“BBC” агентлагийн эрэн сурвалжлах баг Хятадын Шинжаан дахь мусульман шашинтнуудын эрх хэрхэн зөрчигддөг, Бээжин тэднийг хэрхэн хомроглон баривчилдаг талаар баримт бичгүүдийг олж авчээ. Нийт 137 хуудсаас бүрдэх “Каракаксын жагсаалт” хэмээн нэрлэсэн уг баримт бичигт Хятадын албадан боловсрол олгох төв буюу хорих лагерьт байгаа 3000 орчим уйгур өдөр тутам хийдэг зүйлсээ, хэдэн удаа залбирал үйлддэг, хэрхэн хувцасладаг гэх мэт алхам бүрээ нэг бүрчлэн бичсэн байна. Энэхүү баримт нь Шинжаан мужийн Такламакан цөлийн захад байрлах хорих лагерьт баривчлагдан ирсэн 300 гаруй хүн ямар шалтгаанаар баривчлагдсаныг тайлбарлах түлхүүр байж магадгүй юм.
Баримт бичигт дурдагдсан хамгийн сүүлийн огноо бол 2019 оны гуравдугаар сар. Жагсаалтад багтсан хүмүүс 650,000 орчим хүн амтай уламжлалт суурин болох Каракакс мужаас гаралтай бөгөөд нийт хүн амын 97-оос дээш хувь нь уйгурууд байдаг. Энэхүү жагсаалтыг Каракаксын уугуул оршин суугчидтай хийсэн ярилцлага, Хятад улс иргэдээ хэрхэн нэг бүрчлэн хянадаг арга хэрэгсэл, “Ассошиэйтед Пресс” агентлагийн олж авсан бусад жагсаалт, баримт бичгүүд зэргийг ашиглан гаргасан байна.
Баримтаас харахад тэднийг ердөө сахлаа ургуулсан, гивлүүр зүүсэн, гадаадын вэбсайт руу орсон гэх шалтгаанаар баривчлан хорьсон байгаа юм.
Шинжаан дахь Хятадын бодлогын талаар дэлхийд тэргүүлэгч шинжээчдийн нэг, Вашингтонд байрлах Коммунизмын хохирогчдын сангийн ахлах ажилтан, доктор Адриан Зенц “Энэхүү баримт бичиг нь Бээжин уламжлалт шашны итгэл үнэмшлийг идэвхтэй мөрдөж цагдан, уйгуруудыг хэрхэн шийтгэж байгаа талаар өнөөг хүртэл миний харсан хамгийн хүчтэй нотолгоо" хэмээн хэлжээ.
“Каракаксын жагсаалт”-д бичсэнээр Хятадын эрх баригчид уйгур үндэстнүүдийг маш нарийн ангилж, ялгадаг байна. Тухайлбал, уйгур айл өрхүүдийг “итгэлтэй, итгэлгүй”, хандлага “сайн эсвэл энгийн”, гэр бүлүүдийг “хэт шүтлэгтэй, бага зэргийн шүтлэгтэй” гэх мэтээр ангилсан байгаа юм. Мөн үүнээс гадна хамаатан садных нь хэд нь албадан боловсрол олгох төв эсвэл шоронд хоригдож байгааг нь ч нэг бүрчлэн тэмдэглэдэг аж. Албан тушаалтнууд эдгээр нарийн ангилал, мэдээллийг ашиглан гэмт хэрэг хийгээгүй байсан ч ямар нэгэн аргаар сэжигтэн болгох зорилгодоо ашигладаг байна.
Уйгур хоригдлуудын зарим нь “юу бодож байгааг нь тааж мэдэхэд хэцүү”, “гадаадад хамаатан садан нь байдаг”, “шашнаа түгээн дэлгэрүүлж болзошгүй”, “гэрт нь ямар ч шалтгаангүйгээр ороход саад болсон” зэрэг шалтгаанаар хоригдсон байдаг аж.
“Энэ бол Хятадын Засгийн газрын шулмын ан. Тэд бүх зүйлийг хэрхэн гэмт хэрэгжүүлэх замаар шийдвэрлэдэгийг үүнээс харж болно” хэмээн доктор Зенц хэлжээ.
Үүнээс гадна өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын олж авсан баримт бичиг нь уйгуруудын хэрхэн олноор нь хомроголон баривчилдаг, хорих лагериуд, албадан боловсрол олгох төвүүд хэрхэн ажилладаг талаар бодит үнэнийг дэлгэсэн юм. Нью-Йорк Таймс сонинд дэлгэгдсэн өөр нэг баримт бичигт ч мөн уйгуруудыг олноор нь хэрхэн баривчилдаг талаар үнэнийг илчилж байсан.
Бээжингийн хатуу дэглэмийг удаан хугацаанд эсэргүүцсээр ирсэн алс холын Шинжаан мужийг ард иргэд хүнд хатуу хараа хяналтад амьдраад хэдэн арван жилийг үджээ. 2014 онд тэмцэгчид Шинжааны нийслэлд байрлах галт тэрэгний буудалд бөмбөг дэлбэлсний дараа Хятадын дарга Ши Жиньпин Шинжааны ард иргэдийг “ард түмний эсрэг террористууд” хэмээн нэрлэж, тус мужийг бүхэлд нь хяналтад авсан юм.
Шинжаан мужийн эрх баригчид хамгийн сүүлийн үеийн мэдээллийн сан алдагдсантай холбоотой тайлбар өгөх хүсэлтэд хариу өгсөнгүй. Хятадын эрх баригчид Шинжаан дахь үндэсний цөөнх болон болон тэдний гэр бүлийнхнийг хянадаг эсэхийг асуухад тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гэн Шуан "ийм утгагүй зүйлд тайлбар өгөх шаардлагагүй" гэх тайлбар хэлжээ. Бээжингийн зүгээс дээрх бүх асуудлуудыг эрс үгүйсгэсээр ирсэн билээ.
Эх сурвалж: GUARDIAN, BBC
Холбоотой мэдээ