолдол өчигдөр /2020.02.19/ 09.00 байдлаар нийт 46 болж огцом өссөн бол өнөөдөр 82-т хүрчээ. Үүнээс сүүлийн 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хотоос илэрсэн ба вирусийн халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй учраас Сөүлд суугаа Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргасан байна.
Тус сэрэмжлүүлэгт дурдсанаар "Одоогоор халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотууд болон Инчон олон улсын нисэх буудлаас илэрсэн. Тиймээс БНСУ-д байгаа монголчууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.
- Гараа сайтар савандаж, тогтмол угаах,
- Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
- Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх,
- Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх,
- Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх,
- Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
- Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих,
Хэрэв өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандахыг уриаллаа. Мөн БНСУ дах, нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой" гэжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ