Сурагчдын хичээл хоцрогдлыг давтлагаар нөхнө

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

Сурагчдын хичээл хоцрогдлыг давтлагаар нөхнө

Сурагчдын хичээл хоцрогдлыг давтлагаар нөхнө

Шинэ коронавирусийн тархалтаас сэргийлэн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл түр зогсоогоод байсан. Энэхүү хөл хориог дахин 28 хоногоор сунгах шийдвэрийг Засгийн газар өчигдөр /2020.02.19/ гаргалаа. Ингэснээр хөл хорионы хугацаа гуравдугаар сарын 30 болж сунаж байгаа юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өчигдөр хийсэн мэдээлэлдээ “Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-нд эхлүүлэх шийдвэр гарлаа. Тиймээс сурагчдын III улирлын амралт байхгүй, хичээлийг үргэлжлүүлнэ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлмэгц хүүхдүүдийн хичээлийг дахин давтуулна” хэмээн онцолсон билээ. Үүнтэй холбогдуулан БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Осороос дараах тодруулгыг авлаа.

-Сурагчдад анх удаа урт хугацаанд, гэрийн нөхцөлд хичээл сургалтын үйл ажиллагааг зайнаас явуулж байна. Хичээл эхлэхээр I-V ангийн сурагчдын хувьд теле хичээлийг дахин давтуулснаар хичээлийн хоцрогдлыг арилгаж чадах уу?

-Сурагчдын амралтыг гурав, дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сунгахаас татгалздаг. Гэнэтийн нөхцөл байдал үүссэн учраас арга буюу хөл хориог сунгаад байна. Хүүхэд нэг сараас дээш амрахаар мэдсэн сурсан зүйлийнхээ 80 хувийг мартдаг. Хөл хорио тогтоосон энэ цаг үед хүүхдүүдийн хичээлийг мартуулахгүйн тулд зайнаас хичээл зааж байна. Ерөнхийдөө гэнэтийн онцгой дэглэмийн үед урт хугацаанд хүүхдүүд амарсны дараа хичээл эхэлмэгц сургуульдаа дасан зохицох, өмнөх агуулгуудаа бататгах, багштайгаа ярилцах цагуудыг гаргана гэдгийг салбарын сайд зөвлөж байгаа. Тиймээс биш хичээл эхлэхтэй зэрэгцээд л шинэ агуулга хичээл үзэх, шалгалт авахаар хүүхдүүд ядарна, ачаалал нь ихэснэ. Бага ангийн хүүхдүүдийн хувьд хичээлдээ сонирхолгүй болох зэрэг сөрөг талууд үүсэх учраас хичээлийг давтан сануулах нь зүйтэй.

Эцэг эхчүүдийн зүгээс танхимын таван цагийн хичээл зурагтаар гарахдаа 20 минут болтлоо хумигдаж, хүүхдүүдийн үзсэн сэдвийг дахин зааж байна гэх зэрэг гомдол дагуулах болсон?

-Мэдээж анги танхимд хичээл 40 минут үргэлжилдэг. Телевизийн хичээл 10-20 минут үргэлжилж байна. Сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэх үйл ажиллагаа 10 минут, бага боловсролд 15 минутаар хичээл зааж байна. Энэ бол дээд хугацаа. Бид хүүхдүүдийн эрүүл мэндийг бодсон. Дэлгэцийн өмнө удаан байхгүй, төвлөрөх хугацаа зэргийг нь тооцсон. Танхимын хичээлд ч гэсэн багш 40 минут онол заадаггүй шүү дээ. Шинэ мэдлэг мэдээллийг 15-20 минутад л өгдөг. Тиймээс теле хичээл 10-20 минут үргэлжилж байгаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй. Багш аль болох шинэ мэдлэг мэдээллээ өгнө, хүүхдүүдэд сэдэл төрүүлнэ. Үүнд багш нар сурагчидтайгаа эргэх холбоотой ажиллаж хүүхдийг идэвхтэй байлгах ёстой. Тиймээс бид теле хичээлийн хөтөлбөр агуулгыг долоо хоногийн өмнө орон нутгийн багш нарт шилжүүлсэн болохоор телевизийн хичээл илүү амьд болж, олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Хэрэв хичээлийг 20 минутаар зааж буй багшид бүх хариуцлагыг тохвол энэ теле хичээл ямар ч үр дүнд хүрэхгүй. Эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ хамтарч ажилладаг шинэ жишиг тогтож байна. Тиймээс теле хичээл шинэ агуулга гэхээс илүү хүүхдүүдэд хичээл хийх сэдэл төрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сурагчдын I, II улиралд үзсэн хичээлийг теле хичээлээр бататгаж, сэргээн сануулж байна гэсэн үг. Сурагчдын үзсэн хичээлийг бататгаснаар элсэлтийн ерөнхий шалгалт өгөх, шалгалт өгөх хүүхдүүд бүх түвшинд шалгалтаа амжилттай өгөх боломжтой. Зарим хүүхдүүдийн хувьд хичээлээсээ хоцрогдсон бол нөхөх ч давуу талтай. Тиймээс агуулга хөтөлбөрийг долоо хоногийн өмнө сургуулиудад хүргүүлсэн. Ингэснээр багш нар сурагчидтайгаа эргэх холбоотой ажиллаж байгаа болохоор теле хичээл илүү амьд болж байна.

Теле хичээлийн үр дүнд хяналт тавих боломжтой юу? Багш нар теле хичээлд гэрийн даалгаврыг нэмэлтээр оруулах нь зүйтэй гэх саналтай байгаа?

-Телевизийн хичээл зааж буй багшид бид бүгдийг даатгаж болохгүй. Үндэсний хэмжээнд 640 мянган хүүхдэд 170 багш теле хичээл зааж байна. Тиймээс орон нутагт байгаа багш нар сурагчидтайгаа амьд харилцаа үүсгэх боломжтой.Дээр нь теле хичээлийн үр дүнг  хэрхэн хянах юм, шалгалт авах юм уу гэдэг асуудал яригдаж буй. Теле хичээлийн үр дүнг явцын дунд хөтөлбөрийнхөө хэрэгжилтээр л хянана. Өөрөөр хэлбэл чанарын судалгаа хийнэ. Хүүхдүүдийн хичээл эхлэхэд шалгалт авна гэдэг нь хоцрогдсон арга. Хоёрдугаарт ийм боломж байхгүй.

-Орон нутагт теле хичээл үзэх боломжгүй, сүлжээгүй газарт амьдарч байгаа хүүхдүүд байгаа. Тэдгээр хүүхдүүдийн хувьд хичээлийн хоцрогдлын зөрүү их гарах юм биш үү?

-Орон нутагт сүлжээгүй газар амьдарч, теле хичээлээ судалж амжаагүй хүүхдүүдnay хичээл эхлэхэд хоцрогдлыг нь арилгах чиглэлээр ажиллах төлөвлөгөөг сургууль гаргах ёстой. Дараа нь хичээл жигдрэхэд хүүхдүүдээс шалгалт авах учиртай.

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас сурагчдад зайнаас сургалт явуулахад яагаад теле хичээлийг сонгосон юм бэ? Өөр боломж нөхцөл байсан уу?

-Монголд хамгийн боломжтой хувилбар нь телевиз. Олон хүнд хүрэх хүртээмжтэй боломжтой хувилбар гэж үзсэн. Түүнээс биш бидэнд маш олон цахим хичээлийн контент, хэрэглэгдэхүүн боломж байна. Гэтэл интернет хэрэглээ ямар байгаа билээ. Хэрэв дэд бүтцээ хөгжүүлж чадвал цахимаар зайны сургалт явуулах боломжтой.

Хэдийгээр теле хичээл зааж байгаа ч сурагчдын амралтыг дахин 28 хоногоор сунгаснаар хүүхдүүд хичээлээсээ хоцрох, хаврын шалгалтаа ч өгч чадахгүй болох эрсдэл үүсч байгааг ч үгүйсгэх аргагүй байх?

-Бид судлах ёстой агуулгаа хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтааж бүрэн судлах ёстой гэсэн зорилт тавьж байгаа. Агуулгыг судлахад телевиз, цахим гэх мэт бүхий л боломжтой хувилбарыг ашиглаж байна. Тэгэхээр теле хичээлээ үзэж чадаагүй хүүхдүүд хоцрогдолтой болох магадлалтай. Үүнд сургууль анхаарах ёстой. Тиймээс биш бүх нийтээрээ сурагчдын дунд хоцрогдол үүснэ гэсэн үг биш л дээ. Дээр нь гуравдугаар улирлын амралт гэж байхгүй тул хүүхдүүдийн хувьд хаврын шалгалтаа өгч чадахгүй гэсэн асуудал үүсэхгүй.

-Төгсөх ангийн сурагчдын хувьд монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалт гуравдугаар сард товлогдсон байсан шүү дээ. Их, дээд сургуульд элсэх хүүхдүүдийн хувьд урт хугацааны амралт хүндрэл учруулж байгаа?

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг жил бүр товлодог хугацаандаа зургадугаар сарын 15 хүртэл зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Монгол хэл бичгийн тодорхой босго оноотой шалгалтыг гуравдугаар сарын 28-нд төлөвлөж байсан ч дахин хугацаа товлох шаардлагатай болж байна. Мэдээж нарийвчилсан зүйлүүд яригдна. Босго оноог өөрчлөх үү үгүй юу гэдгийг ярина.

-Эцэг эхчүүдийн зүгээс сурагчдыг өвөл нь амрааж, зун хичээллүүлж болдоггүй юм уу гэх саналыг тавьдаг. Энэ боломжтой юу?

-Ийм саналыг эцэг эхчүүдийн зүгээс их тавьдаг. Өвлийн амралтыг харвал хүүхдүүд гэртээ цоожлогдоод л үлдэж байна. Тиймээс эрс тэрс уур амьсгалтай Монголын нөхцөлд хүүхдүүд зун эрүүл агаарт гарч, амрах боломжтой үе нь зуны улирал. Хоёрдугаарт, Монгол Улс нүүдлийн соёлтой, ихэнх хүмүүсийн эдийн засаг мал аж ахуй дээр тогтож байна. Нийт хүүхдүүдийн 60 хувь нь хөдөө орон нутагт сурч байна. Зургадугаар сараас хойш сумдын сургуулиудад сурдаг хүүхдүүдийн 80 хувь нь эцэг эхтэйгээ гэртээ харьдаг. Тэгэхээр зургадугаар сараас хойш хичээллэсэн тохиолдолд сургалтын үйл ажиллагаа цалгарддаг. Мөн хаврын улиралд хүүхдүүд ядардаг тул хүлээн авах чадвар нь мууддаг. Энэ бол шинжлэх ухааны үндэстэй. Тиймээс бид аль болох зургадугаар сард хүүхдүүдийг амраах бодлого баримталж байна.

-Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа гуравдугаар сарын 30-нд эхлэхээр сурагчид бямба гариг бүрт хичээллэнэ. Энэ нь хүүхдүүдэд хэт их ачаалал өгөх юм биш үү?

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл эхлээгүй байна. Зургаан өдөр хичээллэхтэй холбогдуулан хүүхдүүдэд хичээлээ хүртээмжтэй хүргэх талаас бид анхаарч байна. Зургаан өдөр хичээллэхээр хүүхдүүд ядарна гэвэл ажил урагшлахгүй шүү дээ. Тиймээс салбарын яам, сургуулийн удирдлага, багш нар, эцэг эхчүүд, сурагчид гээд аль аль талаасаа л хичээх хамтран ажиллах уялдаа холбоотой байх учиртай.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж