Гарри Рассел Жр: Н.Төгсцогт миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

Гарри Рассел Жр: Н.Төгсцогт миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг

Гарри Рассел Жр: Н.Төгсцогт миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг

Мэргэжлийн боксын WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөөх тулаан энэ сарын 9-нд АНУ-ын Пеннсилвани мужийн Аллентаун хотын “PPL Center” төвд зохион байгуулагдаж, аваргын бүсийг эзэмшигч өдгөө 31 настай Гари Рассел Жр. болон МУГТ, өдгөө 27 настай Нямбаярын Төгсцогт нар хүч үзсэн билээ. Нийт 12 үе үргэлжилсэн ширүүн тулааны эцэст шүүгчдийн шийдвэрээр ялагчийг тодруулахад 118-110, 116-112, 117-111 гэсэн харьцаатай Гари Рассел Жр. WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалан, мэргэжлийн боксын замналдаа 31-1 гэсэн амжилттай болсон. Та бүхэндээ тус тулааны дараа Гари Рассел Жр.-ын BadLeftHook сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Өнөөдрийн тулааныхаа тухай яриач. Таны өрсөлдөгч Н.Төгсцогт хэр байсан бэ?

-Энэ тулаан миний төсөөлж байсан шиг явагдлаа. Би хэцүүхэн өрсөлдөгчтэй тулалдана гэдгээ анхнаасаа мэдэж байсан. Түүнд олж авах бүх зүйл байсан бол алдах юм юу ч байсангүй. Төгсцогт биеэ сайн бэлдсэн нь харагдсан. Бид ч гэсэн түүнийг хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэдгийг мэдэж байсан л даа. Гэхдээ би өөрийнхөө гарын хурд, рингийг мэдрэх мэдрэмж, боксын чадавхи маань энэ тулаанд намайг илүү гаргана гэдгийг мэдрэх шиг болсон. Яг л ийм юм боллоо. Би түүний эрүүнд цохисоор л байсан боловч тэр миний цохилтоос бултаж чадсангүй. Тулааны хоёрдугаар хагаст би өөртөө “Гараа дээш өргө, урагшаа алх, хийж байгаа зүйлээ үргэлжлүүл, тулааныг удирд” гэж хэлсэн. Үүгээр ч болсон доо.

-Н.Төгсцогтыг өрсөлдөгчийн хувиар хэрхэн үнэлж байна вэ?

-Тэр бол үнэхээр миний тулалдаж байсан хамгийн сайн өрсөлдөгчдийн нэг. Би түүнийг дээд ангилалд хүмүүсийн хүлээлтэд хүрсэн тулаанч гэж бодож байна. Тэр ЖоЖо Диаз шиг сайн тулаанч гэдэг нь тодорхой. Би ЖоЖо Диазыг хүндэтгэдэг. Хэрэв Н.Төгсцогт цаашдаа энэ хэвээрээ хичээгээд байвал удахгүй ЖоЖо Диаз шиг дэлхийн аварга болно гэж би бодож байна.

-Энэ таны хөнгөн жинд хийсэн сүүлийн тулаан уу?

-Тийм ээ. Хэрвээ Лео Санта Круз надтай хөнгөн жинд тулалдахгүй гэвэл энэ миний сүүлийн тулаан. Би түүнтэй хагас хөнгөн жинд тулалдахад бэлэн байна. Гэхдээ үнэндээ надад хагас хөнгөн жинд тулалдах төлөвлөгөө алга байна. Би шууд 135 руу үсэрч, Гервонта “танк” Дэвисийн жингийн ангилалд очмоор байна. Тэр жинд очиж, Василий Ломаченкотой дахин тулалдмаар байна. Би үүнийг хөгжөөн дэмжигч, хэвлэл мэдээллийн төлөө бус өөрийнхөө төлөө хийх болно. Би өөртөө үүнийг хийж чадна гэсэн дэндүү итгэлтэй байна. Би буцаж ирнэ. Хагас хөнгөн жинд миний тулалдахыг хүсч байгаа хүн алга. Миний хагас хөнгөн жинд тулалдмаар байгаа ганц шалтгаан бол Тевин Фармер. Учир нь тэр миний тухай ярьж байсан. Би бол жинхэнэ тулаанч, жинхэнэ аварга. Тэгэхээр би намайг тулаанд дуудсан хүн бүрт хариуг нь өгөх болно. Би өөртөө дэндүү итгэлтэй байна.

-2020 онд дахин тулалдах бодол бий юу?

-Надтай өрсөлдөөн үзүүлэх тулаанч байгаа эсэхийг бид эхлээд харах хэрэгтэй байх. Миний жилд ганц тулаан хийж байгаа шалтгаан бол тэр олон залуучуудаас хэн нь надтай жинхэнэ өрсөлдөөнийг үзүүлж, аваргын бүсний төлөө бүхнээ зориулж, алдах юмгүй мэт тулалдаж чадах вэ, тийм л тулаанчийг би хүлээж байгаа юм. Би боксын спортын хамгийн нэр хүндтэй бүс болох WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байна. Яагаад бусад холбооны аваргууд энэ бүсний төлөө надтай тулалдахгүй байгаа юм бэ? Энэ л асуудал.

-Хоёр жин өгсөж тулалдана гэдэг хэцүү шүү дээ. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Би үүнийг хэцүү гэж бодохгүй байна. Би үүнд бэлтгэгдсэн. Намайг 135 руу өгсөж тулалдана гэхээр олон тулаанч шударга бус давуу тал үүснэ гэж бодож байгаа. Гэхдээ эцэст нь тэд надтай дуртайяа тулалдах л болно. Учир нь яг одоо надтай дуртайяа тулалдах өөр тулаан ч миний жинд алга.

-Та Гервонта Дэвистэй тулалдахыг хүссэн ч багийнхан нь түүнийг тантай тулалдуулахыг хүсэхгүй байгаа гэсэн. Та хоёр тулалдах болов уу?

-Дэвисийн хувьд одоо бэлэг эрхтэнээ л асарч байгаа биз. Тэрний баг ч мөн адил бэлэг эрхтэнээ л асарч байгаа. Новш шиг аашлахаа болих хэрэгтэй. Боксын спорт суларч байна. Олон тулаанч уруудаж байна. Би намайг тулаанд дуудсан хүн бүрт хариуг нь өгөх болно. Хэрвээ надтай тулалдахаар хэн нэгэн ирэх юм бол тулааны төгсгөлд би ялагч нь байх болно. Бид багаараа тулалдах болно. 200 паунд жинтэй байсан ч надад хамаагүй. Надтай тулалдахыг хүсч байгаа бол гараа сайн л өргөх хэрэгтэй. Учир нь би нүргэлэх болно. Энэ бол миний нэгэн төрлийн өвөрмөц байдал. Би өөрийгөө тулаанчийн хувиар мэдэрвэл илүү ухаалаг, уян хатан байдаг. Чи ч намайг тулаанчийн хувиар л харахыг хүсэх байх. Ямар баг тулаанчаа тулалдах хэрэггүй гэж хэлдэг байна аа. Зүгээр л утгагүй сонсогдож байна. Дэвис сонс, чи л хэнийг сонгож, хэнтэй тулалдах эсэхээ өөрөө шийдэх хэрэгтэй. Алив ээ, залуу минь би энд байна. Би дахиж ийм балай юм сонсохыг хүсэхгүй л байна шүү.

-Та Дэвисийг хэр сайн тулаанч гэж боддог вэ?

-Түүнийг сайн тулаанч гэж хэлэхгүй ээ. Би түүнийг сонирхогчийн бокст байхад нь хүндэлдэг байсан. Дэвисийг гэр бүл, хамаатан садан, найз нөхөддөө тус дэм болох хэмжээний хөрөнгө мөнгөтэй болсонд би баяртай байдаг. Гэхдээ түүнд надтай тулалдах хэмжээний чадвар байхгүй. Ийм л учраас тэр надаас хол байхын тулд Флойд болон бусадтай ойр байгаа юм. Тэд ч тулалдахыг хүссэн хүнээ сонгоно, би ч тулалдахыг хүссэн хүнээ сонгоно. Би надтай тулалдахыг хүссэн хүн бүртэй тулалдана. Алив ээ Дэвис, энэ тулааныг хөрсөн дээр буулгая, хөгшөөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж