Дэлхийн хөлбөмбөгийн шинэ үеийн нүүр царай Эрлин Холанд

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Дэлхийн хөлбөмбөгийн шинэ үеийн нүүр царай Эрлин Холанд

Дэлхийн хөлбөмбөгийн шинэ үеийн нүүр царай Эрлин Холанд

“NEWS агентлаг энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд сүүлийн үед цахиур хагалж буй, 19 настай Эрлин Холандын тухай хүргэхээр бэлтгэлээ. Тэрбээр хэний ч мэдэхгүй Австрийн Ред Булл багийн төлөө 16 тоглолтод 17 гоол оруулж, дэлхийн томоохон багуудын хараанд өртөж, өнгөрсөн нэгдүгээр сард Германы Бориуссиа Дортмунд багт 20 сая еврогоор нэгдээд байгаа юм. Та бүхэндээ хөлбөмбөгийн спортын шинэхэн нүүр царай болоод буй 19 настай хүүгийн тухай хүргэе.

Бага нас

Эрлин Браут Холанд нь 2000 оны долдугаар сарын 21-ний өдөр Английн Лидс хотод Норвегийн мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин Алф-Инг Холанд болон Гри Марита нарын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Түүний аав тухайн цаг үедээ Английн Ноттинхэм Форест, Лидс Юнайтед, Манчестер Сити зэрэг багуудад тоглож байсан, шаггүй хөлбөмбөгч байв.

Тэрбээр бага насаа Норвегийн Рогаланд мужийн Брайне хэмээх хотод ах Астор Холанд болон охин дүү Габриелле Холанд нарын хамтаар өнгөрөөсөн байна. Багаасаа хөдөлгөөнтэй хүүхэд байсан түүнийг эцэг эх нь хөлбөмбөг, гольф, хөнгөн атлетик, гандбол гээд байж болох бүхий л спортоор хичээллүүлжээ. Харин 2006 онд зургаан насандаа Эрлин Холанд орон нутгийнхаа Брайне хэмээх хөлбөмбөгийн багт элсэн орж, дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болох эхлэлээ тавьжээ. Өөрийгөө бэлтгэлийн заалнаас холдуулж чаддаггүй байсан тэрбээр 2015-2016 оны улиралд Брайне багийнхаа нөөцийн багт дэвшин тоглож, 14 тоглолтод 18 гоол оруулж, үндсэн багт тоглох эрхтэй гэдгээ харуулжээ.

2016 оны тавдугаар сарын 12-нд Эрлин Холанд 15 насандаа мэргэжлийн хөлбөмбөгийн анхны тоглолтоо Норвегийн хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн Ранхейм багийн эсрэг хийн, мэргэжлийн хөлбөмбөгт “дарийн утаа” үнэрлэв. Мөн тэрбээр Брайне багт байхдаа Германы 1899 Хоффенхейм багт тоглохыг хүсч шалгуулсан ч тус баг нь түүнийг авахаас татгалзсан байна.

Мэргэжлийн тамирчны замнал

15 насандаа мэргэжлийн хөлбөмбөгийн анхны тоглолтоо хийсэн Эрлин Холандыг 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Норвегийн дээд лигийн Молде баг худалдан авч байгаагаа албан ёсоор зарлав. 16 настай залуу хүү Молде багийн төлөөх анхны тоглолтоо дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Норвегийн лигийн цомын тэмцээнд Волда багийн эсрэг хийж, гоол оруулснаар баг нь өрсөлдөгчөө 3-2 гэсэн харьцаатай хожиж, дараагийн шатанд шалгарав. Эрлин Холанд 2017-2018 оны улиралд Молде багийн төлөө 20 тоглолтод оролцож, 4 гоол оруулсан юм.

Жинхэнэ тэсрэлт 2018-2019 оны улиралд тохиолоо. Тэрбээр 2018 долдугаар сарын 1-ний өдөр Бранн багийн эсрэг 21 минутын дөрвөн гоол оруулж, тухайн үед түүний тоглолтыг харах гэж ирсэн Манчестер Юнайтед багийн скоутыг бишрүүлж орхив. Сонирхолтой нь, түүний Молде багийн дасгалжуулагч өдгөө Манчестер Юнайтед багийг дасгалжуулж буй Оле Гуннер Сульшер байсан юм. Ийнхүү дэлхийн шилдэг довтлогчдын нэг болж чадна гэдгээ харуулсан тэрбээр тухайн улиралдаа 30 тоглолтод 16 гоол оруулсан Норвегийн хөлбөмбөгийн дээд лигийн оны шилдэг цахиур хагалан гарч ирсэн тоглогчийн шагналыг хүртэв. Өөрийгөө бага багаар дэлхий нийтэд таниулж байсан түүний хойноос олон баг хөөцөлдсөн ч даруухан Австрийн Ред Булл Салзбург багтай таван жилийн гэрээ байгуулсан юм.

Рекорд тогтоон дэлхий нийтэд өөрийгөө зарлав

Австрийн Ред Булл Салзбург багтай таван жилийн гэрээ үзэглэсэн 18 настай хүү 2019 оны Польш улсын Люблин хотод зохион байгуулагдсан 20 хүртэлх насны ДАШТ-д Норвегийн залуучуудын шигшээ багтай оролцов. Эрлин Холандад Английн шигшээ багийн нэр дээрээс тоглох боломж байсан ч тэрбээр төрөлх Норвеги улсынхаа төлөө тоглохыг илүүд үзсэн юм.

2019 оны тавдугаар сарын 30-нд Эрлин Холанд 20 хүртэлх насны ДАШТ-ий хэсгийн шатанд Гондурасын эсрэг тоглолтод 9 гоол оруулан, баг нь өрсөлдөгчөө 11-0 гэсэн харьцаатай хожин, шигшээ багийнхаа түүхэн дэх хамгийн том ялалтаа авав. Эрлин Холанд өөрөө тус тэмцээний түүхэнд нэг тоглолтод хамгийн олон гоол оруулсан тоглогч болж, түүхэнд нэрээ тэмдэглэн үлдээсэн юм.

Харамсалтай нь, Норвегийн 20 хүртэлх насны шигшээ баг хэсгээсээ цааш шалгарч чадаагүй ч Эрлин Холанд тус ДАШТ-ий шилдэг мэргэн бууч болж “Алтан шаахай” шагналын эзнээр тодров. Ийнхүү гайхалтай формтой байсан тэрбээр 2019-2020 оны улиралд Австрийн дээд лигт хийсэн эхний дөрвөн тоглолтдоо зургаан гоол оруулсан бахдам амжилт үзүүлсэн юм.

Европын хөлбөмбөгт шилдэг нь болсноо харууллаа

Эрлин Холанд 2019 оны есдүгээр сарын 14 гэхэд Ред Булл Салзбург багийн төлөө хэдийнэ гурван хэт-трик буюу нэг тоглолтод гурван гоол оруулсан амжилт үзүүлээд байлаа. Тэрбээр Австрийн дээд лигт дэндүү "ганган" байж, эхний 7 тоглолтод 11 гоол оруулаад зогсохгүй Европын хөлбөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн хэсгийн шатанд гоолын бороо оруулсан.

УЕФА Аваргуудын лигийн анхны тоглолтоо Бельгийн Генк багийн эсрэг хийж, Аваргуудын лигийн анхны гоолоо болон анхны хэт-трикээ толилуулав. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн жилийн УЕФА Аваргуудын лигийн аварга Английн Ливерпуль багийн Энфилд цэнгэлдэхэд зочлон тоглож нэг гоол, дараа нь Италийн Наполи багийг талбайдаа хүлээн авч тоглосон тоглолтод хоёр гоол тус бүр оруулан түүхэнд дахин нэг удаа нэрээ тэмдэглүүлэв.

Тэрбээр УЕФА Аваргуудын лигийн түүхэнд хамгийн залуудаа эхний гурван тоглолтдоо дараалан гоол оруулсан амжилтыг Карим Бенземагийн хамтаар эзэмших болсон. Мөн УЕФА Аваргуудын лигийн түүхэнд эхний гурван тоглолтдоо хамгийн их буюу зургаан гоол оруулсан тоглогч болов. Тэр оролцсон тэмцээн, очсон баг бүртээ удаа дараа дээд амжилтуудыг эвдэж байлаа.

Эрлин Холанд УЕФА Аваргуудын лигт хийсэн эхний таван тоглолтдоо дараалан гоол оруулсан Кристиано Роналдо, Роберт Левандовски, Нэймар гэх зэрэг агуу тоглогчдын эгнээнд элссэн юм. Европын хамгийн том тэмцээнд өөрийгөө харуулсан түүний араас Английн Манчестер Юнайтед, Арсенал, Германы Бориуссиа Дортмунд, Италийн Ювентус, Испанийн Барселона зэрэг бүхий л томоохон багууд хөөцөлдөж байлаа.

Хэний ч төсөөлөөгүй багт, хэний ч төсөөлөөгүй үнээр

Австрийн Ред Булл Салзбург багт хагас улирлыг өнгөрүүлсэн Эрлин Холанд тус багийн төлөө 16 тоглолтод оролцож 17 гоол оруулаад байсан юм. Гэвч УЕФА Аваргуудын лигт үзүүлсэн гайхалтай тоглолтынхоо ачаар 2020 оны нэгдүгээр сарын өвлийн солилцоо наймааны цонхоор багаа солих нь ойлгомжтой болоод байв.

Түүний наймааны талаар олон арван мэдээ цаг бүрт гарч байлаа. Жишээлбэл: Лионель Месси Эрлин Холандыг Барселонад авчрахыг хүссэхгүй байгаа учир Барселона наймаанаас нэрээ татлаа, Эрлин Холанд яг одоо Англи руу тэр тусмаа Лондон хотод Арсеналын бэлтгэлийн баазаар зочилж байна, Манчестер Юнайтед багийн дэд ерөнхийлөгч Эд Вудвард Эрлин Холандтай хувийн гэрээгээ тохирсон одоо харин түүний наймааны мөнгөн дүнг шийдэж байна, Эрлин Холанд багаасаа Кристиано Роналдог шүтэж өссөн тиймээс тэр Ювентус багт очно гэх мэт янз бүрийн мэдээг хэвлэлийнхэн гаргаж байлаа. Гэвч тэрбээр гэнэтийн шийдвэр гаргаж Германы Бориуссиа Дортмунд багт ердөө 20 сая еврогоор ирсэн нь олон хүний гайхшралыг төрүүлж байлаа.

Олон хүн түүнийг Германы хөлбөмбөгт дасах гэж удна гэж байлаа. Дормтундын дасгалжуулагч Лусьен Фавре ч хүртэл түүнийг сэлгээнээс тоглуулах шийдвэр гаргасан. Гэвч түүнд Германы хөлбөмбөгт дасах гэж хугацаа шаардлагагүй байжээ.

Германы Бундеслигийн эхний тоглолтоо Аугсбург багийн эсрэг хийж, тоглолтын 56 дах минутад талбайд сэлгээгээр гаран 23 минутын дотор хэт-трик буюу гурван гоолыг оруулж өөрийгөө дийлдэшгүй гэдгээ харуулсан.

Эрлин Холанд одоогийн байдлаар Бориуссиа Дортмунд багийн төлөө 7 тоглолтод оролцож 11 гоол оруулаад байна. Хамгийн сүүлд л гэхэд урд шөнө УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд Францын Парис-Сен Жермен багийн хаалганд хоёр гоол оруулж, ямар ч том багийн эсрэг гоол оруулж чадна гэдгээ харуулсан.

Түүний одоогийн зах зээлийн үнэ 60 сая еврогоос эхэлж байна. Энэ жил дөнгөж 20 нас хүрэх түүнийг гэрэл гэгээтэй ирээдүй хүлээж байна. Та түүний нэрийг сайн цээжлээд аваарай, Норвегийн 19 настай залуу хүү Эрлин Холанд…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж