"Цахилгаан автобусыг турших хугацаанд ноцтой зөрчил гараагүй”

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

"Цахилгаан автобусыг турших хугацаанд ноцтой зөрчил гараагүй”

"Цахилгаан автобусыг турших хугацаанд ноцтой зөрчил гараагүй”

Өглөө орой автобусны буудал “манаж”, товлосон чиглэлдээ амжиж суухаар уралдан гүйлддэг мянга мянган үйлчлүүлэгчийн нэг нь би. Тиймдээ ч нийслэлийн нийтийн тээврийн алдаа, оноог андахгүй. Нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах гэж нийслэлийн удирдлагууд бишгүйдээ л хичээн ажиллаж буй юм. Тухайлбал, цахим картын систем нэвтрүүлсэн. U-money буюу цахим картын системд иргэд дасах гэж тодорхой хугацаа өнгөрч, хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан. Харин одоо нийтийн тээврээр үйлчлүүлдэг ихэнх иргэд бэлэн мөнгө гэхээсээ илүүтэй U-money картаараа зорчоод дасчихжээ. Цахим карт нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн хэдий ч нийтийн тээврийн үйлчилгээ төдийлөн иргэдийн сэтгэлд нийцэхгүй хэвээр байна. Дуу чимээ ихтэй, хар утаа суунаглаж, бохир, хэзээ мөдгүй салж унах гэж байгаа нь нүдэнд илт харагдах болжээ. 

Нийтийн тээврийн газарт 1200 гаруй автобус бүртгэлтэй байгаагаас өдөр бүр 930-940 автобус их, дунд угсраа буюу троллейбус иргэдэд үйлчилдэг. Харамсалтай нь, 1200 автобусны 80-аас дээш хувь нь наймаас дээш жилийн насжилттай. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн насжилт нь 12 жил болоход үйлчилгээнээс хасагддаг журамтай. Үүний дагуу одоо үйлчилгээнд явж буй нийтийн тээврүүд 2021 онд үйлчилгээнээс хасагдана гэсэн үг юм. Тиймээс 2020 оныг нийтийн тээврийн салбарыг эрс шинэчлэн, 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах, хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ хэмээн нийслэлийн удирдлагууд ам гарсан удаатай.

Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар төв замаар явуулан туршиж эхэлсэн билээ. Тодруулбал, Америк, Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн цахилгаан автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ инженер техникийн ажилчид туршиж байгаа бөгөөд уг автобус нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 60 хувь зардал хэмнэдэг онцлогтой аж. Нийт 36 хүний суудалтай тус цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэгийг байгуулсан байна. Цаашид цахилгаан автобусыг цэнэглэх байршлуудыг нэмэхээр судалгаа гаргаж байгаа бөгөөд үйлдвэрлэгч компанийн зүгээс цахилгаан автобусанд найман жил, батерей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгсөн гэдгийг өмнө нь мэдээлж байсан билээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.


-Цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл турших юм байна. Цаашид туршилтыг үргэлжлүүлэх үү, эсхүл нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах уу?

-Нийтийн тээврийн салбарт 2009 оноос хойш парк шинэчлэлт хийгдээгүй. Тиймээс 2020 онд парк шинэчлэлт хийхээс гадна олон хувилбарт нийтийн тээврийн систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тэдгээрийн нэгээхэн хэсэг нь одоо туршиж байгаа цахилгаан автобус юм. Бид арав гаруй улс орны автобусуудыг туршиж үзээд, олон улсын чанар стандартад нийцсэн, улмаар Монгол орны эрс тэс цаг агаарт тохирох “Yinlong Energy” компанийн цахилгаан автобусыг оруулж ирсэн. 

Газар дээр нь очиж иргэд, зорчигч нартай уулзахад автобусны шил нь цантахгүй, буудлаа зарлахаас гадна давхар мэдээллийн самбараар мэдээлж байна, автобус дулаахан байна гэх эерэг зүйлс ярьж байсан. Үүнээс харахад иргэд цахилгаан автобусанд ам сайтай байх шиг байна. Туршилтын хугацаа дуусахаар цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэ жилийн хувьд харьцангуй дулаахан өвөл боллоо. Дараа жил цаг агаар эрс хүйтэрлээ гэж бодоход дээрх цахилгаан автобусууд эдэлгээ даах уу?

-“Туршилтын хугацаанд Монголын өвлийн улиралд ямар өөрчлөлт гарч байгааг нь үзэхээр гадаа хонуулсан.  Туршилтын хугацаанд одоогоор ноцтой зөрчил гараагүй” гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн газраас мэдээлсэн. Идэр есийн хүйтнийг даваад гарсан учраас цаашид нийтийн тээврийн салбарт ашиглах бүрэн боломжтой гэсэн шийдэлд хүрсэн. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд цахилгаан автобус болон дизель түлшний автобусыг хослуулаад явж байна. Тухайлбал, тог цахилгаан тасрахад цахилгаан автобус хөдөлгөөнд оролцох боломжгүй. Харин энэ эрсдэлийг дизель түлшний автобус нөхөөд явж байна. Цаашид бид ч энэхүү жишгээр явна.

Цаашид цахилгаан автобус нэмж авах нь ээ?

-Тийм ээ. Цахилгаан автобус нь эдийн засгаа бодсон ч тэр илүү хэмнэлттэй. 100 төгрөгөөр зардал гаргаад явж байгаа дизель автобус цахилгаанд шилжих юм бол 40 төгрөгийг зардал гаргаж 60 төгрөг хэмнэнэ. Тэгэхээр тэр хэмжээгээр төсөв мөнгө хэмнэгдэнэ гэсэн үг. Үүнээс гадна энэ онд хийгдэх нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нэмж хүүхдийн 200 автобустай болох төлөвлөгөөтэй байна.

Ерөнхий боловсролын сургууль түр хаагдахаас өмнө нийт 29 сургуулийн 3000 орчим хүүхдийг хоёр ээлжээр 33 чиглэлд 40 автобусаар зөөж байсан. Хүүхдийн 40 автобус хөдөлгөөнд оролцоход л түгжрэл гурван хувиар буурсан үзүүлэлтэй гарсан. Тиймээс хүүхдийн автобусны тоог нэмсээр түгжрэл буурч, нөгөө талдаа хүүхдүүдийн аюулгүй байдал бүрэн хангагдах юм.

Энэ онд нийтийн тээвэрт хийгдэх парк шинэчлэлтийг бүхэлд нь аваад үзвэл цахилгаан соронзон галт тэрэг, агаарын замын зорчигч тээвэр /агаарын такси/, тусгай замын автобус, цахилгаан автобус, эко такси зэрэг нийтийн тээврийн төрлүүдийг шинээр нэвтрүүлнэ. Мөн автобус, таксины парк шинэчлэлийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор шат дараалалтайгаар хийх, нийтийн тээврийн нэгдсэн удирдлагын системийг шинэчлэн нэвтрүүлэх тооцоо судалгаа хийж, цогц шийдлүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ шийдлүүдийг хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг 2025 он гэхэд 50 хүртэл хувиар бууруулж, нийтийн тээврийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Монголд 1200 автобус үйлдвэрлэх чадалтай машин, автобус үйлдвэрлэдэг таван компани бий. Тэд хүчээ нэгтгээд жилд 650 автобус, хоёр жилийн хугацаанд 1200 автобус үйлдвэрлэж, парк шинэчлэлтийг 100 хувь дотооддоо хийх боломжтой гэж мэдээлж байсан удаатай. Нийслэлийн удирдлагууд дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжихгүй БНХАУ-аас л автобус аваад байна хэмээн яригдаад байгаа шүү дээ. Ер нь өөрсдийнхөө хийсэн автобусыг туршиж үзсэн үү?

-Мэдээж туршиж үзэлгүй яах вэ. Туршиж үзэхэд тус цахилгаан автобус нь бүрэн цэнэгтэй үедээ 70 километр явахаас гадна цэнэглэлт хоорондын хугацаа нь хэтэрхий удаан 4-5 цаг байсан. Харин БНХАУ-аас оруулж ирсэн дээрх арван автобус бүрэн цэнэгтэй үедээ 200 километр явдаг. Автобусыг зориулалтын цэгт 15-20 минутад бүрэн цэнэглэх боломжтой.

Мөн -50+ 50 градуст ажиллах чадвартай, баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн, 12 м урттай 15-20 минутад бүрэн цэнэгээ авдаг давуу талтай. Түүнчлэн автобусны цонхууд хоёр давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй. Хэрэв чанарын шаардлага хангаж байвал аль болох дотоодын үйлдвэрлэлээ дэмжье гэсэн бодолтой байна. Одоогоор монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусыг “Автобус-3” дээр туршиж байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж